Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь болон тус яамны удирдлагууд сургууль, цэцэрлэгийн бүртгэл, их дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Их дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй
Мэдээллийн эхэнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “2016-2017 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны зүгээс их дээд сургуулийн төлбөрийг өнгөрсөн жилийнхээс нэмэхгүй байх зорилт тавьж байгаа” гэдгийг онцоллоо.
Тэрээр “Их дээд сургуулийн зарим удирдлагууд болон манай яамны холбогдох албаны хүмүүс ярилцаж байгаад энэ хичээлийн жилд төлбөр нэмэхгүй байх бодлого баримтлахаар болсон. Энэ хүрээнд төрийн өмчийн их дээд сургуулийн удирдлагуудад албан тоот хүргүүлж, зөвлөмж чиглэл өгсөн. Ихэнх сургуулийн удирдлагуудтай биечлэн уулзсан. Хувийн их дээд сургуулиудын холбооны удирдлагуудтай уулзсан.
Энэ хичээлийн жилд төлбөр нэмэхгүй байх бодлого баримтлахаар болсон.
Тэд ч сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн. Бид мөнгөний ханшны уналт, иргэдийн орлогын түвшин, эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ удаад сургалтын төлбөрийг нэмэхгүй байх бодлого баримталж байна” гэв.
БСШУСЯ найман агентлаг, долоон хэлтэстэй ажиллана
Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар нэлээд олон асуудлыг авч хэлэлцэж, яамдын бүтэц болон түүнд харъяалагдах агентлагуудын бүтэц, орон тоог баталлаа. Манай яамны хувьд найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар боллоо. Боловсролын салбарын дэргэд соёл урлагийн газар, биеийн тамир спортын газар гэсэн хоёр том агентлаг байгуулагдахаар болсон. Энэ агентлагийн бүтэц, зохион байгуулалтын ажил сайдын тушаалын дагуу шийдвэрлэгдэнэ” гэлээ.
16 мянган хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал шийдэгдэнэ
БСШУСЯ-наас Улаанбаатар хотын дарга С.Батболдтой хамтран цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр захирамж гаргаж, нийслэлийн боловсролын байгууллагуудад хүргүүлжээ.
2016 оны хичээлийн жилд 3990 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 31 цэцэрлэг ашиглалтад орно. Эдгээрийг есдүгээр сарын 01-ээс өмнө ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгажээ. Мөн шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын цэцэрлэгийн бүлгийн нэг өрөөг нэмж, хүчин чадлыг нэмэх тооцоо гаргасан байна. Ингэснээр 400 хүүхдийн цэцэрлэгийн асуудал шийдэгдэх аж.
Мөн сул ортой ажиллаж байгаа хувийн 57 цэцэрлэгт 187 бүлэг нээж, цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх юм байна.
Энэ ажилд шаардагдах төсөв хөрөнгийг гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт үүрэгджээ.
Үүний зэрэгцээ хувийн өмчийн цэцэрлэг, сургуулиудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх аж. Энэ жилийн хувьд шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2225 хүүхдийн хүчин чадалтай 44 төрийн бус өмчийн цэцэрлэг байгаа юм байна.
Дээрхээс гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 гаруй цэцэрлэг баригдсан учраас үүнд 6000 гаруй хүүхэд элсэн суралцах боломж бүрджээ.
Ийнхүү цэцэрлэгийн хүртээмжийг нэмснээр 2015 оны хичээлийн жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд 16000 мянган хүүхэд цэцэрлэгт шинээр нэмж элсэх боломжтой болсон байна.
Цэцэрлэгт хамрагдалт улсын хэмжээнд 80 хувьтай явагдана
Түүнчлэн энэ жил хөдөө орон нутаг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 84.6 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрджээ. Харин аймаг, нийслэлийн хувьд 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах тооцоо гарсан байна.
Энэ талаар БСШУС-ны сайд Ж.Батсуурь хэлэхдээ ”Орон нутгийн хувьд цэцэрлэгт хүүхдээ хамруулах боломжгүй нь нүүдэллэж амьдардаг малчин өрхүүд байгаа. Харин нийслэлийн хувьд хувиараа хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулах боломжоор хангаж өгнө” гэлээ.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хувиараа хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэдийн хоол хүнс болон урсгал зардлыг төрөөс дааж, дэмжлэг үзүүлэх тул эцэг эхчүүд 50-60 мянган төгрөг төлөөд энэ үйлчилгээг авах боломжтой юм. Хүүхэд харах төвүүдийн хувьд 12 цагаар ажиллах бөгөөд нэг дор дээд тал нь 15 хүүхэд авах журам бий. Энэ жил улсын хэмжээнд 4000 орчим хүүхэд харах үйлчилгээний төв ажиллах гэнэ.
Цэцэрлэгийн бүртгэлийг зарим дүүрэгт сугалаагаар шийднэ
Цэцэрлэгийн бүртгэлийг ачаалал, тоо зэргээс шалтгаалаад сугалаагаар явуулах аж. Мөн эцэг эхчүүдийн төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах асуудлыг жигд явуулах ажлыг зохион байгуулах чиглэлийг яамнаас барьж байгаа юм байна. Харин төрийн алба хаагчдын хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцуулах журмыг хэвээр мөрдөх аж.
БСШУСЯ-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгчээ. Ингэхдээ барилга угсралт, сургууль цэцэрлэгийн засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгджээ. Мөн сургууль, цэцэрлэгт шинээр элсэгчдийг бүртгэх, сурах бичгийн хангамж, сурагчийн дүрэмт хувцасны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдлагаар хангасан байна.
Түүнчлэн сурагчдын дотуур байранд хүүхэд хүлээж авах бэлтгэлийг хангах болон хүүхдийн хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлын талаарх зөвлөмжийг хүргүүлсэн байна.