Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Хүрэлсүхийн Энхжаргал
НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэжээ. Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.