Ерөнхийлөгч Ц Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал өнөөдөр Төрийн ордын Их танхимд нээлтээ хийлээ. Уг хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж байгаа юм.

600x600

 

Уг хурлын нээлтийн чуулганд  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол судлалын их чуулган- Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаач Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 7 дугаар сард, Олон улсын монголч эрдэмтний XI их хурлыг 8 дугаар сард зохион байгуулж байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл-зуны олимпийн их наадам Бразил Улсад амжилттай үргэлжилж байгаа энэ цаг үед Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп Улаанбаатар хотноо ийнхүү эхэлж байна.

Монгол хэл, бичгийн эрдэмтний анхдугаар их хурал Улаанбаатар хотноо 1959 онд чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Ш.Лувсанвандан,  А.Лувсандэндэв, Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байна. Монгол судлалын галыг өрдөж, замыг зассан эрдэмтдийн араас олон шилдэг судлаач төрөн гарч, монгол судлал бэхжин хөгжиж яваа билээ.

/Б.Ринчен, Н.К.Рерих нарын дуу хоолойг сонсгов.

Монгол бол эртний түүхтэй, төрт ёсны баялаг уламжлалтай; түүх, соёлын арвин өвтэй “сонирхолтой” үндэстэн. Монгол Улс бол монгол үндэстний гал голомт, монгол хэл, соёл, сэтгэлгээний давтагдашгүй хэв маяг агуулсан тусгаар тогтносон улс билээ. Бид даяаршлын эрин цаг үед үндэсний ижилслээ хадгалахын сацуу хүн төрөлхтний ололт амжилт, хувьсал шинэчлэлтэй хөл нийлүүлэн урагшлахыг эрмэлзэж яваа “зорилготой” улс юм.

Монгол хүний бүтээсэн уламжлалт соёл нь нүүдэлчдийн ертөнцөд бүрэлдсэн, шинэ соёл нь суурин амьдралд голчлон бүтэж буй өвөрмөц шинжтэй. Өвөрмөц зүйл хүний анхаарал, сонирхлыг илүү татдаг. Тиймээс олон хэлийн судлаачид Монголыг “монгол” хэмээн тодруулдаг манай үндэсний хэл, соёлыг олон зууны турш шинжлэн судалж, тайлан тайлбарласаар ирлээ.

Эрдэмтэн судлаачид аа,

 Бид монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгаанд анхаарч, зарлиг шийдвэр гарган, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг Та бүхэн мэднэ. Миний бие 2011 онд болсон Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж байсан нь өдгөө нэгэнт биеллээ олж, уг сан байгуулагдан гадаад дотоодын монгол судлалын чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх; монгол судлаачдыг бэлтгэх, мэдээлэл солилцох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэхүү бодлогын хүрээнд Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдсан амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд уг санг тэргүүлэн ажилладаг юм.

2010 онд, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх; иргэний төрсний болон гэрлэсний гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Бидний- монгол хэлний салбарт хэрэгжүүлж буй бас нэгэн бодит ажил бол “Монгол хэлний их тайлбар толь” төсөл юм. Уг төсөл 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд монгол хэл сурах, судлах хүсэлтэй хүн бүхэн дэлхийн хаанаас ч хэрэгтэй үгийнхээ утга, бичлэг, дуудлагыг мэдэх төдийгүй монгол хэлний тайлбар толийн зохиогчоор оролцож, санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдсэн юм. Та одоо ч гар утсандаа монгол толь-ийг суулган, ашиглаж болно. Мөн Монгол Улсын Их хурлын баталсан Монгол хэлний тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэхүү зөвлөлийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд тэргүүлэн ажилладаг юм.

Мөн Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Улс үндэстнээрээ үүх түүхээ хэлэлцэн, өрнөх ирээдүйгээ бүтээх урам зориг авдаг “Монгол бахархлын өдөр”-тэй боллоо. Мөн хайрхдын хаан- Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хийлээ. Агуу их Чингис хаан, алдар суут уул ус Монголчууд бидний мөнхийн шүтээн билээ.

Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараахнаас эхлэн үндэсний түүх шастираа үргэлжлүүлэн бичиж, хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхаарал тавьж ирсэн юм. Монголын түүхийн цуврал зохиол: А.Амарын “Монголын товч түүх”, Л.Дэндэвийн “Дундад үеийн Монголын түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчуулганы “Манж, монгол холбогдсон түүхт байдал”, Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”-ийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болголоо. Эдгээр бүтээл бол Монголын түүх бичлэгийн содон дурсгал, монгол хэлний найруулан бичих уран чадварын хичээл болсон хосгүй зохиол юм. Энэхүү бүтээлийг монголч эрдэмтний их хуралд морилон саатсан Та бүхэнд ч бас хичээнгүйлэн барих болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэмжлэгээр Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээлээ. Мөн хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгууллаа.

Хийсэн ажил чамгүй байна, хийх ажил ч их байна. Бид энэ жил Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын их түүхийн цахим лавлах” номын төсөл; үндэсний сонгодог өвийг өвлөн уламжлагчдыг дэмжин “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлж байна. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүйг эндээс харж болно.

Шинжлэх ухааны байгууллагууд ч монгол судлалын чиглэлээр олон бүтээл гаргаж байна. Судалгааны уламжлалт талбар ч тэлж, монгол судлалын хүрээ өргөжиж байна. Иймд төрөөс монгол судлалын талаар баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг амжилттай удирдаж яваа залуу судлаачдыг бид цаашдаа улам дэмжиж ажиллах нь зүйтэй.

Монгол судлаачид залуу халаагаа бэлдэхэд улам их анхаарч ажиллах шаардлагатай байна. Судалгааны авьяастай, хичээл зүтгэлтэй залуусыг эрдэмд хөтлөх хэрэгтэй. Эрдмийн хүрээнд нутгархах үзэл, багш шавийн уламжлалаар талцах хэрэггүй юм. Үүнийг манай Монголын монгол судлаачид онцгой анхаарвал зохино.

Бид олсон ололтоосоо ухарч болохгүй. Монгол Улсын Их Сургуулийн ууган факултет Монгол хэл, соёлын сургуулийг сэргээн байгуулах хэрэгтэй. Монгол судлалын дээд сургууль байх ёстойг өмнөх их хурлын үед хэлж байснаа дахин сануулахад илүүдэхгүй буй за.

Монгол хүн бүр монголын судалдаг судлаач Та бүхэнд баярлаж яваа гэдэгт би итгэж байна. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд, хувь хүмүүс монгол судлаачдаа улам их дэмжиж байхыг уриалъя.

Судалгааны ажил бол амаргүй үйл хэрэг. Бэрхийг туулах гэж судлаач болсон Та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хүн бүр гурван цагийн хэлхээнд мөнх орших монголын нэрийг сайнаар дуурьсгах эрхэм үүргээ цаг мөч бүхэнд ухамсарлаж, улам их хичээж зүтгэх хэрэгтэй. Хичээвэл бид хэнээс ч илүү билээ. Та бүхэндээ баярлалаа.

Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрч, монгол судлал улам бүр хөгжих болтугай.

2016 оны 8 дугаар сарын 15

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …