УИХ-ын анхдугаар чуулган -ТАЗ-ийн орон тооны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж өндөрлөлөө

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.08.03/ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

_Z8A2098

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлаар гурав хоногийн завсарлага авсан байсан бөгөөд завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан тус бүлгийн дарга С.Эрдэнэ намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг дахин илэрхийлсний дараа хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.

Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар танилцуулга хийсэн.

Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлж томилогдсон Даваанямын Даваа-Очирын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд Балдангийн Баатарзоригийг нэр дэвшүүлж буйг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулав.

_MG_8375

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Тогмидын Хадхүүгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Самдангийн Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, төрийн удирдлагын менежер, хууль зүйн магистр зэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, төрийн албаны мэргэшсэн албан хаагч юм байна.

Нэр дэвшигч С.Цэдэндамба нь философич, багш, эрх зүйч мэргэжилтэй, нийгмийн ухааны магистр зэрэгтэй, доктор, профессор цолтой. Төрийн албанд 34 жил, үүнээс төрийн жинхэнэ албанд 20 жил ажилласан, Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэлийн зэрэгтэй төрийн мэргэшсэн, туршлагатай ажилтан аж.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, Б.Ундармаа нар уншиж танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Л.Болд, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Л.Болд, С.Чинзориг, Х.Нямбаатар, Ө.Энхтүвшин нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас Д.Даваа-Очир, Т.Хадхүү нарыг чөлөөлж, Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг Төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжлээ.

Ийнхүү хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн дууссан учир Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлж Анхдугаар чуулганыг өндөрлүүллээ.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, анхдугаар чуулганаа өндөрлөж байна.

Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга, дэд даргаа сонгож, Байнгын хороодыг байгуулж, удирдлагыг сонголоо.

Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.

Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүлээж байна.

Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна” гэлээ. Түүнчлэн Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгааг дурдаад Засгийн газар Ажлын хэсэг байгуулан энэ асуудлыг нарийвчлан судлаж хууль эрх зүйд нийцсэн эсэхэд бодитой дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …