А.Азжаргал: МУИС сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан

aziaaaa   Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан МОХ-оос их, дээд сургуулийн  сургалтын төлбөр, виза карт зэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр МОХ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан А.Азжаргалаас зарим зүйлийг тодруулсан юм.

Одоогийн байдлаар сургалтын төлбөрөө тогтоосон их, дээд сургууль байна уу?

МУИС-аас бусад их, дээд сургуулийн удирдах зөвлөл хуралдаагүй байна. МУИС-ийн удирдах зөвлөл хоёр удаа хуралдахдаа сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Мөн ШУТИС 10-13 хувиар нэмсэн бол хувийн хэвшлийн Улаанбаатар, Үндэсний биеийн тамир зэрэг дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмнэ гэх мэдээлэл байгаа юм. Ингэхээр сургалтын төлбөр гурван сая дөхөж байна гэсэн үг. Оюутан хүүхэдтэй эцэг эхчүүдийн 41 хувь нь банкнаас зээл авдаг судалгаа байдаг. Энэ нь өрөөс өр дамжсан сүлжээг таслан зогсооход Засгийн газраас анхаарах байх гэж бодож байна.

Энэ асуудалд МОХ ямар байр суурьтай байна?

Манайхаас сургууль бүрийн удирдах зөвлөлд нэг төлөөлөл орж ажилладаг. Тэднээр дамжуулан сургалтын төлбөрөө нэмсэн их дээд сургуулиудад шаардлага хүргүүлж байна. Энэ жил сургалтын төлбөрийг нэмэх ямар ч үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байгаа. Хэрэв нэмэх болвол инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох нь зүйтэй юм.

Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил яах бол?

Манай улсын 175 мянган оюутны 80 мянга нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг. Гэтэл ердөө 14 мянга нь оюутны дотуур байранд ордог. Гэвч оюутны байр хүрэлцээ муутай, чанарын шаардлага хангаагүй байдаг. Оюутны байрын үнийг ч нэмэхдээ инфляцийн түвшинг харгалзах хэрэгтэй. Энэ оны улсын дундаж инфляци 8,3 хувь байгаа үүнээс харахад байрны үнэ болоод сургалтын төлбөрийг 8-10 хувиар л нэмэх боломжтой.

Оюутны байрны засварын ажил дууссан уу?

Улаанбаатар хотод нийт 43 дотуур байр ажилладаг. Тэдний 80-90 хувь нь удаан хугацаанд ашиглагдсан. Манайх ОБЕГ болон МХЕГ-тай хамтран жилд хоёр удаа шалгалт явуулдаг. Сүүлд энэ хавар шалгаж засвар хийх шаардлагатай газруудад шаардлага хүргүүлсэн. Ирэх долоо хоногоос дахин шалгалт хийнэ. Гэхдээ ШУТИС-ийн 3-р байр, МУБИС-ийн 2-р байр зэрэг ашиглалтаас гарах хугацаа нь болчихсон барилгууд байгаа.

Оюутнууд 1000 оюутны байрыг ашиглалтад орохыг хүлээж байна?

Энэ сарын 05-нд БШУЯ-ны барилга захиалагчийн албатай уулзахад 20-ны дотор хүлээлгэж өгнө гэсэн. Гэтэл одоо дотоод засал гэх мэт ажлууд нь бүрэн дуусаагүй байгаа. Ямар ч байсан санхүүгийн бэрхшээлүүд нь шийдэгдсэн учраас ирэх сард багтаан хүлээн авч ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ирэх сард ашиглалтад орж чадвал ямар зохион байгуулалтаар оюутнуудыг авах вэ?

Байрны хувьд хоёр, гурав, дөрвөн хүний өрөөтэй байна. Эхний ээлжинд төрийн өмчийн 12, хувийн хэвшлийн 25 сургууль оюутнаа оруулах санал ирүүлсэн. Бид сургууль бүрт тэгш эрх олгож, БШУЯ-тай хамтран квот гаргана. Харин ямар оюутнууд оруулахаа тухайн сургуулийн сургалтын алба шийднэ. Үнийг БШУЯ болон тэдний барилга захиалагчийн алба,  МОХ хамтран журмаар тогтооно. Бидний зүгээс боломжийн хэмжээнд барихыг хичээнэ.

Энэ жил хэдэн оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих вэ. Виза карт, наалтны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

Нийт 113 мянга оюутан үнэ төлбөргүй зорчино. Ахлах курсийн оюутнууд хавар тарахдаа захиалгаа өгсөн одоо 57000 оюутны наалт, виза карт бэлэн болсон. Шинээр элсэж буй оюутнууд намар сургуулийн оюутны зөвлөлөөрөө дамжуулан захиалгаа өгнө. Виза картыг энэ жил Төрийн банктай хамтран гаргасан бөгөөд оюутнууд сургалтын тэтгэлэг болон лизингийн үйлчилгээ авч болох юм. Ирэх сарын 15 гэхэд бүгд виза карт, наалтаа авч дуусах юм.

Наалтны нууцлалыг хэрхэн хийсэн бэ?

Наалт нь нууцлалтай серийн дугаартай байгаа. Оюутан бүр өөр өөр дугаартай наалттай байх бөгөөд мэдээллийн бааз нь бидэнд хадгалагдаж байгаа учраас хуурамчаар үйлдэх, хүний виза ашиглах зэрэг зөрчил гарах боломжгүй.

Захиалгаас хоцорсон оюутнууд яах вэ?

Шинээр элсэгчидийн наалт виза гарч дууссаны дараа үлдсэн хяналтын тоон дээр нь захиалан авч болно.

Б.Будхүү

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …