Цахилгааны үнийн өсөлт энэ өвөл нийслэлийн утааг хоёр дахин нэмэгдүүлнэ

ssssss   Нийслэлчүүд бид өвөлдөө хоолой хорсгосон утаатай, зундаа тоос, шарилжтай орчинд амьдарсаар олон жилийн нүүр үзлээ. Үүнээс болж амьсгалын замын өвчин, элдэв харшилд дар­луулсаар эрүүл хүн бараг үлдсэнгүй. Утааны асуудлыг шийд­вэрлэнэ хэмээн төр засаг, хотын удирдлагууд хэдэн жил тэмцэж байгаа ч хий дэмий хөрөнгө мөнгө салхинд хийсгэхээс өөр гавьтай зүйлд хүрээгүйг хүн бүхэн мэдэж байгаа. Өнөөх л утаагүй зуух, сайжруулсан түлш, дулаан хучлага, гэрийн бүрээс зэрэг нэмэр болохгүй зүйлд хамаг хүчээ тарамдаж хаясаар хэдэн өвлийг барсан гэхэд болно.

Харин Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хурал­даанаар гаргасан “Нийс­­лэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журам” эдгээрээс хамгийн өөдтэй, ард иргэдэд наалдацтай нь байсан. Энэхүү шийдвэрийн ачаар хамгийн их утаа таригчид хэмээн адлуулдаг гэр хорооллынхны цөөн хэсэг нь цахилгаан халаагуурт шилжсэн билээ. Гэхдээ тун цөөн хэсэг нь шүү. Цөөн ч гэсэн эдгээр өрх өвлийн хүйтэнд их хэмжээний утаа тортог, хорт хийг агаарт цацаагүй гавьяатай.

Түлээ нүүрснээс илүү үнэтэй ч өөрсдийн эрүүл мэн­дэд анхаарал тавьж, цахилгаан халаагуур хэрэг­лэх болсон эдгээр айл өрх энэ өвөл дахиад л тортогтойгоо зууралдаж, нийслэлээ манан­туулах их үйлсэд хувь нэмрээ оруулах нь тодорхой боллоо.

Учир нь тэдэнд шөнийн цахилгааны хэрэглээний 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан нь энэ жил дуусгавар болж буй бололтой. Өмнө нь тэд өдрийн хэрэглээндээ нэг кВт цагт 79 төгрөг, шөнийн хэрэглээ нь нэг кВт цагт 40 төгрөг төлж байлаа. Ингэхдээ шөнийн цаг нь уртасч, 18:00-09:00 цаг хүртэл шөнийн хэрэглээнд орж байв. Нэг айл өрх сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт хүртэлх цахилгааны төлбөртөө хөнгөлөлт эдэлнэ. Ингээд бодохоор хоногийн 15 цагт 50 хувийн хөнгөлөлттэй цахилгаан хэрэглэдэг байсан гэсэн үг.  Утааны улиралд хэ­рэгж­­­­­­­дэг энэхүү журмын ачаар өдий төдий тонн тортог, утаа, химийн хүнд нэгдэл нийслэлийн агаарт цацагдаагүй. Яг ийм байдлаар 1924 айл өрх өвлийн цагт цахилгаан халаагуур ашиглаж, шөнийн хэрэглээний төлбөрөө хөн­гөлүүлж байсан гэсэн су­дал­гаа бий. Түүнчлэн хөн­­­­­­гө­лөлтөд хамрагдаж ча­­­даагүй ч утаанд хувь нэмрээ оруулаагүй цахилгаан халаа­гууртай айл нэлээд хэд бий.

Харамсалтай нь цахил­гааны тариф нэмэгдсэнээр ийм айл өрхүүд өдрийн хэрэглээ буюу 06:00-21:00 цаг хүртэл 84 төгрөг, шөнийн хэрэглээ буюу 21:00-06:00 цаг хүртэл 60 төгрөгөөр тооцон цахилгааны төлбөрөө төлөхөөр болох нь ээ. Үүн дээр нэмэгдэж НӨАТ, цахилгааны сарын суурь хураамж болох 1000 төгрөгөө нэмж төлнө.  Ийнхүү цахилгаан ха­лаагуур хэрэглэдэг айлууд өвөл дулаан амьдарсныхаа төлөө “торгууль” төлөхөөр болсон тул илүү хямдыг нь бодолцож, ихэнх нь түлээ нүүрс, зуухандаа шилжиж таарна. Тэр цагт нийслэл хот утаандаа баригдаж, хоёр алхмын цаадахаа харах хөг өнгөрнө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, төр засгийн удирдлагууд нэг амаар ярьж, нөгөө амаар боож байна. Хийх гэж ярьснаа хэрэгжүүлэхийн оронд хэсэг хугацааны дараа нөгөөгөөр нь үгүйсгэж ард түмнээр даажигнаж байгаа нь өнөөх л шоу.

Тэр ч утгаараа ирэх өвөл хотын утаа улам нэмэгдэж, хоолойгоо хорсгон амьдрах бололтой.

Өглөөний сонин

Э.Мөнхзаяа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …