“Ази, Европын Түмний чуулган”-аар …

13713388_1741172156151325_1585041386_n

  1. Бодлогын төөрөгдлийг шүүмжлэв

“АСЕМ – 11” буюу Ази, Европын 11 дүгээр уулзалтын /Asia – Europe Meeting/ хүрээнд болсон томоохон арга хэмжээнүүдийн нэг нь Ази, Европын ард түмний 11 дүгээр чуулган /The 11 Asia – Europe People”s forum/ юм.

Энэхүү чуулган 2016 оны 7 сарын 4-ээс 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон бөгөөд Ази, Европ, Америк тивийн 42 орноос нийтдээ 500 гаруй төлөөөгчид оролцож, дэлхий нийтийн өнөөгийн тулгамдсан, нийтлэг асуудлуудыг гурван өдрийн турш хэлэлцэн, АСЕМ-ийн үндсэн хуралдаанд болон АСЕМ-ийн гишүүн орнуудын Засгийн газар, төр засгийн тэргүүнүүдэд өргөн барих ТУНХАГЛАЛ хийгээд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан юм. .

Чуулганы нээлтэн дээр Европын холбооны төлөөлөгч Марко Ферригийн хэлсэнчилэн “…дэлхийн хамгийн олон орноос Иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор цуглуулж чаддаг бараг цорын ганц арга хэмжээ” гэдгээрээ уг чуулган ихээхэн онцлог ажээ.

Зохион байгуулах хорооны гишүүд болох “Трансперанси Интернэйшнл-Монгол” байгууллагын тэргүүн, судлаач Л.Төр-Од, Филиппиний төлөөлөгч, “Өөрчлөлтийн төлөөх нийгмийн хамгааллын сүлжээ”-ний зохицуулагч Марис Дела Круз нар чуулганыг нээсэн бөгөөд үүний дараа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэрчлэн Европын холбоо, “Форум Ази” байгууллага, Их Британийн нэгдсэн вант улс дахь “Фрэш Айз” байгууллага, Энэтхэгийн Джавахарлал Неругийн Их сургууль, Германы “Рух” их сургуулийн төлөөллүүд үг хэлж, улмаар нэгдсэн хуралдаан эхэлсэн юм.

Ази Европын  түмний Ес дүгээр чуулганыг хамтран зохион байгуулагч Лаосын нийгмийн зүтгэлтэн Сомбат Сомфон гэгч хүн 2014 онд 10 дугаар чуулган болж өндөрлөсний дараахан Миллиан хотын цагдаагийн газрын үүдэн дээрээс гэнэт алга болсон ба өнөөг хүртэл олдоогүй,  сураг ажиг байхгүй байгаа,  гэтэл Лаосын Засгийн газар, цагдаагийн байгууллага энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй, эрж хайх талаар ямар нэг оролдлого хийхгүй өдий хүрч байгаа нь Сомбатын гэр бүл, ойр дотныхон хийгээд Лаос болон Ази, Европын иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн урмыг хугалахаас гадна ихээхэн хачирхал төрүүлж байгаа тухай нэгэн содон явдал чуулганы нээлтийн үеэр яригдсан.

Сомбат Сомфоны эхнэр Шуй-Мэнгийн Ази Европын түмний 11 дүгээр чуулганы төлөөлөгчдөд хүргэх үгийг “Форум Ази” байгууллагын гүйцэтгэх захирал Эвелин Балайс Серрано уншиж сонсгосон бөгөөд түүнд болсон үйл явдлын талаар тодорхой дурьдахын зэрэгцээ, энэ нь зохион байгуулалттай, өнөөгийн олон улсын практикт хэлэгддэгчлэн “хүчээр алга болсон” гэмт ажиллагаа гэдэг нь нэгэнт илэрхий болсон. Тиймээс Ази Европ төдийгүй, дэлхий дахины түмний үйл хэрэгт нэгдэгсэд энэ мэт гэмт ажиллагаанаас сэрэмжлэн болгоомжлохыг сануулаад, Сомбат Сомфоны үйл хэрэг мөхөөгүй, бид бүгдээрээ нэгдэж, тэгш эрх, шудрага ёсны төлөө тэрхүү үзэл санаа, үйл хэргийг улам хүчирхэгжүүлэн үргэлжлүүлэх болно гэдгийг илэрхийлж, Сомбат Сомфоны үйл хэрэг амьд гэдгийг ямагт сануулахыг хүсэж, уриалсан үгээр төгссөн байв.

Мөн нээлтийн үеэр Их Британы “Фрэш Айз” байгууллагын төлөөлөгч Анди Рутфорд Байгалийн баялгийг шударга бусаар цөлмөж буй корпорацуудын эрх мэдлийг хязгаарлахын төлөө бүгдээрээ хамтрах ёстойг онцлон сануулсан бол Германы “Рух” их сургуулийн профессор Себастьян Берсик Ази Европын чуулган нь бүх талын оролцооттой, хамрах хүрээ өргөн зэрэг ололттой талуудтай ч чуулганаас гарсан зөвлөмж, тунхаглалыг Засгийн газрууд бодлого үйл ажиллагаандаа тусгаж хэрэглэдэггүй, албан ёсны шийдэл болгодоггүйг шүүмжилсэн. Түүнчлэн АСЕМ-д АНУ элсэхгүй байгаа нь бас нэг томоохон асуудал гэдгийг анхааруулж байлаа.

13713440_1741172276151313_448471217_n

  1. “Шууд хөрөнгө оруулалт хөгжлийн түлхүүр биш”

Чуулганаар хэлэлцсэн асуудлууд нь:

  • -Байгалийн нөөцийн шударга хувиарлалт, янз бүрийн бүс нутаг дахь уул уурхайн үйл ажиллагаа,
  • -Нийгмийн шударга ёс,
  • -Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний тогтолцоо,
  • -Худалдаа ба хөрөнгө оруулалт,
  • -Засгийн газар болон корпорацуудын эрх мэдэлд дулдуйдаж, газрыг булаан авч буй үзэгдлүүд,
  • -Энх тайвныг бэхжүүлэх асуудал, Ази, Европ дахь энх тайван аюулгүй байдлын нөхцөл, хандлага, сорилтууд,
  • -Тероризм, фундаментализм, шилжин суурьшилтын асуудал
  • -Оролцооны ардчилал
  • -Хүнсний аюулгүй байдал, хүнсний бүрэн эрх
  • -Цагаачид, дүрвэгсдийн асуудал
  • -Дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнүүд ба ажилчдын эв санааны нэгдэл
  • -Ази номхон далайн тэнгис дэх хүнсний нөөц, түүний баталгаат байдал,цэрэгжилт
  • -Авлигын нөхцөл байдал, түүний эсрэг олон улсын туршлага
  • -Аялал жуулчлалын өнөө, ирээдүйн хандлага, тулгарч буй асуудлууд
  • -Өрийн асуудалтай холбоотой Ази, Европ түмний тэмцэл гэсэн үндсэн сэдвүүдэд хуваагдаж, сэдэв тус бүр нэг цаг гучин минутын хугацаатайгаар дөрвөн газарт, долоогоос найман танхимд зэрэг явагдаж байлаа.

Нэгдсэн хуралдаанд илтгэл тавьсан Филиппиний төлөөлөгч Лиди Накпил Ази Европын чуулган 2014 онд Миллианд чуулсанаас хойш дэлхийн хямрал улам ч гүнзгийрсэн нөхцөл байдалтай байгааг чухалчилан дурьдсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт болон түүнтэй холбоотой хүчин зүйлүүд тэргүүлэх асуудал болж байгааг онцлов. Тэрбээр уур амьсгалын дулааралтын хэмийг цельсийн 1 градусаас өсгөхгүйгээр тогтоон барих төлөвлөгөөтэй байсан ч энэ нь талаар болсон болохоор одоо 1.5 градусаас өсгөхгүй барихыг зорилт болгох болсон. уур амьсгалын дулааралт дунджаар 1 градусаар нэмэгдсэнээс дэлхий даяар үлэмж их эрсдэл бий болж байна. Тиймээс малтмал түлш ашиглахаас татгалзах, элдэв хиймэл шийдлүүдийг зогсоохын төлөө иргэний нийгэм хүч бололцоогоо дайчлах ёстой хэмээсэн.

    Тэрчлэн нэгдсэн хуралдаан дээр Монголын төлөөлөгч, Тогтвортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Санчир хэлэхдээ: Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт л орж ирвэл эдийн засаг хөгждөг гэсэн хэт туйлширмал сурталчилгаа явуулж бодлогоо түүнд захируулдаг нь буруу. Бодит байдал дээрээ бол хөрөнгө оруулалтыг шууд нэвтрүүлсэн улс орон хөгжиж байсан түүх байхгүй. Өнөөгийн нөхцөлд гэхэд хамгийн сайн хөгжиж байгаа гэгдэх Хятад, Австрали улсын аль аль нь хөрөнгө оруулалтыг шууд нэвтрүүлдэггүй хатуу хуультай. Тиймээс Монголын хувьд 100 хувийн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж хөгжинө гэсэн төөрөгдмөл мөрөөдлөөсөө хурдан салах хэрэгтэй гэдгийг сануулж байв. Үүнтэй холбогдуулан Монгол орны усны нөөцийн асуудалд анхаарах ёстойг ч онцлон авч үзсэн ба 2040 он хүртэл гаргасан прогнозоор усны нөөцийн болон уур амьсгалын өөрчлөлтын эрсдэлээрээ Монгол улс дэлхийд эхний тавд багтаж байгаа гэсэн судалгааны дүнг танилцуулсан.

Тэгвэл Францын “АТТАС” байгууллагын төлөөлөгч Кристоф Агуйтоны илтгэлд мөн л энэ асуудал хөндөгдсөн бөгөөд Засгийн газруудын бодлогын хандлагад Байгаль орчин, Соёлын асуудлыг орхигдуулж, зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг хэмждэг гажуудал амь бөхтэй оршин байгаа нь хямрал, мухардлын гол шалтгаан болж байна гээд ийм үзэл баримтлалыг бусдад түгээж, экспортлогч АНУ нь бодит нөхцөл байдлын улмаас дэлхийд тэргүүлэх байр сууриа алдаж байгаа бөгөөд өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэдгийг дурьдсан юм.

13706146_1741172439484630_1002373625_n

  1. Нүүрснээс татгалзах нь нийтийн үйл хэрэг болжээ

Салбар хуралдаануудын үеэр илтгэгчдийн илтгэлтэй холбогдуулж, асуулт хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ орон, орны төлөөлөгчид өөрсдийн улс орон дахь асуудлууд хийгээд ололт, дутагдлын талаар харилцан мэдээлэл солилцож, гарц шийдлийн тухай ч саналаа хуваалцаж байсан нь сонирхолтой байв.

Тухайлбал Байгалийн нөөцийн шударга хувиарлалтын талаарх салбар хуралдаанд Филиппин дэх “Нүүрсний эсрэг олон улсын сүлжээ” байгууллагын Керру Арренсес хэлэхдээ “Олон улсын гэрээ тухайлбал Парисын гэрээний дагуу улс орнуудын Засгийн газрууд нүүрсэн дээр суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг бууруулах амлалт авсан байдаг ч хэрэг дээрээ үүнийгээ биелүүлэхгүй, бодлого төлөвлөлт нь харин ч нүүрсний эрчим хүчийг нэмэгдүүлэх байдлаар хийгдэж хэрэгжсээр байгаа нь харамсалтай байна гэсэн. Гэхдээ хүссэн хүсээгүй дэлхий нийтийн ерөнхий хандлага нүүрснээс татгалзах чиг рүү явах болно гэдгийг онцлоод, Норвеги улс өнөөгийн байдлаар нүүрсний гаралтай эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэр гаргасан, Хятадын 13 мужид шинээр нүүрсний цахилгаан станц барихгүй гэж зарласан, Филиппинд нүүрсний үр дагаварыг сайтар судлах болсон гэх мэт ололттой жишээнүүд дурьдаж байв. Тэрчлэн Европд нүүрсний төслүүдийг зогсоох шийдэл гаргаж байхад Азид нүүрс ашиглаж, цахилгаан үйлдвэрлэх технологи бүхий 1500 орчим үйлдвэрийн төсөл боловсрогдох болон хэрэгжих шатандаа явагдаж байгаа нь санаа зовоосон зүйл юм” гэж байв

Индонезийн ойн судалгааны хүрээлэнгийн судлаач Сайрлин Сиагианы ярьснаар Индонез улс нь дэлхийд гуравт орох ойн нөөцтэй, 17000 арлаас бүрдэх хамгийн том арлын орон бөгөөд Засгийн газар нь Индонезийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах төлөвлөгөө гэгчийг гаргасан нь харин ч эсрэгээрээ нийгэм, экологийн хямралыг хурдасгах төлөвлөгөө болсон хэмээн судлаачид, иргэний нийгмийнхэн үзэж байгаа аж. Энэ улсад урьд нь нийтдээ 12 мянган га газрыг эрчимтэй тариалалт, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан бол тус төлөвлөгөөг баталснаар 100 мянган га газрыг тухайн чиглэлээр ашиглахаар болж нэмэгдэж байгаа, түүнчлэн эрх мэдлээ ашиглаж энгийн оршин суугчид, уугуул иргэдийн газрыг булаан авах үйлдэл гаарах хандлагатай болсон тул иргэний нийгмийн байгууллагууд хөдөлгөөн үүсгэж, дор хаяж 20 мянган га газрыг төлөвлөлтөөс чөлөөлж, ой хэвээр нь үлдээж, ард иргэдийн амжиргаанд зориулахыг шаардаж байгаа юм байна.

Энэтхэгт газрын эрхийг зөрчих явдал ихээхэн газар авсан, аюулгүй бүс гэх нэрийдлээр цэрэгжсэн дэглэм бүхий аялал жуулчлалыг бий болгох болсон, цэргийнхэн бизнесийн эрх мэдлийг гартаа авах замаар “газар булаах” ажиллагааг хамгаалдаг, одоогийн Засгийн  газар нь бизнесийн бүлэглэлүүдтэй нийлж 500 гектар газрыг тариаланчдаас булааж аваад үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар ашиглах болсон тухай энэтхэгийн төлөөлөгч Симеш Мандалассер, Вайшали Пакит нар ярьж байв.

Мөн Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн Ногоон парламентийн тэргүүлэгч гишүүн Энхцэцэгийн илтгэлд: Монгол улс 1992 онд Уур амьсгалын хүрээ хэмээх олон улсын конвенцид мөн Парисын тунхаглалд нэгдсэн, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр гаргаж баталсан байдаг боловч иргэд олон түмэн энэ талаар мэдээлэл байдаггүй, Иргэний нийгмийн дунд энэ асуудал огт яригдалгүй явж ирсэн тухай үгүүлсэн. Монгол орны газар нутгийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртсөн, дулааралт зарим газраа ердийн дундажаас 2.6 хэмээр нэмэгдсэн зэрэг онцгой нөхцөл байдлыг анхааран үзэж яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолж байв..

Харин ОХУ-ын төлөөлөгч, судлаач Игор Шкрадиюкын хувьд дээрх дээрх бэрхшээлтэй асуудлуудыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх эрдэм шинжилгээ судалгааны тойм мэдээллийг толилуулсан нь гойд сонирхолтой байв. Түүний танилцуулснаар наранд дэлхийн эрчим хүчний хэрэглээнээс 1.0 сая дахин их эрчим хүч агуулагдаж байдаг байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд нарны, салхины, усны, мөн нанотехнологийн түвшин дэх эрчим хүчний эх үүсвэрийн нөөц боломжийн судалгаа, гаргаж авах, цахилгаан болгож ашиглах технологууд боломжийн түвшинд бий болсон, тэр ч байтугай шинжлэх ухаанысудалгааны түвшинд  2040 оноос хойш хэт өндөр температурыг дамжуулах технологи, хүйтэн нэвтрэлтийн технологи, изотерм, термо цахилгаан конвертер гэх мэт өндөр технологуудыг нэврүүлэх төсөөлөл ч бий болсон гэнэ. Цаашид эдгээрийн эерэг сөрөг, үр дагаварыг сайтар судлах шаардлагатай бөгөөд судалгаа ч хийгдэж байгаа тухай Игор Шкрадиюк ярьсан юм.

13689719_1741172719484602_39574750_n

  1. Дулааралт, тероризм, дүрвэгсэд, фундаментализм

       Чуулганыг ажиглаж байхад  нэн ялангуяа эрчим хүчний бодлогын хувьд дэлхий нийтээрээ тогтолцооны цогц өөрчлөлт хийх явдал хүссэн хүсээгүй шаардагдаж байгаа нь тодорхой болсныг мэдэрч болохоор байв.

Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний тогтолцоо сэдэвт салбар хуралдаанаас нэгдсэн тунхаглалд тусгуулахаар гаргасан саналуудыг авч үзэхэд “бүх улс орны эрчим хүчний салбарыг төрийн мэдэлд байлгах, хувьчлагдсан бол эргүүлэн төрд шилжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр дагаварыг нь сайтар тооцсоны үндсэн дээр сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх шийдэлд тэмүүлэх, төлөвлөлтийг эрчимжүүлэх, био түлшийг эрчим  хүчний хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг Африкийн жишээн дээр судлаж хэрэглэх гэх мэт, улс орон бүр өөрийн онцлогт тохирсон эрчим хүчний шилжилтийн арга замаа тодорхойлох, улмаар уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн асуудлаарх даян дэлхийн стратеги боловсруулах гэсэн зарчмын асуудлууд дээр төвлөрч байв.

Дэлхий нийтийн санааг зовоож, түгшүүр төрүүлсээр байгаа нэг зүйл бол тероризм, шашны хэт даврагчид буюу фундаментализм, түүнтэй холбоотой олон улс орныг хамарсан дүрвэлт, шилжин суурьшилтын асуудал юм. АСЕМ-ийн Түмний чуулганы хэлэлцэх асуудлаас энэ сэдэв орхигдохгүй нь мэдээж.

Салбар хуралдааны үеэр Пакистаны ажилчны намын төлөөлөгч Пароок Тарик тухайн өдрийн өмнөх өдөр буюу 7 сарын 4-нд Чадын Мадина хотод шашныг сурталчилах зорилгоор бас нэгэн алан хядлага болсныг мэдээлсэн нь уг асуудал байнгын хурцадмал шинжтэй байгааг илүү тод илэрхийлж байх шиг санагдсан. Хуралдаан дээр АНУ-ын Сирийг ноёрхох гэсэн бодлого, Лалын болон Энэтхэг дэх фундаментализм, Ирак, Сири дэх Жихадын хөдөлгөөн, Исламын улс гэгчийн явуулж буй цуврал алан хядлага, тэдгээрийн улмаас бий болсон дүрвэгсэд цагаачдын асуудлыг авч үзсэн. Сүүлийн жилүүдэд зөвхөн Афганистанаас гэхэд 2.0 сая хүн, бусад орнуудаас 25.0 сая хүн нутгаа орхин дүрвэсэн, дүрвэгсдийг хүлээн авч нутагшуулах талаар улс орнууд нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа, Их Британ буюу Англи улс гэхэд энэ асуудлаас үүдэн улсынхаа иргэдийн дунд ард нийтийн санал асуулга явуулж Европын холбооноос гарахаар шийдвэрлэсэн, тэр ч байтугай Европын холбоо гэхэд л гишүүн орнуудынхаа нутаг дэвсгэрт дүрвэгсдийг хүлээн авч нутагшуулах боломжгүй гэсэн байр суурь баримтлаж байгаатай холбоотойгоор бэрхшээлтэй нөхцөл байдлууд ноёлж, улс орнуудын хоорондын ойлголцол, нэгдсэн байр суурь хүлээгдсээр байгаа гэх мэт хурцадмал шинжтэй нөхцөл байдал нэгэнт бий болжээ. Харин Европын холбооны төлөөллийн зүгээс тус холбоо нь шилжэн сууршигчдад туслах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бодлогыг тууштай баримтладаг бөгөөд үүнтэй холбоотой баримт бичиг ч гаргасан. Шилжин суурьшигчдын эрхийг хүндэтгэх тухай хууль гаргах хэрэгтэй байгаа бөгөөд энэ талаар ч ажиллаж байгаа гэж мэдэгдсэн.

  1. Чуулганы ТУНХАГЛАЛ хийгээд Монгол дахь НЕОЛИБЕРАЛИЗМ-ын сүүдэр

Чуулганы сүүлчийн өдөр бүх салбар хуралдаанаас чуулганы нэгдсэн тунхаглалд тусгуулах саналуудыг боловсруулж ирүүлсэн бөгөөд тэдгээр саналуудыг нэгтгэж нэгдсэн тунхаглалыг гаргасан.

ТУНХАГЛАЛД:

-Салбар хуралдаануудын үеэр хөндөгдсөн дэлхий нийтийн тулгамдаж буй нийтлэг асуудлуудад шийдэл олоход чиглэгдсэн

-Даян дэлхийн стратеги боловсруулах

-Улс орнуудын Засгийн газруудад ил тод, хариуцлагатай ажиллахыг сануулж, шаардах

-Даян дэлхийг хамарсан мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох

Лаосын нийгмийн зүтгэлтэн Сомбат Сомфоны алга болсон асуудалд тус улсын Засгийн газар тодорхой мэдээлэл өгөхгүй, хүний эрхийн үүргээ биелүүлэхгүй байгаад Ази Европын түмний чуулганд оролцогсод санаа зовниж байгаагаа илэрхийлж тухайн асуудлаар хүний эрхийг хангах шудрага ёсыг эрхэмлэхийг уриалах

Тайландад цэргийн дэглэм хүчээ авч байгаад мөн санаа зовниж байгаагаа илэрхийлж, энэ нь хүн төрлөхтний хүсэн хүлээж буй арга зам биш гэдгийг сануулах

Монгол улсад 1990-н хэдэн оноос эхлэн нэвтэрсэн неолибераль зах зээл, түүнчлэн нийгмийн неолиберализм улам гүнзгийрч, тэгш бус байдал хүчээ авч, хүний эрхийн асуудал хямралд орох хандлагатай байгааг анхааралдаа авах

Монголын Иргэний нийгмийн зүгээс нийгэм эдийн засгийн шинэтгэлийн асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгааг дэмжих

Дэлхий нийтэд харьцангуй нийтлэг байдлаар ажиглагдаж буй ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал, хүний эрхийн асуудал, үндэстэн дамнасан компаниудын эрх мэдэл хэтэрч, иргэдийн эрхийг боомилох болсон зэрэг бэрхшээл хямралыг илүү үр өгөөжтэй, хариуцлагатай байдлаар шийдэхийг уриалах

Санхүүгийн тогтолцоонд тулгарч буй асуудлуудыг зөв шийдэхгүй бол олон улсыг хамарсан санхүүгийн хямрал нүүрлэх магадлал байгааг анхааралдаа авах

Байгалийн нөөцийн шудрага хувиарлалтын асуудлаарх иргэдийн оролцоог Засгийн газруудаас дэмжихийг уриалах

Хүнсний аюулгүй байдал, хүнсний бүрэн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулж, шинжлэх ухааны үндэстэй, шинэ нөхцөл байдалд тохирсон стратеги боловсруулж мөрдөх

Дэлхийн хэмжээнд 1.0 тэрбум хүн эрчим хүчний хэрэглээгээр хангагдаагүй байгаа мөрт, уур амьсгалын дулааралт ердийн дундажаасаа цельсийн 1 градусаас илүү хэмээр нэмэгдсэн учир түүнд анхаарлаа хандуулж  ажиллах, цэвэр эрчим хүчний тогтолцоонд шилжих, эрчим хүчний аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газруудад уриалах

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Засгийн газруудад идэвхтэй нөлөө үзүүлэх замаар нийгмийн хамгааллыг хүн бүрт хүргэх, хүний эрхийг хангах тухайд Засгийн газрууд оновчтой зөв бодлого боловсруулан ажиллах бололцоог бий болгох

 Зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, зэвсэг хураах, зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийхийг бүх улс орны Засгийн газарт уриалж, Ази, Европ хоёр тивийг хоёуланг нь амьдрахад аюулгүй газар болгохын  төлөө тэмцэх тэмцэлд Ази тивийн улс орнуудын оролцоог нэмэгдүүлэх

Монгол улсаас гаргасан цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох санаачлагыг Ази, Европын хэмжээнд өрнүүлэх

Хилийн хоригоо чангатгах (гишүүн улс орнуудын нутаг дэвсгэрт дүрвэгсдийг хүлээн авч нутагшуулахаас татгалзах) тухай Европын холбооны бодлогыг шүүмжлэх

                Олон улс орон ардчиллын хямралд ороод байгааг анхаарч, улс орон бүр хөгжлийн өөрийн онцлог бүхий тохирсон замыг сонгохыг дэмжих

                Шууд болон оролцооны ардчилал, иргэний нийгмийн оролцоог дэмжиж хөгжүүлэх (нийгмийн аудит, оролцоотой төсөв гэх мэт арга замуудыг шуурхайлан нэвтрүүлэх)-ийг Засгийн газруудад уриалах гэсэн үндсэн санаануудыг тусгасан ба цаашид боловсруулан сайжруулж, АСЕМ-ийн зохион байгуулах хороонд гардуулахаар болсон юм.

Тунхаглалд зарим зүйлүүдийг нэмж тусгуулахаар зарим оролцогчид санал гаргасан нь дээр үгүүлсэнчлэн Монгол улсаас гаргасан цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох санаачлагыг Ази, Европын хэмжээнд өрнүүлэх, Хилийн хоригоо чангатгах (гишүүн улс орнуудын нутаг дэвсгэрт дүрвэгсдийг хүлээн авч нутагшуулахаас татгалзах) тухай Европын холбооны бодлогыг шүүмжлэх, Капиталист тогтолцоог үндсээр нь өөрчлөх тухай үзэл санаанд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, Эхний бүлэг дэх Лаосын нийгмийн зүтгэлтэн Сомбад Сомфоны асуудалд түүнтэй төстэй байдлаар “хүчээр алга болсон” бусад хүмүүсийн асуудлыг ч нэгэн адил хамруулах (санал гаргагч Филиппины оролцогч энэ талаар ярихдаа Филиппинд 623 хүн, Индонезид 122 хүн Тайландад 82 хүн тийм байдлаар сураггүй буюу “хүчээр” алга болсон гэсэн тоо баримт дурьдаж байв) тэрчлэн улс орнууд дахь “эрх мэдэл бүхий хулгайчид”-ын хэт даврах, улс орондоо гай учруулах, улмаар олон улсын хүрээнд хямрал, замбараагүй байдлыг өөгшүүлэх үүр болж буй оффшор бүсийн статусыг зогсоох, оффшор бүсийг хуулиар хориглох асуудлыг шийдүүлэх, Монголын “Ноён уул”-ын талаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж Засгийн газрын хууль бус шийдвэрийг цуцлуулахыг Монголын засгийн газарт уриалах явдлыг тунхаглалд тусгуулах гэсэн саналууд байлаа.

Ази Европын Түмний чуулганаар хэлэлцсэн асуудлуудын үр дүнд энэхүү тунхаглалаас гадна цаашдын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулан гаргасан билээ.

Г.Төрмөнх 

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …