Цэвэр усаар машинаа угааж, суултуураа зайлдаг улс Монголоос өөр байхгүй

527-1470271569459c65f3e18ed276big
-Ус улс орны хөгжлийг тодорхойлно-
Сүүлийн хэдэн өдөр цаг агаарын хэт халалтын улмаас хүнсний дэлгүүр болон жижиглэнгээр худалдаа хийдэг цэгүүдийн орлогын дийлэнх хувийг хөргөгчинд буй савлагаатай цэвэр усны борлуулалт бүрдүүлэх болжээ. Дэлхийн цаг уурын мэдээллээс харвал сүүлийн жилүүдэд цаг агаарын халалт улам нэмэгдэх бөгөөд Арабын орнуудад цельсийн 50 хэм хүртэл халсан мэдээлэл байна.
Үүний улмаас дэлхийн ихэнх улс оронд алт бус ундны цэвэр усны үнэд ихээхэн өөрчлөлт ороод байна. Ундны цэвэр усны хомсдол нүүрлэсэн улс орнуудад усыг дахин боловсруулах, ашиглах талаар төсөл хэрэгжүүлсэн ч үр дүн нь нааштай гарч амжаагүй байна.
Ингэхэд дулаарах тусам усны үнэ нэмэгдсэн үү эсвэл байнга нэмэгдэж байгааг бид анзаарахгүй байна уу. Энэ асуултад хариулт хайлаа.
Усыг монголчууд эртнээс нааш чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, бүх зүйлийн тэргүүнд усыг залж, амьдралын эх булаг хэмээн шүтэж ирсэн. Энэхүү ухагдахуун жил ирэх тусам улам батлагдаж, энэ зун усны хэрэглээ, хэрэгцээ нэмэгдлээ. Ус бол улс орны хөгжил төдийгүй ирээдүйг тодорхойлогч хүчин болон хувирч байгааг харин анзаарах хүн байгаа болов уу.
Ундны цэвэр ус ба дэлхийн нөөц
Та бидний орон гэр болсон цэнхэр гаригийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдаг. Их мэт санагдаж байгаа энэхүү усны 97.5 хувь буюу дийлэнхийг нь давстай ус эзэлдэг. Үүнээс үлдэж буй өчүүхэн хувь болох 2.5 хувийг нь л хүн хэрэглэж болох цэнгэг ус эзэлдэг. Гэвч дээрх цэвэр усны ихэнх нь мөнх цас, мөс хэлбэрээр тогтож, хүн төрөлхтөнд ердөө л 0.25 хувь нь ашиглагдах боломжтой хэлбэрээр байгальд оршиж байна.
Байгалийн цэнгэг усны экосистемд хүний үйл ажиллагаа ихээхэн нөлөөлсөөр ирсэн ба дэлхийн бараг өнцөг булан бүрт хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхай, хотжилтын үсрэнгүй хөгжил, хүн амын эрчимтэй өсөлтөөс хамааран дэлхийн гадаргын болон гүний усны горим доройтсоор байна.
Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Цаашид энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ийм нөхцөлд амьдарч болзошгүй байна гэсэн мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан байна.
Ундны усны бохирдол
Байгаль дээр буй ундны цэвэр усны бохирдлын гол эх үүсвэр нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Зарим тохиолдолд байгалийн гаралтай бохирдлууд үүсдэг ажээ. Байгалийн гаралтай шалтгаанд дэлхийн дулаарал, ган, хуурайшилт зэрэг багтдаг байна.
Сүүлийн 60 жилийн мэдээгээр Монгол орны агаарын хэм 1.5 хэмээр нэмэгдэв. Энэ нь ч өнөө зуны хэт халалтаар улам бүр мэдэгдэж байна. Энэхүү дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж, зарим гол нуурын ус нэмэгдэх болов. Гэвч энэ нь сайн зүйлд хүргэхгүй гэж үздэг байна. Учир нь хуурайшилт ихэсч, сөрөг нөлөө үзүүлснээр усны нөөц эрс татарна гэж эрдэмтэд тооцжээ.
Харин хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй шалтгаанд усыг эцэс төгсгөлгүй мэт сэтгэсэн хайр гамгүй хэрэглээ, зөөвөрлөлт, тээвэрлэлтийн явцын усны алдагдал, усыг хэт үрэлгэн хэрэглэдэг болон бохирдуулагч хоцрогдсон үйлдвэрлэл, хог хаягдал, хотжилт, уул уурхайн технологи, газар тариалангийн усалгааны систем, гүний усны төвшинг тэнцвэржүүлэгч мод бут, ялангуяа голын ай савын дагуух бургас зэргийг огтлох, устгах, усны ойр орчмын аж ахуйн нэгж, уул уурхайн сөрөг үйл ажиллагаа зэрэг багтана.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр хүн төрөлхтнийг өвчлүүлж буй халдварт өвчний 80 гаруй хувь нь ундны усны хомсдол, бохирдолт зэргээс шалтгаалдаг байна. Усны хадгалалт, хамгаалалт хангалтгүй, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, огт байхгүй зэргээс усанд бактери үржин гэдэс ходоодны өвчний эх үүсвэр болдог.
Мөн ундны усанд тохиромж муутай хатуулаг ихтэй усыг хэрэглэх нь бөөр, элэг, ходоод гэдэсний өвчний шалтаг болж байна. Энэ мэтчилэн цэвэр усны тэгш бус тархалт, ундны усны бохирдолт, чанар, хомсдлын улмаас дэлхий дээр олон сая хүн нас барж байгаа харамсалтай дүр зураг байсаар байна.
Бид усаар баян уу
Манай улс ундны цэвэр усны нөөц багатай, усыг зүй зохистой хэрэглэж хэвшээгүй, усыг үнэлэх, хайрлан гамнах, хамгаалах талаар доголдолтой орны тоонд ордог. Гүний цэнгэг усаар машин угаадаг, бохирын хэрэглээнд цэвэр ус ашигладаг орон манайхаас өөр байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Манай орны говийн бүсийн хүн амд байгалийн нөөц баялгаас хүртэх боломж хийгээд улс төр, эдийн засгийн аливаа үйл явцаас үүдэлтэй нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөлөөс үзүүлэх дарамт шахалт харьцангуй хүндээр тус байна.
Хөдөө орон нутгийн иргэдэд хүрч буй баталгаат ус хангамжийн хүртээмж 39.2, харин сайжруулсан ариун цэврийн байгууламж  26.6 хувьтай байгаа нь  дэлхийн дунджаас 20 хувиар доогуур байна. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улс ундны усны хомсдолд орж, уул уурхайгаас олж буй баялгаас илүү хөрөнгийг ундны цэвэр усны хайгуулд зарах бодит аюул нүүрлэх магадлалтай.
Улаанбаатар хот өдгөө 1.3 сая хүн амтай болж, иргэд ганцхан цэгт төвлөрч, нягтарч амьдрах болов. Хэдийгээр бусад улс оронтой харьцуулахад энэхүү төвлөрөл бага мэт харагдах ч ундны цэвэр усны нөөц хомсдолтой, хэрэглээнд хяналт тавьж хэвшээгүй манай улсад хэт их нягтрал юм.
Иймээс ч өнөөдөр Улаанбаатар хотын хувьд усан хангамж хамгийн чухал асуудал болоод байна. Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэд ундны цэвэр усанд хайр гамгүй хандаж, усыг гамнах, хамгаалах сэтгэхүй, ухамсаргүйн улмаас хоногт 200 литр ус хэрэглэдэг гэсэн судалгааны дүн байна.
Гэтэл өндөр хөгжилтэй, усны үнэ цэнийг хамгийн эрхэмд тооцдог Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 литр, Германд 100-110 литр ус хэрэглэдэг. Хэдий Улаанбаатар хотын орон сууцны иргэдийн усны хэрэглээ хангалттай төвшинд байгаа боловч усны чанарын асуудал хангалтгүй байдаг.
Өөрөөр хэлбэл тогтоосон хэмжээнээс давсан хатуулагтай, зэв, бохирдолтой ус хэрэглэх нь энгийн үзэгдэл бөгөөд энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нелөөлж түүнээс улбаалсан өвчлөлийг нэмэгдүүлж байна.
Гэр хороолол ба ундны цэвэр ус
Нийслэл хотын нийт иргэдийн 60 орчим хувь амьдардаг гэр хороолол нь үндсэндээ шаардлага хангасан усан хангамж, ариутгах татуургын системгүй байна. Энэ нь ахуйн орчноос үүдэлтэй өвчлөл, хөрсний биологийн бохирдлыг үүсгэх үндэс нь болдог. Гэр хороололд оршин суугч нэг хүний хоногийн усны хэрэглээ нь төвлөрсөн инженерийн хангамжтай орон сууцны оршин суугчаас даруй 30-40 дахин бага байна.
Нийслэл хотын гэр хороолол, зуслангийн 180 мянга гаруй айл өрхийн энгийн бие засах газар, муу усны нүхний улмаас хөрс, хөрсний ус, агаар ихээхэн бохирдож байна. Цаашид цэвэр усны шугамыг ариутгах татуургын шугам сүлжээтэй хамт барих, шугам сүлжээг гэрт нь оруулан холбох зайлшгүй шаардлага байгаа талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.
Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Усны олборлолт Улаанбаатар хот орчимд тогтоогдсон усны нөөцөөс давахаар төлөв үүсчээ.
Ус ба хүний эрх
Хүний амь, амьдрал уснаас бүрэн хамааралтай байдаг тул усны чанар, нөөцийн асуудал хүний эрхийн асуудлын нэг байх нь зүй ёсны хэрэг юм. Цэвэр усаар хангагдах эрхийн талаар хамгийн анх 1977 онд Map дэ Платагийн төлөвлөгөөнд орсон байдаг. Үүнд: “Эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн төвшнөөс үл хамааран хүн бүр ундны усны үндсэн хэрэгцээгээ ижил хэмжээ, чанарын төвшинд хангуулах эрхтэй” гэж заажээ.
Ийнхүү цэвэр усаар хангагдах эрхийг хүний эрхийн хүрээнд, олон улсын эрх зүйн тогтолцоонд тусган авч үзэхээс гадна үндэсний хэмжээнд улс бүр өөр өөрийн хууль тогтоомж, шийдвэрээрээ баталгаажуулсаар байна. Үндэсний хэмжээнд хэд хэдэн улс цэвэр усаар хангагдах эрхийг хүний эрх хэмээн Үндсэн хуульдаа тусгайлан заасан байна. Тухайлбал Замби, Уганда, Этиоп зэрэг Африкийн улс, Экуадор, Иран зэрэг хэд хэдэн улс байдаг.
Манай улсын хувьд цэвэр усаар хангагдах эрхийн асуудлыг Үндсэн хуульдаа шууд тусган зааж өгөөгүй ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээн хүний үндсэн эрхийн хүрээнд нийтлэг байдлаар зохицуулж, хамгаалж өгсөн.
Үүнээс гадна ус түүнтэй холбогдох харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Газрын тухай, Хүнсний тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Усан замын тээврийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.
Ундны цэвэр ус ба Монгол хүний эрх
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос 2013 онд Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг үндсэн эрхүүд зөрчигдөж байгаа талаар тусгайлан авч үзсэн.
Уг илтгэлд манай орны байгаль орчин, газар, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол ихэсч байгаад уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа ихээхэн нөлөөлөл үзүүлж байгаа талаар судалгаа, баримт дээр үндэслэжээ.
Монгол Улсын уул уурхайн гол үйлдвэрлэл гадаргын ус хомс говь нутагт төвлөрч байгаа ба уул уурхайн үйл ажиллагаанд шаардагдах усны хэмжээг тухайн газар нутгийн усны нөөцтэй уялдуулан төлөвлөх шаардлагатай байгаа талаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь удаагийн илтгэлд тусгасан.
Хэрэв энэ ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол говийн бүсийн байгаль-экологийн системд томоохон хохирол учирч, үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, амьдралын төвшин, нийгмийн хөгжилд, улмаар үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх аюултай байна.
Цэвэр усаар хангагдах эрх нь хүн бүр хангалттай хэмжээнд, аюулгүй, бие махбодын хувьд хүртэх боломжтой усыг хүртээмжтэй байдлаар хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэх эрх юм.
Хүний амьдралын ая тухтай орчин, биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийн эрх, амьдрах, хүн нэр төртэй байх, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг маш олон эрхийн хангагдах үндэс, суурь нь цэвэр усаар хангагдах эрх болдог.
Ус нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагддаггүй. Тиймээс ус хамгаалах асуудлаар олон улс орон хамтран ажиллахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн олон төрлийн салбарын төлөөлөгчид үүнд нэгдэх шаардлагатай.
Бид гэр ахуйн хэрэгцээндээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг өдөр тутамдаа усыг тасралтгүй хэрэглэдгийн хувьд түүнийг хамгаалах, хууль эрх зүйг хэрэгжүүлэхийн төлөө шинэ бодлого, эрч хүчтэй үйл ажиллагааг эхлүүлэх цаг болжээ.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж: “Монголын Үнэн” сонин

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …