Судалгаагаа тойроод хэрэлдсээр байх уу
Төрийн эрх мэдлийг авсан улс төрийн нам төсөв, мөнгөний авдрыг судалж үзээд таагүй үзүүлэлтүүдийг ил болгон иргэдийг цочирдууллаа. Бодлогоо хэрэгжүүлж, улсаа удирдах гэж байгаа тэд юун түрүүнд өөрсдөө цочирдсон нь тэр биз ээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл:
Мөнгөний нийлүүлэлт 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна.
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДӨРВӨН ШАТЛАЛААР БУУРЧЭЭ
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/ агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна.
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.
УЛСЫН ТӨСӨВ 1,8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТАСАРЧЭЭ
2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР 21,3 ИХ НАЯД ТӨГРӨГ
Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР 23,5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 210 хувийг даваад байна.
Шинэхэн сангийн сайдыг мэдэгдсэн тоонуудыг харах юм бол үнэхээр л цочирдмоор юм. Гэхдээ энэ бол 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл нөгөө талаасаа харах юм бол “аймаар” тоо гаргахаар их л хичээсэн мэт. Тухайлбал, нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар гээд дотор нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ч, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл /үндсэндээ бол хөрөнгө оруулалт/ -ийг ч нийт өрд багтаан ерөнхийдөө л баахан том том “аймаар” тоо харуулахыг зорьсон. Түүнийг нь ч хэвлэл мэдээллийнхэн, сошиал “идэвхтэн”-д шүүрч авч байх шиг байна. Тэгвэл нөгөө талаас ямар тайлбар байна вэ?
З.Энхболд: Сонгууль дууссан, Сангийн сайд аа?
Одоогийн байдлаар бол УИХ-ын экс дарга, АН-ын экс дарга З.Энхболд нүүр номын хуудсаараа дамжуулан Сангийн сайдад дөрвөн зөвлөгөө өгсөн байна. Үүнд тэрбээр:
САНГИЙН САЙДАД ӨГӨХ ЗӨВЛӨЛГӨӨ:
1. “Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг нэг их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Б.Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8 хувийн зээл, “Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа” хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33 хувийнх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд 4 жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь “төсвийн зарлагын реформ” юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнэ ээ” гэсэн байна.