Онцгой Байдлын Ерөнхий Газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд наймдугаар сарын 3-ны өдөр осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Мөн Булган аймгийн Хангал суманд тавдугаар сарын 29-ний өдөр осолдсон нэг иргэнийг үргэлжлүүлэн эрэн хайх ажлыг гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу хийж байна. Тухайн үед эрэн хайх, аврах ажиллагаа 29 хоног үргэлжилсэн ч олдоогүй.
2015 онд үерийн улмаас нэг хүн нас барж 55 айл өрх орон гэргүй болж байсан бол энэ тоо 2016 он гарсаар гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэлээ.
“93 ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ”
Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, найз нөхөд, хамт олноороо аялал, амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, сэрүүцэх зорилгоор усанд орох, үертэй голыг морь болон автомашинтай гатлах гэж ордог зэрэг шалтгаанаас болж олон хүн амь насаа алджээ.
Мөн “намар болж, жимс боловсорч гүйцэж байгаа улирал тул орон нутгийн иргэд самар, жимс түүхээр явах нь ихэсч байна. Гэтэл цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд дуу цахилгаантай бороо орох тухай мэдээг ирүүлж байгаа. Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээг зохион байгуулахгүй бол иргэд аюулт үзэгдэп, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг”ОБЕГ-аас анхааруулж байгаа юм.
“ЦАС ИХ УНАЖ, ИХ ХҮЙТРЭЛТ БОЛЖ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ”
ОБЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн “2016-2017 оны өвөл цас их унаж, их хүйтрэлт болж өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй талаар холбогдох мэргэжлийн байгууллага анхааруулсаар байна.
Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага сайн байгаа ч хадлангийн газар усанд автсан, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан байх эрсдэлтэйг харгалзан үзэж, өвөлжилтийн бэлтгэл ажилд тайвширч хандаж болохгүйг сануулж байна” гэлээ.