Рио-2016 Олимпийн наадмын сонирхогчийн боксын төрөлд манай улсаас зургаан тамирчин оролцож, нэг нь тэмцээнээ өндөрлүүлсэн бол тав нь тоглолтоо үргэлжлүүлж байна. “MNB” телевизийн шууд сувгаар Монголынхоо боксчдын тоглолтыг тайлбарлан хүргэж буй Дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнг “Зууны мэдээ” сонин редакцийн зочноор урьсан юм. Боксын спортын эргэн тойрон дахь асуудлаар түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Ингэхэд та “MNB” телевизийн шууд сувгаар Монголынхоо боксчдын тэмцээнийг тайлбарлах гэрээг хэзээ хийсэн бэ?
-Мэдэхгүй, надтай гэрээ хийнэ гэж байснаа сүүлдээ тэр нь байхгүй болчихсон шиг билээ. Гэсэн ч тайлбарлаад явж байгаа шүү дээ.
-Бас Боксын холбооноос таны нэрийг тайлбарлагчаас татсан гэж дуулдсан. Бокс сонирхогчдод тэр мэдээлэл харамсалтай санагдаж байсан. Харин та тайлбарлаад гараад ирсэн?
-“MNB” телевизийнхэн өөрсдөө над руу ярьсан. Хэзээ гэхээр бүр Лондоны Олимпийг дуусахад “Таныг Рио-гийн олимп дээр тайлбар хийлгэнэ шүү” гэсэн. Ингээд Рио-2016 Олимпийн наадам эхлэх үед яриад “Тантай гэрээ хийж, боксын тоглолтыг тайлбарлуулна” гэсэн. Би татгалзаагүй. Очоод гэрээгээ уншиж танилцаад гарын үсэг зурсан. Гэтэл жаахан байж байснаа эргэж утсаар яриад “Тантай гэрээ хийхгүй юм байна. Танай Боксын холбооноос янз бүрийн бичиг ирсэн. Танаар тайлбарлуулахгүй гэж байна” гэсэн. Би юм хэлээгүй. Ингээд байж байтал дахиж утасдаад “Танаар тайлбарлуулахаар боллоо” гэсэн. Тэгэхээр нь харин “Наана чинь юу болоод байгаа юм бэ. Би тэр Боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан руу яръя” гээд ярьсан юм. Ц.Батнасантай ярихад “Бичиг өгөхийн хувьд би өгсөн л” гэж байна лээ. Бокс тайлбарлалаа гээд би ямар Боксын холбооны ажлыг авах гээд байгаа биш. Ямар УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж байгаа биш, зүгээр л боксоо, хэдэн боксчныхоо тоглолтыг л тайлбарлана шүү дээ. Угаасаа Боксын холбооны өнгөрсөн дөрвөн жилийн ажилд би оролцоогүй. Тэнд тоглож байгаа хоёр боксчны тоглолтыг тайлбарлахаас биш боксын холбооны ажлыг ярих шаардлага надад байхгүй гэж хэлсэн чинь “Тэгье, тэгье. Хоёулаа ээлжлээд тайлбарлаад явъя” гэж байна лээ. Тэгээд ээлжлээд тайлбарлаад явж байна.
-Рио-2016 зуны олимпийн наадам эхлээд тав хонож байна. Манай улсаас энэ удаа зургаан боксчин олимпийн эрх авч явсан. Гурав нь тулаанаа хийснээс нэг нь тэмцээнээ өндөрлүүллээ. Сугалаа тодорхой болсон учраас тулаанчдын өнгийг та юу гэж харж байгаа бол?
-Манайхны учраа тун гайгүй таарсан. Яагаад гэвэл боксоор алдартай Куба, Америк гэхчлэн орнууд нөгөө хэсэгт орсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэр боксоор гайгүй, энэ сайн гэлтгүй дэлхий тэр чигээрээ боксоор даяаршиж байна. Ямар ч орны тамирчин гарч ирээд аль улсын аваргатай тэнцүүхэн үзэлцэж, зарим нь хождог болчихсон. Бокс бас барьцгүй спорт. Шүүлтэн дээр ч янз бүрийн юм гарна, эрийн чадлаараа ялах нь ч байна. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар Монголын Боксын холбооны үйл ажиллагаанд оролцолгүй явж ирсэн. Лондоны Олимпийн цикльд ч оролцоогүй. Тийм болохоор манай тамирчид шинжлэх ухааны ямар үндэслэлтэйгээр яаж бэлтгэл хийснийг нарийн мэдэхгүй. Телевизээр тайлбарлаж байгаа маань өрсөлдөж байгаа хоёр тамирчны тоглолтыг хараад үнэлэлт, дүгнэлт өгч байгаа үйл явц. Мэддэг зүйл учраас ярихад ядах юмгүй шүү дээ. Боксчиддоо бүгдэд нь амжилт хүсч, сайн байгаасай, медальд хүрээсэй гээд залбирч, хүлээж байна.
-Куба, АНУ-аас гадна Оросын боксчид ч бас мундаг шүү дээ. Тэд нөгөө хэсэгт орсон ч медалийн төлөө бол манайхан таарна, тэгэхээр…?
-Орос нэг хэсэг сайн байсан, одоо бол тун хүндхэн байдалд оролцож байна. Куба Бээжингийн олимпоос ганц ч медальгүй явчихаад шигшээ багаа орвонгоор нь сольсон. Тамирчид нь ер нь сайн. Сүүлийн үед Эквадор, Финлянд гээд бокс байгаагүй газрууд энэ спортыг хөгжүүлжээ. Тэр, энэ сайн гэх юмгүй үзэлцэж байна. Гэхдээ тэд мундаг ч манайхан хожноо хожно. Илүү, илүү.
-Илүү гэснээс та бокс тайлбарлахдаа “Илүү, илүү, илүү” гэдэг брэнд үгээ яагаад хэлэхээ больчихов. Г.Ган-Эрдэнийн тоглолтыг тайлбарлахад чинь тэр үгийг хүлээж байлаа?
-Манай тамирчин дутуу байхад би яаж “Илүү шүү, илүү байна” гэх юм бэ. Би хараад мэдэж байгаа шүү дээ. Үнэхээр илүү байвал, илүү, илүү, илүү гэж хэлнэ. Манай үзэгчид өөрийн тамирчнаа л хараад байдаг. Гэтэл бид мэргэжлийн хүний хувьд манай тамирчин хэр тамирчинтай тоглож байна гээд өрсөлдөгчийг нь хардаг. Хэн нь сайн, муу тоглож байгааг бид түрүүлж хардаг. Г.Ган-Эрдэнийн өрсөлдөгч сайн тамирчин байсан. Манай тамирчин ч сайн тоглодог. Гэхдээ ядарч сульдсан харагдсан.
-Тэгвэл “Жижиг Үүеэ, бага Үйтүмэн” гэж нэрлэдэг Боксын шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнийг та юунаас болж ялагдсан гэсэн дүгнэлт хийв?
-Бокс жин нарийн үздэг спорт. Олонх нь жингээ хасч оролцож байгаа. Энэ байдал нөлөөсөн байх гэж бодож байна.
–Тоглолтыг нь байнга үздэг үзэгчийн зүгээс харахад Г.Ган-Эрдэнийн хоёр талаараа өрдөг, дороо зогсч байгаад хүнд цохилтууд хийдэг гоё тоглолтууд нь гарсангүй. Өрсөлдөгч нь хүндхэн учраа байв уу, эсвэл анхны олимп учраас биеэ барьчихав уу?
-Тамирчин хүн ямар ч учраа таарсан, тэр хүн хоёр гартай байна уу, гурван гартай байна уу тоглох л ёстой. Яаж ажиллахаа багш, дасгалжуулагчтайгаа ярьж тактикаа боловсруулж тоглодог. Ер нь бол өрсөлдөгч тамирчиндаа ч, шүүгчдээ ч буруу өгч болохгүй, өөрөө өөртөө л хариуцлага хүлээх ёстой. Манай тамирчдын хувьд цагийн зөрүү их байсан. Гэхдээ олон хоногийн өмнө очсон учраас цагийн зөрүү гарчихсан байсан байх. Харин эрс тэс уур амьсгалтай газраас халуун оронд гэнэт очиж ядарч сульдсан болов уу гэсэн байдал ажиглагдсан. Надад ч ийм үе тохиолдож байсан, тамирчин байхад.
-“Жижиг Үүеэ” Ган-Эрдэнэ та хоёрыг хамаатан гэж дуулсан. Үнэн үү?
-Холын хамаатан.
-Наргиа болгож асуухад та хоёр хоёулаа боксчин. Юугаараа адилхан юм бэ?
-Сэлэнгэд төрж, өссөн. Ах дүү садан, айл аймаг нэг байсан. Хоёулаа бокс тоглодог. Хоёулаа шар царайтай /инээв/.
-Манай тамирчид цагийн зөрүү гаргана гээд эрт очсон юм байна. Дөхүүлж очоод бяртай байгаа дээрээ хүч үзэх боломж байжээ?
-Тийм үндэслэл байж болно. Гэхдээ эрт очсоны буруу байхгүй л дээ. Тэрийг тоохгүй явж ч болох. Одооны хүүхдүүд ямар болсныг мэдэхгүй байна.
-Одоо үлдсэн таван боксчин маань яах бол. Одоогоор Б.Түвшинбат нэг ялалт байгуулж, ОУХМ Д.Отгондалай хатуухан учраануудынхаа нэгийг өнөөдөр /өчигдөр/ ялж хүрэл медалийн төлөө тоглохоор шөвгийн дөрөвт шалгараад байна?
-Болоогүй шүү дээ. Манай бокс гурав ялж байж медаль дээр бууна. Тав ялж байж алтан медаль авна. Тэгэхээр хэд хэдэн даваа байна. Үүнийг харахгүйгээр яаран дүгнэж болохгүй. Тамирчдаа дэмжээд, залбираад байж байхаас гэж бодож байна.
-Шүүгчид дээр та юу хэлэх вэ. Б.Түвшинбаттай тоглосон Аргентиний боксчин байнга шахам тонгойгоод байхад сануулснаас өөр нөлөө үзүүлсэнгүй?
-Шүүгч сануулсан нь сайн. Тонгойх маш муу. Гай болж тохой, өвдөг мөргөвөл хөмсөг, хацар задарч тэр хүн л хохирно. Харин тамирчин хүн нэгэнт рингэн дээр гарсан бол тамирчинтай, шүүгчтэй юутай хийтэй нь ялах ёстой. Түүнээс шүүгчид бурууг өгөөд байх юмгүй. Тэмцээн эхэлснээс хойш харж байхад шүүгчдээс торгууль өгөхгүй байна. Энэ нь нэг талаас боксын спорт хөгжиж, тамирчид маш цэвэрхэн тоглож байна, алдаа бараг гаргахгүй байна. Дэлхийн боксын холбооноос шаардлага бас сайн тавьж байгаатай холбоотой.
-Энэ удаа манай боксчид шүүгчтэй оролцож байгаа нь давуу тал байх?
-Манайхаас Х.Хас-Эрдэнэ шүүгч ажиллаж байгаа. Шүүгчтэй байна гэдэг давуу тал байлгүй яахав.
-1996 оны Атлантагийн Олимпод манай улсаас боксын төрөлд та ганцаараа очиж байсан бил үү. Америкийн тамирчныг хожсон ч шүүгч эсрэг талд оноо өгч, үзэгчид эсэргүүцсэн түүхтэй Олимп санагдана?
-Ц.Даваацэрэн, Ж.Наранцогт бид гурав оролцож байсан. 60 кг-ын жингийн эхний шатанд би Доминиканы тамирчныг хожиж, хоёрдугаар тойрогт Америкийн тамирчинтай таарч хүч тэнцүүхэн үзээд дотроо хожчихлоо гэж бодтол шүүгч эсрэг талд оноо өгсөн. Харин Америкийн үзэгчид шударга юм билээ. Шүүгч, тамирчин руугаа ус, ундааны сав чулуудаж балласан. Тэр үед оноо далд, тоглоод дуусахад зарладаг байсан юм. Тэгээд 11:12 харьцаагаар би ялагдаж байлаа.
-Та түрүүн халуун газар бэлтгэл хийхээр сульдаад ядарчихдаг юм, надад ч ийм зүйл тохиолдож байсан гэсэн. 2000 оны Сиднейн Олимпийг хэлж байна уу?
-Тийм. Тэр Олимпод би олигтой амжилт гаргаагүй. Өмнө нь Азийн аваргын тэмцээнд ялж байсан Киргизийн боксчинд ялагдсан. Сиднейд очихоос сарын өмнө Кубад очиж нэг сар бэлтгэл хийсэн. Халуун газар гэнэт очоод бүтэн сар бэлтгэл хийхээр хүн ядраад сулбайчихдаг юм билээ. Тэгэхээр ямар чадал, хүч гарах вэ дээ.
-Лондон-2012 олимпийн циклийн үеэр боксын холбооны ажилд оролцоогүй хол байсан учраас мэдэхгүй гэлээ. Бээжин-2008 олимпийн наадамд манайхан амжилттай оролцсон тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Нэгдүгээрт, цаг агаар, сэтгэл санааны хувьд өөр орчин нөхцөлд байсан. Хоёрдугаарт, Д.Банди багшийн тактик, зөвлөгөө мундаг шүү дээ. Д.Банди багшийн авч гарсан тамирчин тоглолтын үе ахих тусам сайжирдаг. Би тэгж боддог. Нэгдүгээр үед жаахан тиймхэн тоглосон бол багшаас зөвлөгөө аваад гарахад илүүрхээд ороод ирдэг. Гуравдугаар үед ялаад гараад ирдэг. Тэгэхээр сайн зөвлөгч, тамирчныхаа тактикийг мундаг зохиож чаддаг. Өрсөлдөгч тамирчнаа сайн харж чаддаг, алдааг нь тооцож чаддаг гэж би багшийгаа үнэлдэг.
-Ингэхэд энэ удаагийн олимпод манай боксын баг тамирчид яагаад Д.Банди багшийг авч яваагүй юм бол?
-Авч яваагүй байна лээ. Уг нь явсан бол тэнд мундаг зөвлөгөө өгөх байсан хүн шүү дээ.
-Та багштайгаа хэр холбоотой байна вэ?
-Олимпийн тоглолт ид явагдаж байна. Багштайгаа өдөр бүр утсаар ярьж байгаа.
-Ямар тойм хийж байгаа бол…?
– Одоо хэлж болохгүй ээ. Бразилууд сонсчихвол медаль өгөхөө больчихно шүү дээ, чимээгүй байгаад зодоод авчих нь дээр /наргив/.
-Та бол дотроо таамаглаж байгаа биз дээ?
-Би Д.Отгондалай, Б.Түвшинбат хоёрт найдаж байна. Э.Цэндбаатар сайн үзэх болов уу. Ер нь үлдсэн таван боксчиндоо итгэж байгаа шүү.
-Ингэхэд боксынхныг явахаас өмнө визний зөрчлийн асуудал гарч, 30 сая төгрөг үргүй зарж дахиж виз авсан гэхчлэн асуудал нэлээдгүй гарах шиг болсон. Зарим нь уйлаад үлдлээ гэж дуулдсаныг бодоход тамирчдын сэтгэл санаанд нөлөөлсөн байх?
-Манайхан транзит зааланд байж байгаад дамжаад явна гэж бодсон шиг билээ. Гэтэл Германаар дамжихаар транзит зааланд байсан байгаагүй заавал виз авдаг юм байна. Тэрийгээ ойлголцоогүйгээс болсон шиг байсан.
-Лондоны Олимпоос Рио-2016 хүртэлх цикльд Дэлхийн аваргын тэмцээн болдог. Энэ тэмцээнээс манайхан ганзага хоосон ирсэн. Өмнө нь Олимпийн наадамд дэлхийн аварга, азийн аваргаас медальтай явдаг байлаа. Тэгэхээр энэ удаа Монголын Боксын холбоо ч гэсэн хариуцлагагүйн дээр жаахан амжилт муутай оролцож байна уу даа. Та ямар дүгнэлт өгөх вэ?
-Хоёр олимпийн циклийн дунд мэдээж спорт юм чинь ялж ялагддаг л асуудал. Ганзага хоосон ирсэнд холбоодын ажил нөлөөтэй байх ёстой. Гэхдээ би үүнийг нарийн мэдэхгүй байна. Дотор нь орж ажиллаагүй байж хүний ажлыг дүгнэж хэлэх шаардлага надад байхгүй. Би боксынхныгоо амжилт гаргана л гэж бодож байгаа шүү дээ.
–Хамгийн сүүлийн тэмцээний дараа нэг харамсалтай мэдээлэл дуулдсан, та ч сонссон байх, тиймээс асуултаас бултахгүй гэж найдна. 49 кг-ийн жинд манай гол найдвар болж байгаа Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ийн жинд хүч үзэж буй Д.Отгондалай нараас допингийн төрлийн зүйл илэрлээ гэсэн мэдээлэл гарсан. Та сонссон уу?
-Жижигхэн юм дуулдаад өнгөрсөн. Сүүлдээ зүгээр болсон гэсэн шүү дээ.
-Үүнээс болж шигшээ багийн эмч Ч.Насанбат ажлаа өгөхөө мэдэгдсэн гэсэн. Тэгэхээр зүгээр жирийн зүйл биш юм биш үү?
-Би тэр талаар мэдэхгүй.
-Ийм юм сонссон тамирчны сэтгэл санаа хүнд байдалд орно биз дээ. Олимп дөхчихсөн байхад?
-Ийм мэдээлэл гарна гэдэг аюултай шүү дээ. Ид сайхан бэлтгэлээ хийж явсан тамирчинд ийм зүйл гараад ирэх юм бол хэцүү дээ. Гэхдээ надад нарийн мэдээлэл алга.
-Дэлхийн аваргаас манай ширэн бээлийтнүүд ганзага хоосон ирж, эмэгтэй боксчдын амжилт унасан тухай ид яригдаж байхад Монголын боксын холбоо шинэчлэгдэх асуудал тавигдаж байсан. Тэр тухай юу хэлэх вэ?
-Тэртэй тэргүй олимпийн нэг циклийн дараа спортын бүх холбоод тайлангаа тавьж, хурлаа хийж солигдох солигдохгүй, шинэчлэх шинэчлэхгүйгээ шийддэг. Мэдээж тэр хурал зөвлөгөөнөө хийх биз.
-Боксын холбооны зарим удирдлага би чадахгүй ээ гээд ажлаа орхиод явчихаж байна гээд хэвлэлээр зөндөө л гарсан даа. Та тийм нэг хуралд суугаад П.Сэрдамбыг чи чадна гэж авсан юм чинь ажлаа хий гэж загнасан гэж дуулдаад байсан?
-Дураараа өгөөд явдаг ажил биш гэж хэлсэн. Дүрмийн дагуу сонгогдсон сонгуульт ажил. Дуустал хий гэж хэлсэн юм. Сүүлийн үед дуртай нь болиод дуртайдаа өгөөд явдаг болсон шиг билээ. Яваандаа цэгцрэх биз дээ. Монголын боксын холбооныхоо дүрмээр явах байлгүй.
-Ингэхэд Боксын холбоо өнгөрсөн хугацаанд дүрмийн дагуу хуралдаж Ерөнхийлөгчөө томилсон юм уу?
-Мэдэхгүй, надад албан ёсоор хурал зөвлөгөөнд ир гэж хэлээгүй. Би оролцоогүй учраас нарийн мэдэхгүй. Албан ёсны хурал хийвэл хэлэх байх аа.
-Эцэст нь манай уншигчид болон монголчууддаа хандан та юу хэлэх вэ?
-Рио-2016 Олимпийн наадамд очсон тамирчдаа араас нь сайн ташуурдаж, дэмжиж, залбираад байж байя. Та бүхэн минь дэмжээрэй.
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин