“Жангар”-ын орд музейн өмнөх өргөн талбай
“Жангар”-ын орд музей Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны Тарвагатай аймгийн Ховогсайрын Монгол Өөртөө Засах Шяний төв Ховогсайр суурины Овоотын зүүн гудамжны умард этгээдэд байрладаг. Уг орд музейн барилга байгуулалтын ажлыг 2010 оны 5-р сарын 13-наас эхлүүлж, 2014 оны 7-р сарын 15-наас ашиглалтад оруулаад, төлбөргүйгээр үзэгчдэд нээлттэй болгожээ.
Энэ орд музей нь гол орд болон зүүн, баруун хоёр жигүүрийн ордоос бүрддэг. Гол орд нь 3288.5 ам метр талбайтай, газар доорхи 1 давхаргыг тооцвол нийт 4 давхартай барилга юм. Зүүн, баруун жигүүрийн орд нь тус бүр 2760 ам метр талбайтай, зүүн ордонд голцуу Ховогсайрын эдийн засаг, худалдаа, соёл зэрэг олон салбарын ололт амжилтыг үзүүлж байдаг бол, баруун ордонд голдуу Увш хун тайж тэргүүтэй Торгууд аймгийн нутаг усандаа буцан ирсэн түүхийг үзүүлсэн байдаг.
“Жангар”-ын орд музейн гол орд
Гол ордны үзүүлбэрүүдийг орчин үеийн тайзны ур технологид тулгуурлан бүтээсэн бөгөөд түүнийг музейн үзүүлбэрийн соёлын онцлогтой уялдуулж, кино-телевизийн дэлгэцийн үзүүлбэрийг орд музейн эд зүйлсийн үзмэрүүдтэй хослуулан, тайзны дүрслэх, тоглох урлагийн онцлог шинжийг уусган шингээгээд үзэх, тоглохын харьцааг үндсээр нь өөрчилсөн байна. Үүнд, нэгдүгээр давхар дахь “Үзэм төгс тэнгэрлэг нутаг” үзэсгэлэнд “Жангар”-ын тууль болон түүний 12 баатрын үлгэр домгийн зургуудаар ханыг чимэглэж, тэдгээрийг автоматаар дэлгэж хуйлдаг хуйлмал зургийн хэлбэрээр зохиожээ. Хоёрдугаар давхар дахь “Жангар”-ын ордонд мультмедиагийн дижитал технологиор ханын дэлгэцэнд хүүхэлдэйн киноны хэлбэрээр “Жангар”-ын баатруудын үлгэр домгийг амьд дүрслэг харуулж байдаг. Гуравдугаар давхар дахь биет бус соёлын өвийн үзэсгэлэнд Ойрд Монголчуудын амьдрал ахуйн байдлыг харуулсан ханын зургуудтай бөгөөд уран бүтээлчид ур авьяасаа гайхуулан жүжгийн хэлбэрээр тоглож сонирхуулдаг ч бий. Дөрөвдүгээр давхрын зугаа цэнгүүний үзэсгэлэнд жуулчдын түр амрах, аялал жуулчлалын дурсгалын бараа бүтээгдэхүүн худалдан авах, эрдэм шинжилгээний хурал цуглааны зэрэг 3 танхимтай. Зүүн ордонд нь гуанз ресторан, худалдааны зориулалттай танхим зэрэг газрууд бий. Баруун ордонд нь кино үзүүлбэрийн болон зугаа цэнгүүний танхим зэрэг газрууд байдаг.
“Жангар”-ын орд музейн зүүн жигүүрийн орд
“Жангар”-ын өргөн талбайн ар талд гол орд, зүүн, баруун гар талд жигүүрийн хоёр орд байрладаг бөгөөд гол ордны үүдний индэрт хүртэл улаан өнгийн хивс дэвсэж чимэглэсэн нь маш өвөрмөц хээнцэр харагддаг. Талбайн төв хэсэгт “Жангар” болон түүний баатруудын баримал хөшөөг босгожээ.
“Жангар”-ын орд музей нь дэлхийн “Жангар” судлалын баримт материал, соёл шинжилгээ, уламжлал залгамжийн төв болсны хувьд хотын монгол соёлын агуулгыг баяжуулан, “Жангар”-ын соёлын хөгжлийн хүрээг тэлж, өв соёлын шинэ брэндийг босгон, тухайн нутгийн соёлын бүтээгдэхүүний зэрэглэлийг дээшлүүлж, Ховогсайрыг соёлын хүчирхэг шянь /хошуу/ болгон хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
“Жангар”-ын орд музейн баруун жигүүрийн орд
Жангар болон түүний баатруудын хөшөө
Жангар болон Агай-шавтал хатан
Жангар болон түүний баатруудын хөшөө
Жангарын хөшөө
Жангарын аяга
Ханын зураг
Ханын зураг
Ханын товгор /хөөмөл/ сийлбэр
Амьтны чихмэл
Байлдааны модон тэрэг
3 хэмжээст киноны зураг
Жангарын дуулга
“Жангар” судлалын ном зохиолууд
“Жангар” зурагт номууд
“Торгуудуудын нутагтаа буцаж ирсэн түүх”
Увш хун тайжийн хөшөө
Цэвэгдорж чин вангийн хөрөг
Увш ханы хөрөг
Зая Бандидын хөшөөний зураг
Увш хун тайж харъяат олноо дагуулан нутгаа зорин мордсон нь
Аялалын замд
Торгуудууд Цагаан хаант оросын цэргүүдтэй дайтаж байгаа нь
Торгуудууд нутагтаа буцаж ирсэн нь
Манжийн Тэнгэр тэтгэгч хаан Чэндэ хотноо Увш хун тайж тэргүүтэй торгуудуудыг хүлээн авч байгаа нь
“Торгуудуудын нутагтаа буцаж ирсэн нь” дурсгалын чулуун хөшөө
Хятадын Олон улсын радио