Ардчилсан нам сонгуулийн өмнө иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан. Гэхдээ Засгийн газарт мөнгө байхгүйн улмаас 300 мянган төгрөгийг 7 хоногийн хугацаатай гурав хувааж иргэдийн данс уруу шилжүүлэхээр болсон. Гэвч сонгуульд эрх баригч Ардчилсан нам ялагдсанаар энэ үйл ажиллагаа доголдож, бүр тасалдахад хүрээд байна. Зарим иргэдийн хувьд 300 мянган төгрөгөө авчихсан байгаа бол заримынх нь хувьд гурав дахь, хоёр дахь ээлжний 100 мянгаа нүдээ чилтэл хүлээсээр байна.
Засгийн газрын амалсан 7 хоногийн хугацаа өнгөрч, иргэд хоёр дахь, гурав дахь ээлжний 100 мянган төгрөгөө өдөр бүр шахуу шалгаж, АТМ-аар хий дэмий эргэлдэх болов. Хэдийгээр данс руу мөнгө шилжүүлснийг таны гар утсанд мессежээр мэдэгдэнэ гэсэн боловч мессеж ирэхгүйгээр иргэдийн дансанд мөнгө орж байснаар иргэд дараагийн ээлжний мөнгөө ингээд ороод ирчихсэн юм биш байгаа хэмээн өдөр хоног тоолон өнөөдөр орчих байх, маргааш орчих байх хэмээн найдаж АТМ-д өдөр бүр “цаг бүртгүүлдэг” ажилтай болсон нь нууц биш. Уг нь АН, МАН нь хамаагүй Монгол Улсын Засгийн газар амалсан л юм чинь амлалтаа биелүүлж ард түмнээр намууд тоглодоггүй болмоор байна.
Түүнчлэн Ардчилсан нам буруу шийдвэр гаргаж мөнгө тараасан эсэхийг шүүх бус нэгэнт л олгоод эхэлчихсэн, галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихсөн юм чинь түүнийхээ ард нь гарч сурдаг болох хэрэгтэй байна. Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авья, мөнгө өгье гээд 322 ширхэг хувьцааг нь авчихсан. Тэгсэн атал ард түмний яснаасаа дургүй авахдаа сайхан өдөр шөнөгүй ярьж хэлж байгаад авчихаад, өгөх болохоороо луу унжиж таг чиг болдог, болоогүй том том бизнес ярьдаг этгээдүүд шиг зан гаргаж байгаа нь Засгийн газар гээчийг Мэргэжлийнх байна уу, Шийдлийнх нь байна уу ер нь юу ч байсан нэр хүнд, хүндлэлээс салгаж байна.
Мөн Засгийн газарт бид ялагдсан юм чинь ядагийн, та нарыг сонгосон юм чинь ард түмэндээ тэр мөнгөө олж өг хэмээн бидэнд ёстой падлий байхгүй гэсэн хоноцын сэтгэлтэй хүмүүс ажилладаг болж. Дан ганц хувьцаагаар тогтохгүй иймэрхүү зүйлс Монголын Төр, Засагт үүрлэж, “согтуугийн гай” гэдэг шиг сонгуулийн синдромоор Монгол Улсын ирээдүй хойчийг тодорхойлдог нөхдүүдтэй боллоо. Ер нь Монгол Улсыг нам, эвслээс үл хамаарч Төр, Засаг гэдэг зүйл удирдах болохоос аль нэг эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэсэн намууд, түүний нөхдүүд залуурдах ёсгүй.
Төгс