Монголын поп дива нарын нэг, МУСТА С.Наранг “Уран бүтээлч” буландаа урьж ярилцлаа. Хүчирхэг дуу хоолой, ягаан үс, хар нүдний шилийг имиж болгосон Хөвсгөл нутгийн дуучинтай энэ удаад уран бүтээл, хүүхэд нас, нутаг усны талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Хөвсгөлийн С.Наранг монголчууд төдийгүй дэлхий танина. Хүчирхэг дуу хоолойтой дуучин бүсгүй маань багадаа ямар хүүхэд байсан нь уншигчдад сонирхолтой байх болов уу. Хэр дэггүй охин байв?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд аравдугаар анги хүртлээ суралцаж төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд Кино драмын ангид 1991 онд элсэн суралцаж байлаа. Хүүхэд байхдаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Олон нийтийн ажилд идэвхтэй, дуулж хуурддаг, анги хамт олноо, найз нөхдөө олон нийтийн ажилд их уриалдаг хүүхэд байсан. Хүүхэд нас мэдээж гэгээлэг, цагаахан. Би социалист нийгэмд өсч төрж, хүмүүжсэн гэдгээрээ бахархдаг. Хүний зан чанар эвдрээгүй, аюулгүй, муухай юм тэр болгон хүнээс гараад байдаггүй тийм цаг үед өсч хүмүүжсэндээ баярладаг. Тэр үед хүүхэд байсан хүмүүсийн хүмүүжил их өөр байдаг шүү.
-Дуучин болох таны багын мөрөөдөл үү. Яагаад жүжигчин мэргэжил эзэмшсэн юм бэ?
-“Шар” Пагма гээд дуулдаг охин байсан юм. Нэг өдөр би Орос хэлдээ бэлтгэх гээд багшийнх руугаа явж байтал Драмын театрын үүднээс “шар” Пагма намайг далладаг юм байна. Очсон чинь энд Кино драмын ангийн шалгалт авч байна, хоёулаа хамт өгөх үү гэлээ. Тэгээд л сонирхоод шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Эхний өдөр нь шүү, бүр. Хүний хувь тавилан өөрийн эрхгүй л хөтөлдөг юм билээ. Би дуучин болно гэж боддоггүй байсан. Гэхдээ багаасаа л дуулж байлаа. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь л надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Зөв замаар явж байгаа гэж боддог юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу