Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гуравдугаар салааны аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Ундрахыг урьсан юм.
Удам дамжсан гал сөнөөгч гэж хэлж болох Ч.Ундрах ихрийн өрөөсөн. Түүний нөгөө ихэр болох Ч.Бадрах мөн л тус ангид гал сөнөөгч. Гал сөнөөгч аавын ихэр хөвгүүд нэг ангид, нэг дор алба хаана гэдэг ховорхон хувь тавилан биз. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.
-Анхны бүхэн сэтгэлд тод мөрөө үлдээдэг гэдэг. Тэгэхээр Онцгой байдлын албанд орсон цаг үеэс тань яриагаа эхлэе?
-Тэгье. Аав маань Гал түймэртэй тэмцэх газарт 1965 оноос хойш тасралтгүй 25 жил 4 сар жолоочоор ажиллаад 1990 онд тэтгэвэртээ гарсан юм. Миний хувьд аравдугаар ангиа төгсөөд л ажил хийж эхэлсэн. Эхлээд модны үйлдвэрт нормчин хийж байгаад ерөөсөө л энэ албандаа ажилд ормоор санагдаад аавдаа “Би галын байгууллагад л ажилд ормоор байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёрын дунд “Чи чадах юм уу. Чадна аа. Чадах юм бол би оруулаад өгье гэсэн яриа болоод л Галын байгууллагад ажилд орсон доо.
-Өөрийн чинь ихэр Бадрах таниас арай өмнө Галын байгууллагад ажилд орсон юм билээ. Ихэртээ уруу татагдчихсан хэрэг үү?
-Үгүй ээ. Галын байгууллагад ажилд орох санаачилгыг би анх гаргасан юм. Харин аав минь намайг ажилд оруулахаар хэлтсийн даргатай уулзахдаа хоёр ихрийгээ хоёуланг нь ажилд оруулмаар байна гэснээр бид хоёр энэ албанд зүтгэх болсон юм. Тэр үед гуравхан гал сөнөөгчийн орон тоон дээр 35-уулаа өрсөлдөөд, Бадрах өөр хоёр залуугийн хамт тэнцээд, би үлдчихсэн юм. Тэгэхэд намайг 23 дугаар анги руу яв гэсэн. Би үгүй ээ заавал энд ажилд орно гэсээр яваагүй. Тэгээд л хэдэн сарын дараа нэг орон тоо гарахад ажилдаа орсондоо.
-Хүсч дурлаж байж орсон ажил гэдэг сайхан. Гэхдээ гал сөнөөгчийн ажил хүнд. Шантрах үе байв уу?
-Байлгүй яахав. Бид ороод л 7-10 хоног явдаг байсан юм. Тэгээд эхний өдөр очиход нэг дэх өдрийн өглөө хүрээд ирээрэй, дадлагад явна гэлээ. Ирчихээд учраа ч олохгүй нэг нь наашаа гэхээр гүйж очоод л, цаашаа гэхээр нь буцаж яваад л байж байтал хонх дуугардаг юм байна. Салаан дарга ч энэ систерт суугаад араас яваарай л гэж байна. Яваад очлоо. Өглөө 11 цагт гарсан бид орой долоо өнгөрч халтайсан хар юмнууд байрандаа ирээд нүүрээ хальт угаасан болоод гэр рүүгээ харих болов. Манайх албаны байрнаас нэлээд зайтай. 12, 13 орчим км алхана. Ингээд алхаж явахдаа “Би ер нь юунд орчихов оо” гэж бодож байсан шүү. Хариад аавдаа өвс шатаж байгаа дуудлагаар ажиллаад ирлээ гэхэд “Ийм л хэцүү алба даа. Чи өөрөө л орьё гэж шийдсэн. Одоо зүтгэ. Аав нь 25 жил энэ албанд зүтгэсэн. Шантрах үе байсан ч зүтгээд л гарсан” гэж хэлж байсан юм. Одоо Бадрах бид хоёр тэтгэвэртээ гарчихаад дундаа аавыгаа сугадаад 10 сарын 1-нд ахмадын баяртаа ирэхсэн гэж ярьдаг юм.
-Тэр үед шантраад гарчихсан бол одоо юу хийж байх байсан бол. Тийм төсөөлөл байдаг уу?
-Хүний амьдрал сонин, ямар ч юм хийгээд явж байх байсан юм бэ хэлж мэдэхгүй л байна. Шантраад гарчихсан хүн цэргийн газар руу дахиж зүглэхгүй байх. Тухайн үед компани энэ тэр гэж байсан биш улсын үйлдвэрийн газар л ажиллах байсан болов уу.
-Ихэр төрнө гэдэг ховорхон хувь тохиол. Ихэр хөвгүүд энэ давуу талаа ашиглаж бужигнуулах үе байна биз?
-Бид хоёр бишгүй дээ л бужигнуулдаг байсан. Нөгөө ихэр маань их аманцар болохоор янз янзын л зодоон үүсгэнэ. Тэгээд нийлээд хүний хүүхэд зодчихно. Маргааш нь хичээл дээр аав, ээж нь давхиж ирээд загнана. Хүүхэд нас тиймэрхүү л өнгөрсөн.
-Тэгвэл албандаа орсноос хойш ихэр гэдгээ ашиглаж байв уу?
-Ёстой үгүй. Хөндлөнгийн хүмүүс бид хоёрыг их адилхан л гэдэг юм. Өөрсөддөө бол тэгж санагддаггүй ш дээ. Ааш зангийн хувьд ч эрс тэс. Би их дуугай талдаа. Бадрах бол их нийтэч, аманцар. Ямар сайндаа бид хоёрыг андуураад намайг Бадрахаа гээд дуудахаар би дуугарахгүй явчихаж байхад Бадрах өөрийг нь дуудсан ч, миний нэрээр дуудсан ч “Айн” гээд эргэж харах жишээний.
-Хүний амьдралд баярлаж, гомдох зүйл бишгүй дээ л нэг таардаг. Тэр дундаас хамгийн их баярлаж байсан үеэ дурсаач гэвэл?
-Би албандаа ороод гурван жил хэртэй болчихсон байсан юм. Өмнө нь нэг ээлжний ажил тасалчихаад, дараагийн ээлжинд гараад байж байтал манай хэлтсийн дарга нэг баяр ёслолоос тарж ирээд, жаахан халмагхан “Чи яахаараа ажил тасалдаг юм бэ, чамаар манай алба дутахгүй. Чи өнөөдрөөс эхэлж халагдсан, яв чи” гэдэг юм байна. Би ч яваад өгсөн. Ингээд ажилдаа очилгүй долоо хоног гэртээ хэвтлээ. Тэгж байтал салаан дарга ирээд “Чи ажилдаа очооч. Ажил таслаад алга болчихлоо гэж дарга нар сураглаад байна” гэдэг юм. Тэглээ гээд би ч очсонгүй. Аав, ээж маань хөдөө гарчихсан, Бадрах бид хоёр гурван дүүтэйгээ байсан болохоор ажлаа тасалж байна уу, явж байна уу гэдгийг гэрийнхэн мэдэхгүй. Тэгж байтал нэг өдөр аав улаан галзуу давхиж ирээд, аавдаа шалны модоор гурав гөвүүлж аваад л ажилдаа очсон доо. Тэгээд очиход хурандаа маань “За хүү минь янз бүрийн юм бодох хэрэггүй. Албандаа сэтгэлээсээ л зүтгэх хэрэгтэй. Надаас хойш чи олон даргатай учирна. Янз янзын л юм сонсоно. Хүнээс үг дааж сурах хэрэгтэй” гээд намайг үнсээд ажилд минь оруулсан. Ажлаасаа халагдчихлаа гээд сэтгэл гундуухан байсан би тэгэхэд л маш их баярлаж билээ.
-Тэрнээс хойш үг дааж сурсан биз?
-Хад чулуу шиг л болсон ш дээ. Манай тэр дарга хурандаа Сүрэндэндэв гэж энэ байгууллагад 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан, ноён нуруу их сайтай хүн. Сүрэндэндэв хурандаагаасаа хойш дөрөв дэх газрын даргатайгаа ажиллаж байна даа. Бас манай салаан дарга, аймгийн начин Дэмбэрэл гэж хүн байлаа. Цахилгааны бүдүүн утас мушгиж бариад л явж байна. Тэгж яваад өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй бол элдэж, хөөж яваад өнөө утсаараа нүдчихдэг байсан юм. Тэр хүний хүчинд л юуханыг ч болов хийчихье, болгочихьё, бүтээчихье гэдэг сэтгэлтэй болсон шүү, бидний үеийнхэн.
-Одоо та нар залуусаа яаж сургаж байна даа?
-Олон жил ажилласан туршлага дээрээ тулгуурлаад ярьж хэлж л байна. Гэхдээ манайх шиг хоёр тасагтай газар бага дарга баймаар санагдаад байгаа юм. Нэгдүгээр тасаг дуудлагад гарсан үед олон жил ажилласан ахмад туршлагатай гал сөнөөгч нь хоёрдугаар тасгаа хариуцаад үлдэж байна. Тэгээд хоёрдугаар тасаг дуудлагад гараад алдаа гаргалаа гэхэд өнөө хариуцаж байгаа гал сөнөөгчнь хариуцлага тооцох субьект нь биш болчихоод, хариуцлага тооцох гэхээр өрөөсгөл болчихоод хоёрдугаар тасаг эзэнгүйдчихээд байгаа юм. Тэгэхээр бага даргын орон тоог бодолцож л үзэх хэрэгтэй санагдаад байгаа юм даа.
Бидний хувьд дуудлагад явж ирчихээд алдаа оноогоо байнга ярилцдаг. Бидний ажил бол багийн ажил. Ярилцаж, зөвлөлдөж байж л аливаа шийдвэрийг гаргадаг юм.
-Яг өөрийгөө дагалдуулж сургасан шавь нар бий л биз дээ?
-Энэ олон жил ажиллахад таван хүнийг яг өөрөөр гаргасан сургасан.
-Хорин хэдэн жилийн хугацаанд гал сөнөөгчөөр ажиллахдаа хэчнээн гал түймрийн дуудлагад ажилласан бол. Тооцож үзэж байв уу?
-Саяхан нэг бодож үзлээ. Тэтгэвэрт гарах дөхчихлөө, ер нь нэг бодож үзье гээд. Намайг ажилласан хугацаанд нийтдээ 315 дуудлага гарсан байдаг юм байна. Тэрнээс 71 дуудлага дээр байлдааны тархал хийгдээгүй, үлдсэн дуудлагуудад бүгдэд ажилласан байна. Би 2007 оноос хойш нэг их бүртгэл хийсэнгүй л дээ. Түүнээс өмнө тавын дэвтэр тэдний өдөр, тийм ноймер хийлээ гээд байнга бүртгэл хөтөлдөг байсан юм. Тэгээд бодоод үзэхэд нэгдүгээр тасгийн нэг ноймер дээр 100-ны 70 гаруй хувьд нь ажилласан байна билээ.