Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт:
Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна.
Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсныг онцлон тэмдэглэж байна.
Ингээд санхүүгийн тогтвортой байдлыг илэрхийлдэг зарим нэг үндсэн хүчин зүйлс манай улсын хувьд өнөөдөр ямар байгааг авч үзье.
Мөнгөний нийлүүлэлт:
М22014 онд 2011 оныхоос 66 хувиар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна.
Банкны системийн эрсдэл:
2016 оны эхний 6 сарын байдлаар дотоодын нийт хадгаламж 7,9 их наяд, харин зээлийн өрийн үлдэгдэл 12 их наяд төгрөг болж, макро эдийн засгийн тэнцвэр 4,1 их наяд төгрөгөөр алдагдаад байна. Нөгөөтэйгүүр, банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрч, 2011 оныхоос 11,6 дахин өссөн байна.
Хадгаламжийн хүү:
Хадгаламжийн дундаж хүү 2008 оныхоос буурсан ч, 2011 оноос эргэн өсч энэ оны зургадугаар сард 13,8 хувьд хүрсэн байгаа нь банкны систем дэх мөнгөний эрэлт ихэссэнтэй, арилжааны банкнуудын санхүүгийн чадавхи муудсантай, харин валютын хадгаламжийн хүү 2011 оныхоос 1,9 хувиар өссөн нь төгрөгийн ханшийн уналт болон Монголбанкны төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой тогтмол хийсэн интервенцтэй холбоотой. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.
Зээлийн хүү:
Төгрөгийн зээлийн дундаж хүү 2011 онд 15,5 хувь болж буурсан байсан нь энэ оны 6 сарын байдлаар 21,2 хувьд хүрч, 5,7 хувиар өссөнбайна. Банкны системийн эрсдэл эрс нэмэгдсэн болон банкнуудын татаж буй санхүүгийн эх үүсвэрүүдийн хүү нэмэгдсэн тул зээл олголтыг цаашид хумиж, үүнтэй уялдуулан зээлийн хүү мөн өсөхөөр байна.
Зээлийн хүүг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкны хувьд олон улсын байгууллагууд болон түншлэгч улс орнуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч, дотоодын банкны системд нийлүүлэхээс өөр боломж харагдахгүй байна.
Гадаадын хөрөнгө оруулалт:
2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалторж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ. Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр алдагсаны хамгийн тод жишээ гэж үзэж болно.
Гадаад худалдаа:
Гадаад худалдааны эргэлт 2015 оны эцэст 8,46 тэрбум ам.доллар болж, 2011 оныхоос 2,95 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт 2,2 тэрбум доллар, импорт 1,5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн 2 жил эерэг гарсан нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа сайн байсных бус, харин төгрөгийн ханш өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 орчим хувиар суларч, хөрөнгө оруулалт, иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин доройтсонтой шууд холбоотой гэж хэлж болно.
Төлбөрийн тэнцэл:
2016 оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн урсгал тэнцэл -93,6 сая ам.доллар, нийт тэнцэл -46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал ийнхүү буурсаны шалтгаан нь эдийн засгийн хямралтай, мөн төгрөгийн ханшийн сулралтай холбоотой. Төлбөрийн урсгал тэнцэл алдагдалтай гарна гэдэг нь манай улс дотооддоо бүтээсэн баялгаа гадагшаа зөөж байгаагийн илрэл бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 8 тэрбум 117,7 сая ам.доллартай тэнцэхүйц баялгаа гадагшаа алдсан байна.
Гадаад валютын албан нөөц:
2012 оны эцэст 4,1 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц жил улирал дараалан буурсаар энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдсэн.
Өнөөдөр төгрөгийн ханш огцом унаж байгаагийн үндсэн шалтгаан нь валютын нөөц шавхагдсантай холбоотой гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ:
Эдийн засгийн хямралын сүүдэр хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011-2015 оны хооронд 40 хувиар буурч, 900 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хувьцаа эзэмшигчид хүлээсэн байна.
Зээлжих зэрэглэл:
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/ агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.
Бизнес регистр:
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 134813 ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 66388 нь ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажил эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн дордсоныг, мөн бизнес эрхлэх орчин хэр муудсаныг харуулж буй хамгийн тод жишээ юм. Олон мянган ААН-үүд үүд хаалгаа барьсаны уршгаар ажилгүйдэл газар авч, иргэдийн орлого буурч, амьжиргааны түвшин эрс доройтоод байна. Өнөөгийн энэхүү хямралаас манай улс хувийн хэвшилдээ тулгуурлаж гарна. Энэ утгаараа юуны өмнө эдгээр компаниудыг үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжийг олгоход төрийн бодлого чиглэгдэх ёстой.
Монгол Улсын нийт гадаад өр:
Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна.
Нэгдсэн төсөв:
Сүүлийн 3 жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байна. Тиймээс нэн даруй төсвийн тодотгол хийж, төсвийн зарлагыг бууруулахгүй бол төсвийн зарлага оны эцэст 10,3 их наяд төгрөгт хүрч, алдагдал нь 5,1 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 21,1 хувийг давахаар байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн төсвийн алдагдал төсвийн орлоготойгоо дүйцэхүйц хэмжээнд хүрэхээр байна.
Төсвийн орлогын тасралтын талаар:
Нэмж хэлэх үг:
2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.
Нэгдсэн төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарч байхад, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчин зарлагаа өсгөн ард түмний өрийг нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд нийт 1 их наяд 135 тэрбум төгрөг баталж, 596 тэрбум төгрөгийн зээл аван, 553,8 тэрбум төгрөг олгосон байна.
Засгийн газрын өрийн үйлчилгээ:
2011 онд нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нийт 37,2 тэрбум төгрөгийг зээлийн хүүний төлбөрт төлж байсан нь 2016 онд 1 их наяд 85 тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна. Өмнөх Засгийн газар төсөвт тусгагдаагүй хөтөлбөрүүдийг өр тавин санхүүжүүлсэн, төсөвт ирэх ачаалал, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн зэргээс үүдэн зээлийн хүүгийн төлбөр цаашид ч хурдацтай нэмэгдэхээр байна. Мөн ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байна.
Засгийн газрын өр:
Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтэнд үүссэн хүндрэл:
Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна. Энэ мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай болно. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй байна.
Тодруулж хэлбэл, улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байгаа үнэн мөнийг олон түмэндээ бодитоор мэдээлэн ойлгуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч, манай Засгийн газар ирээдүйгээ өөдрөгөөр харж энэхүү хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж байна. Удахгүй УИХ, шаардлагатай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулж, олон нийтдээ мэдээлэх болно. Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үеийг Монголчууд бид хамтдаа даван туулах болно.