Машин дотор, аюулгүйн суудал дээр суусан гурван настай хүүхэд. Тэр жигнэмэг жигнэж, өндөг шарж болохоор халуунд ухаан балартан сууна. Гэвч хэн нэгэн тусламжийн гараа сунгаж, зоригтой алхам хийхээс нааш амьд гарах сонголт түүнд үгүй.
Он гарсаар зөвхөн Америкт л гэхэд 25 хүүхэд халуун машинд цоожлогдож, амиа алдлаа.
Хүүхэд халуун машинд ердөө 10-15 минут болоход л амиа алддаг. Учир нь хүүхдийн биеийн хэмээ зохицуулах чадвар насанд хүрсэн хүнийхээс сул байдаг.
АНУ-д хоёроос доош настай хүүхдийн эндэгдлийн 75 хувийг халуун машинд амиа алдсан тохиолдол эзэлж байгааг мэргэжлийн байгууллагаас тооцоолсон. Өнгөрсөн долоо хоногт тус улсад хоёр хүүхэд дээрх шалтгаанаар амиа алдсан.
Тэдний нэг нь гэрийнхээ гадаа тоглож байгаад аавынхаа машинд санамсаргүй орж хаалгаа хаасан хоёр настай хүү байв. Аав нь хүүхдүүдээ ойр ойрхон шалгаж байсан ч бяцхан хүүгээ машинд орсныг мэдээгүй аж. Хүүгээ удалгүй хайж олсон ч хожимдсон байв.
Тэд халуун машин хүүхэд болон нохойнд хэр аюултай, хэдий хугацаанд үхэлд хүргэж болдгийг мэдэхгүй л байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагууд энэ талаар 2012 оноос эхлэн эрчимтэй анхааруулж ирсэн. Үр дүнгээ өгч байгаа ч хангалтгүй байна гэж ABC агентлагаас мэдээллээ.
Kars4Kids ашгийн бус байгууллагынхан энэхүү аюулыг сэрэмжлүүлэх үүднээс нэгэн туршилт явуулжээ. Тэд гадаа 26 хэмийн халуун өдөр сайн дурын оролцогчдыг машинд 10 минут тэсвэл 100 ам.доллар санаа болгов.
Томчууд үүнийг эхлээд амархан гэж байсан ч нэг нь ч 10 минут тэсээгүй юм. Түүнчлэн Америк хөлбөмбөгийн тамирчин Тиранн Матье наранд тавьсан машинд найман минут болоод л арай хийн хаалгаа онгойлгон бууж буй бичлэгийг Youtube-ээс үзэж болно.
Бид хаа байсан Америк тивийн асуудлыг хөндөж байна уу гэвэл үгүй. Манайд ч хүүхдээ 100 айлд машиндаа үлдээгээд цагдаа нар цонхыг нь хагалан аварч байсан түүх бий. Манай оронд нартай, халуун өдрүүд үргэлжилж байна.
Бас нэгэн гурван настай хүүхэд ах, эгч нь яам руу ажлаар ороод ирэхэд манарч, ухаан балартсан байдалтай байжээ. Энэ мэтчилэн хүүхдээ орхиж явах явдал мэр сэр гардаг. Тиймээс зуны аагим халуун өдрүүдэд хүүхэд болон нохойгоо машинд үлдээхгүй байхыг эмч, цагдаа, сайн дурын байгууллагаас сануулж байна.
Г.Сайнзаяа