2013 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 15-120 см давсан байдалтай байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хангай нурууны арын Идэр, Хэнтэй нуруунаас усжих Хараа голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Үүр, Туул голын адаг болон Балж, Хараа гол Дархан орчимд үерийн түвшинг 10-35 см даван тус тус үерлэж байна.
8 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Эг гол Хантай сум орчимд 20 см нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул гол, мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшилээс хамаарч дахин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх нөхцөл бүрдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор
2013-08-11