Чуулганы хуралдаан нэлээд сунжирч, шөнийн 03.00 цаг хүртэл хуралдав. Байнгын хороодын хурлын шийдвэрийг хүлээж, орой 10.00 цагт чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн юм. Тэгвэл шөнө хуралдсан хуралдаанаар хоёр томилгооны асуудал шийдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаалд Ц.Цолмонг, Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайхан нарыг томилсон юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч “эсэргүүцсэн” ч УИХ-ын даргад өргөн барьсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэст нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газрын бүтэц
Монгол Улсын Ерөнхий сайд;
Монгол Улсын Шадар сайд;
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад харилцааны сайд;
Сангийн сайд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэндийн сайд байхаар тусгажээ.
Уг нь энэ бүтцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч олонх болж чадсан МАН өөрийнхөөрөө шийдвэрлэхээр болж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, дэмжлэг авлаа.