О.Баасанхүү тонгорох цагаар

21d8bdb1956efda77f84a1e92ebd35e1original

Монголын улс төрийн түүхэнд анх удаа парламентын гуравдагч хүчин албан ёсны бүлэг үүсгэн ажилласан тохиолдол өнгөрсөн дөрвөн жилд гарсан. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эвсэл сөрөг хүчин болох МАН-аас ч илүү идэвхтэй ажиллаж, гүйцэтгэх засаглалд ч гараа лав дүрж, бүхий л асуудлуудын гол гогцоо, зангилаа болж ирсэн гэхэд хилсдэхгүй. Харин сонгуулийн системийг хуулийн хүрээнд өөрчилснөөр хоёр намын тогтолцоонд эргэн шилжсэн хэдий ч ард түмэн МАН-ыг дангаар нь шахуу сонгож орхисон билээ. Ингээд түүх болж үлдсэн “Шударга ёс” эвслийн бүлэг, МАХН-аас ганцаараа шовойн УИХ-д гарсан гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилд анх удаа парламентад суусан ч олон жил сонгогдсон гишүүдээс ч илүү их ярьж, хэлтэй, амтай байсан О.Баасанхүү байлаа.
МАХН парламентад цорын ганц суудалтай болсонд намын даргынх нь хийсэн алхмууд мэдээж хэрэг том нөлөөтэй байв. Магадгүй Н.Энхбаяр МАН-ын эвсэх саналд тоомжиргүй хандаж, амин хувийн асуудлаа намынхаа үйл хэргээс илүүд тавилгүй МАН-МАХН-ын эвсэл сонгуульд оролцсон бол үнэндээ Ардчилсан нам хэдэн суудал зулгааж хоцрох байсан нь сонин. Ингээд МАН-ыг үл тоомсорлосоныхоо горыг одоо Н.Энхбаяр улс төрийн замналаа уйтайгаар дуусгах л үлдээд байна. Мэдээж хэрэг Ерөнхийлөгчийн суудлыг жилийн өмнөөс хүсэмжлэн, ялсан намын даргын хувьд зүй ёсоор оногдох Ерөнхий сайдаасаа хүртэл татгалзсан М.Энхболд 2017 онд АН-аас нэр дэвшигчтэй өрсөлдөхдөө Н.Энхбаярыг санал хувааж гурав дахь нэр дэвшигч болоосой гэж хүсэхгүй байгаа. Юу үнэн, тэр л үнэн.
Тиймээс ч сонгууль дуусаж, засаг цэгцэрч амжаагүй байхад хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг оролдож эхэллээ. АН-ын өнгөн дээр тааваараа тарвалзаж, төрийн ордонд хүртэл заларсан Н.Энхбаяр МАН-ын нүүрэн дээр эртний өрсөлдөгчийнхөө гарт гүйгээд орлоо доо хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. Эртний өрсөлдөгч гэдгээр нь М.Энхболдыг ч нэрлэж болох, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч дурдаж болох. Нөхцөл байдал иймдээ тулсан тул МАХН одоо яах вэ. Сонгуулийн өмнөөс л намын даргатайгаа түр тар хийж, үүнийгээ хэвлэлээр нуулгүй ярьж хэлдэг байсан ганц гишүүн нь болох О.Баасанхүү одоо намаа парламентад суудалтай болгоод байгаа. Нэг ёсондоо түүнд том боломж гарна гэсэн үг. Үүнийг ч мань эр аль хэдийнэ олж харсан бололтой өнөөдрийн хэвлэлүүдээр “Гүйцэтгэх товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Н.Энхбаяр МАХН-ын даргаас огцрох ёстой, Бага чуулганы бүрэлдэхүүнийг шинэчлэн гаргаж яаралтай хуралдуул хэмээн О.Баасанхүү нам дотроо шаардаж эхэлжээ” гэсэн мэдээлэл цухалзаж байна. Овоо босгоогүй бол шаазгай суудаггүйн үлгэрээр энэ мэдээлэл ортой байж таарна.
О.Баасанхүү эзнийхээ төлөө хүнд үед нь хамгаалж зүтгэсэн үү, зүтгэсэн. Намынхаа төлөө даргынхаа эсрэг хатуухан үг чулуудсан уу, мөн л тийм. Тэгэхээр одоо МАХН-ын дарга болно гээд зүтгэчихэд Н.Энхбаяр О.Баасанхүүд хатуурхаж чадалгүй тонгоруулах нь тодорхой. Эс тэгвээс МАН-аас ч, АН-аас ч “зөөлөн, тав тухтай” саналууд ирж байгааг мань гишүүн өөрөө цухуйлгаад авсан. Ингээд л намаа орхино гэж айлгана. Улс төрийн тавцангаас арчигдахын даваан дээр байгаа намын гишүүд нь ганц парламентын гишүүнээ алдахыг хүсэхгүй. Тэгснээс карьераа хүссэн хүсээгүй өндөрлүүлэх гэж байгаа, намаа ялагдуулсан гэх зүй ёсны автортой, хуулийнханд ээрүүлсэн Н.Энхбаяраасаа тэд татгалзаж таарна.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …