Эдийн засгийн хямралтай энэ цаг үед төсвийн алдагдал 1,2 их наядад хүрсэн талаар албаныхан мэдээлсэн байгаа. Тэгвэл эдийн засгийн хямрал, төсвийн алдагдлаа нөхөх, төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай болчихоод байгаа юм. Тиймээс УИХ-ын анхдугаар хуралдаан өндөрлөх үед УИХ-ын дарга М.Энхболд “Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотгол хийх шаардлагатай” гэж ярьсан байгаа.
Харин Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа бөгөөд улсын минь сангийн данс улайсан энэ үед, цаашлаад хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох боломжтой эсэхийг судлан үзэж байгаа боловч ер нь боломж бололцоо бараг байхгүй нөхцөл байдалд хүрсэн талаар гишүүд ярьж байна. Ийм хүнд нөхцөлд Мэргэжлийн Засгийн газар зардлаа танаж, бүсээ чангалах шаардлагатай болж байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр үе үеийн Ерөнхий сайд , Сангийн сайд нартай уулзахдаа зовлонгоо тоочоод авна билээ.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал амаргүй байна. Гэсэн ч Засгийн газар Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр харж хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж байна. Удахгүй УИХ болон олон нийтэд танилцуулна. Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг. Тэгэхээр өвөг дээдсийнхээ мэргэн сургаалыг бодож та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохоор урьсан юм. Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн та бүхний үг сургаал, зөвөлгөө манай Засгийн газрын ажилд үнэтэй санаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Харин Сангийн яамны нөхцөл байдлын талаар сайд Б.Чойжилсүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Мөн эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа талаарх мэдээллийг салбарын яамнаас нь Засгийн газарт дуулгажээ. Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг ойрын хэдэн жил хүнд нөхцөлд орж байгаагүй онцолсон юм.
Тэрбээр “2009 онд манай улсын гадаад валютын нөөц нийт нэг тэрбум 327,4 сая ам.доллар байсан 2012 онд энэ тоо огцом өссөн. 2012 оны 12 сарын 31-ний байдлаар гадаад валютын нөөцийн хэмжээ 4 тэрбум 125,8 сая ам.долларт хүрсэн. 2016 оны зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц маань нэг тэрбум 296,6 сая ам.доллартай тэмцэх хэмжээнд хүрч буурсан үзүүлэлттэй байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын тухай хууль бодлогыг өөрчлөхгүй бол нийтдээ 25,5 их наяд төгрөг зөвхөн төсвийн дутагдаж байгаа эх үүсвэрийг санхүүжүүлэх шаардлагатай байна. Тиймээс Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн хүнд нөхцөлд ирчихээд байна” гэв.
Эдийн засгийн энэ байдал иргэдийн амьдралд нөлөөлж, төгрөгийн ханш огцом унаж байгаа нь байдлыг улам дордуулж байна. Сангийн яамны судалгаагаар төгрөгийн ханш валютын ханшийн эсрэг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларчээ. Ингэснээр валютын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүгээс болж жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай хүлээж эхэлжээ.
Тухайлбал, Монгол Улс олсон таван төгрөгийнхөө дөрвийг нь өрөнд үлдсэн нэгийг нь бусад бүх зардлаа санхүүжүүлэх хүнд нөхцөл үүсээд байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолжээ. Ийнхүү улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байдалд орсныг сайд нь хүртэл хүлээн зөвшөөрчээ.
Zaluu.com