“Эрдэнэт” үйлдвэрийг “шилэн” болгож, “их цэвэрлэгээ” хийх цаг нь болжээ

11775_954

“Эрдэнэт” Үйлдвэрийг яагаад шилэн болгож болохгүй гэж

Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр шахааны бизнест тамирдсан Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг монголчууд авах болсон тухай сайхан мэдээг бид сонсч хөл хөөрцөг болж байсан. Гэтэл үүний дараа энэхүү 49 хувийн талаар намууд сонгуулийнхаа хар пиар болгон ашиглаж ээлж дараалан хачирхалтай мэдэгдлүүдийг ар араас нь хийж олон нийтийн урмыг хугалах болсон. Яг үнэндээ яагаад Оросын талын эзэмшдэг байсан 49 хувийг монголчууд авч болохгүй гэж ярих хүн ч олон байна. Угтаа бол номхон тэмээ ноолоход амар гэгчээр өмнө нь эрх мэдлээ тогтоогоод байсан нөхдүүд тус үйлдвэрийг 100 хувь Монголын талд байлгаж болохгүй гэсэн бодлогыг барьсан хэрэг.

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 51 хувь төрийн мэдэлд байгаа ч 49 хувь нь хувийн хэвшилд очсноор бүх үйл ажиллагаа нь хараа хяналтын дор явагдана гэдгээс тэд айсан хэрэг л дээ. Бүр товчхоноор хэлбэл, улсын өмчийг эзэнгүйдүүлэх тусмаа ашигтай гэсэн санаа 49 хувийг эсэргүүцэх ажлын ард яваад байна гэсэн үг. Яг үнэндээ ганц Эрдэнэт үйлдвэр ч биш маш олон төрийн өмчит үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох гэхээр эзэнгүй болчихдог нь нууц биш.

Тиймээс л тэд Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесийн “саалийн үнээ” чигээр нь байлгахын тулд ийнхүү үхэлдэж буй хэрэг. Угтаа бол Эрдэнэт үйлдвэрийн бүхий л бизнес улстөрөөс хамааралтай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан олон хүн энэ үйлдвэрээс тэрбумтан болоод Монголын улстөрийн зургийг зуралцах болсон. Тухайлбал, ялсан аль нэг нам нь тус үйлдвэр рүү өөрсдийн хүнээ даргаар илгээж нөгөөх нь араасаа олон мянган чиргүүл дагуулж үйлдвэрийн аль өөдтэй өнгөтэй бүхнийг өөрсдийн болгож гарын үсгээ хэдэн зуун саяар зарж байдаг нь Эрдэнэт үйлдвэрийн эд баялгийг саах наад захын жишээ. Тус үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж элдэв янзын бараа бүтээгдэхүүн гээд бүгд шахаа хийх эзэнтэй гэсэн үг. Эцэст нь үйлдвэрт ямар хэрэгцээгүй, зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр үнэлэгдсэн бэлгэвч мэтийн бараа бүтээгдэхүүнүүд тус үйлдвэрийн агуулахад хог болон хэвтэж байна гэсэн үг юм. Ийм л нөхдүүдийн луйврыг төгсгөл болгох боломж нь ирчихээд байгаа юм.

Яг үнэндээ Оросууд өөрсдийн мэдлийн 49 хувиа яагаад монголчуудад зарах болов оо гэдгийг олон судлаачид дүгнэлт хийсэн байдаг. Угтаа бол өнгөрсөн цаг хугацаанд улстөрчид шахааны бизнес хийж өөрсдөдөө асар их ашиг олсон болохоос бус орос ах нар энэ ашгаас хүртэж чадаагүйд учир нь оршиж буй юм. Тиймээс л орос ах нар энэхүү ашиггүй гэх үйлдвэрийг Монголын хувийн хэвшлийнхэнд зарсан гэдгийг дээр дооргүй мэдмээр юм даа. Мэдээж тус үйлдвэр хувьд очлоо гэхэд өөрийн өмч хөрөнгөө гамнахаас эхлээд олон олон шинэчлэлийг хийх нь ойлгомжтой. Үгүй ядаж тус үйлдвэрт орж ирж байгаа “бэлгэвч” хэдэн төгрөгийн үнэтэй, ямар компаниас худалдан авалт хийсэн хэний гарын үсгээр баталгаажсан гээд хөндлөнгийн аудитаар шалгуулж бүх юм нь ил тод болоод зогсохгүй шилэн болох нь дамжиггүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Өмнө нь бол Орос, Монголын хамтарсан төрийн аудитын байгууллага арван жилд нэг удаа шалгалт хийдэг байсан.

Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын байгууллагыг “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга нар өөрсдөө сонгон шалгаруулдаг байсан юм. ТУЗ гэдэг нь бас л манай төрийн өндөр албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн, шахсан бизнес нь тэнд байхад юу боллоо гэж үнэн зөвөөр үнэлүүлж дүгнүүлэх билээ” хэмээн хэлж байв. Ямартай ч өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн аж ахуйн нэгж авснаар урьд хожид идэж уусан олон булхай луйвар илрэх учраас дээр дооргүй сандралдаж “Эрдэнэт” үйлдвэрээр нэг нааш холхисон эрхмүүдийн цуваа хөвөрч байна. Эцэст нь хэлэхэд орос ах нараас 49 хувийг авсан дотоодын компани хэсэг бүлэг хүмүүсийн дайралтыг няцааж дээр өгүүлсэн идээ бээрийг шахан гаргаж, үйл ажиллагааг нь Шилэн болго гэж л хэлэх байна.

“Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ

“Сангийн юм сандайлаад байгаарай” гэсэн нэртэй нэлээн дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм.
Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор  мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юм даа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрийн хамгийн том төлөөлөл нь Эрдэнэт.
    Эрдэнэт үйлдвэрт бүх зүйл улс төрөөс хамааралтай. Ялсан намын хүн даргаар нь очино. Дарга ганцаараа очихгүй ээ, бас нэг намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг аль гарын үсэгтэй, гайгүй сайн унацтай месть  дээр тавихаа бодно.
За тэгээд  ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж, эд материалын хангалтаас эхлээд элдэв шахаа тус бүр  эзэнтэй. Асар том агуулах нь бараа материалаар пиг чихээтэй. Бүр бэлгэвч хүртэл хэдэн жилийн нөөцтэй овоолсон байсан гэх онигоо ч юм шиг яриа гарах билээ.
Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрэн. Авсан үнийг нь харахаар зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байдаг. “Нэг тонны жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг” байсныг манай хэвлэлийнхэн бичиж л байсан. Ийм л  ил тод улаандаа гарсан луйврыг эцэс болгох  боломж Эрдэнэтэд одоо л ирж байна.
Эрдэнэт үйлдвэр дэх Оросын мэдлийн 49 хувийг Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж худалдан авсныг зарласан. УИХ-ын сонгуулийн дуулиан, шинэ Засгийн газрын сайдуудын шуугиантай хамт зохион байгуулалттай улстөржүүлээд л байгаа болохоос биш Монголд ашигтай арилжаа л даа.
Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг шиг хүйтэн хөндий ханддаг,  хүний сэтгэлтэй манай дарга нараас  болж ашиггүй ажилладаг  байсан  он  жилүүд  одоо эцэс болох биз, Эрдэнэтэд.  Хувийн компани өмчөө ариглан гамнана,  ашиг  олохыг  бодно.
Ядаж л  Эрдэнэтийн бүх худалдан авч буй бараа үйлчилгээний хэмжээ, үнэ, ямар компани гүйцэтгэсэн, хэний гарын үсгээр арилжаа явагдсаныг  хөндлөнгийн аудитаар шалгуулж,  ил тод зарладаг  болно шүү дээ. Хуучин бол  Орос, Монголын хамтарсан төрийн аудитын  байгууллага арван жилд нэг  удаа шалгалт  хийдэг байлаа.
Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын  байгууллагыг Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга нар  өөрсдөө сонгон шалгаруулдаг  байсан юм. ТУЗ гэдэг нь бас л  манай төрийн өндөр  албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн  хүн, шахсан бизнес нь тэнд байхад  юу боллоо гэж үнэн зөвөөр үнэлүүлж дүгнүүлэх билээ тэд.
Харин одоо бол хувийн компани өөрийн хяналтыг тавиад ирэхээр мөн ч их шуугиан үүснэ дээ. Яагаад гэвэл дээрх  бүх  булхай луйвар ил болно. “Тэр хүн ийм үнээр нийлүүлж байхад надад яагаад ийм гоё юмнаасаа хүртээсэнгүй вэ” гэж заргалдах нь ч гарч ирнэ.
Таньж мэддэгүүд нь шуугиад эхэлнэ. “Эрдэнэтэд 10 жилийнх нь  принтерийн хор шахсан энэ компани чинь тэр даргынх нь эхнэрийнх  юм шүү дээ” гээд  зарлахад дарга бас хүн юм хойно нүүр нь  халуун  оргино биз дээ. Аягүй бол хагас мөнгийг нь буцааж үйлдвэрт  тушаах ч юм билүү. Ингэж чадвал ашиг нь  Эрдэнэтийн ажилчдад, өгөөж нь  улсын  төсөвт  л  ирнэ.
Тиймээс Оросуудад байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан үндэсний аж ахуйн нэгжид хандан хэлэхэд “Өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй, тэрэнд орвол тэндээ ялзраад муудаад зэврээд сөнөг” гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүсийн элдэв дайралт,  шантааж, матаасанд бүү авт.  Эрдэнэтэд энд  өгүүлснээс их идээ бээр  бий, тэр бүхнийг  цэвэрлэх үүргээ биелүүл гэж захъя.
Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …