Сайд С.Ламбаа БНСУ-ын эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Банг Мүн-Кьюг хүлээн авч уулзлаа

Untitled нгнг

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн  Дэд сайд Банг Мүн-Кьюг өчигдөр  Төрийн  ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Ламбаа сайд Монгол Улсад  тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг онцлов. Тэрээр  2011 оны наймдугаар сард  БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн  Монгол Улсад  хийсэн төрийн айлчлалын үеэр  Монгол Улсын ЭМЯ болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам  хооронд  эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах  Тохиролцоонд гарын үсэг  зурж, уг Тохиролцооны хүрээнд өнгөрсөн 5 жилийн туршид “Сөүл” төслийг хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, монголын 100 гаруй эмч, мэргэжилтэн БНСУ-ын шилдэг эмнэлгүүдэд 3-6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад байгаад талархал илэрхийлэв. Улмаар Сайд С.Ламбаа дээрх төслийн хэрэгжилтийг хамтран дүгнэж, цаашдын чиглэлээ тодорхойлох зорилгоор хоёр улсын Эрүүл мэндийн яамдын Өндөр түвшний Зөвлөлдөх уулзалтын механизмаа сэргээх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

 Түүнчлэн  БНСУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пак Гын-Хэ-гийн Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын хэлэлцээний үеэр хоёр яамд хооронд Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан цахим эрүүл мэндийг хөгжүүлэх тухай Тохиролцоонд гарын үсэг зурсан явдал нь газар нутаг өргөн уудам манай улсын хувьд орон зай, цаг хугацааг хэмнэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн тэмдэглэв. Монгол Улсын хувьд олон иргэд БНСУ-ыг зорьж эмчилгээ хийлгэдэг тул тэдгээр иргэдийн эмчилгээний дараах хяналтыг Монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх оронд нь хийдэг болох нь эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй цаг хугацааг хэмнэнэ гэдгийг онцлов.

    БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн Дэд сайд Банг Мүн-Кью хариу талархал илэрхийлээд Монгол Улсад өмнө нь хэд хэдэн удаа ирж байсны хувьд хэрхэн богино хугацаанд хөгжиж байгааг нүдээр харахад тааламжтай байна гэлээ. Энэ айлчлалынхаа хүрээнд “Сөүл” төслийн хүрээнд БНСУ-д эмнэлзүйн дунд хугацааны сургалтад хамрагдаж дүүргэсэн монгол эмч нартай уулзалт хийн, цаашид төслийг хэрхэн үргэлжлүүлбэл илүү хэрэгцээтэй байх талаар төгсөгчдийн санал бодлыг сонсохыг хүсч байгаа гэв. Дэд сайд Банг Мүн-Кью өмнө нь өөрөө Дэлхийн банкинд телемедициний  төслийг  хариуцан ажилладаг байсан тул цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх өөрийн тодорхой туршлага, хүсэлтэй байгаа талаараа ярьж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

DSC_4093_jpg-1(1)

Уулзалтын төгсгөлд Сайд С.Ламбаа хоёр улсын Ерөнхийлөгч нарын төрийн айлчлалын үеэр эрүүл мэнд, спортын салбарт гурав дахь удаагаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан болохоо тэмдэглэж, энэ нь талууд эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна гээд БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайдад мэнд дамжуулснаар уулзалт өндөрлөв.

Эрүүл мэнд спортын яам

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …