Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт таван байршилд 404 улсын байцаагч ажиллаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Чингисийн талбай, Хүүхдийн парк орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд худалдаа, хоол хүнсний чиглэлд болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Байцаагчид өнөөдөр Хүй долоо худгаас 80 кг, Төв цэнгэлдэхээс 27 кг махыг хураан авсан байна. Учир нь наадмын хуушуур хийж буй зарим үйлчилгээ эрхлэгчид өмнөх өдөр нь махаа амталж хонуулснаас муутгасан тохиолдол гарсан гэдгийг албаныхан хэллээ.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 1000 гаруй иргэд, аж ахуй нэгж хоол үйлдвэрлэх эрх авсан байна. Эдгээр аж ахуй нэгжүүдэд сарын өмнөөс зөвлөмж хүргэж, сургалт зохион байгуулсан гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд стандартын дагуу ажиллаж, иргэд хоолны хордлого авахаас сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа. Мөн баяр наадмын өдрүүдэд явуулын хоёр лабораторийг ажиллуулж, хуушуур болон айрганд шинжилгээ хийж ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсан дээр 51 мэргэжилтэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
E.toim.mn