Рио-гийн олимпод Монголынхоо нэрийг гаргаж, мөнгөн медаль энгэртээ зүүсэн Д.Сумъяагаар Монгол түмэн эргэлзээгүй бахархацгааж байгаа билээ. Монголын эмэгтэй жудочдоос анх удаагаа олимпийн медаль авсан бүсгүйгээр бахархахгүй ч гээд яахав. Тэрчлэн олимпийн мөнгөн медальт бүсгүйн сэтгэгдлийг нэг сайхан бүрэн дүүрэн сонсох юмсан гэсэн хүсэл Монголчуудад байгаа нь лавтай. Тэгвэл тэрбээр news.mn сайтын Рио-д ажиллаж байгаа сурвалжлагч Б.Бадамгаравт ярилцлага өгчээ. Тэрбээр алтан медалийн төлөөх Бразилийн бөх Силватай хийсэн барилдааныхаа талаар болон өрсөлдөгч бөхийнхөө талаар сонирхолтой зүйлийг өгүүлжээ. Түүний ярилцлаганаас ишлэн хүргэж байна. Тэрбээр “-Рафаэль Силва бол хүчтэй өрсөлдөгч. 2013 оны Дэлхийн аварга, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Мэдээж финалын барилдаанд гарч байгаа хүн бүх хүчээ шавхаад ялна даа л гэж бодно. Шүүлтийн талаар би тийм ийм гэж хэлмээргүй байна. Өмдөнд хүрсэн, хүрээгүй гэсэн яриа гарсан байсан. Барилдааны явцад бол би анзаараагүй. Сүүлд бичлэг үзэхэд барьцтай мэх хийсэн байж магадгүй юм шиг харагдсан. Гэхдээ энэ чинь жүдо. Бидний хэн ч байсан үргэлж ялна, дийлнэ гэж байхгүй. Би тэр бөхийн ялалтыг хүлээн зөвшөөрнө. Дэвжээн дээр өрсөлдөгчид болохоос бид адилхан л хүн шүү дээ. Барилдааны дараа Силвагийн тухай уншаад түүнийг их өрөвдсөн. Багадаа их хүнд хэцүү амьдрал туулсан, 2012 оны Лондонгийн олимпод амжилтгүй оролцоод ирэхэд нь түүнийг ямар олон хүн хэчнээн хатуу үгээр угтаж байсан. Тэр бүхнийг давж, өнөөдөр аварга болсныг нь бодоод надад хүндлэх сэтгэл төрсөн. Силва өнөөдөр олимпод аварга болж, баяр баясалтай, аз жаргалтай харагдаж байгаа ч өмнө нь юуг туулж ирснийг үнэхээр л өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Ялагдаад гэртээ харих, эмээж, эмзэглэх өдрүүд надад ч гэсэн байсан. Силва биен дээрээ их олон шивээстэй. Тэр шивээсүүд нь хүртэл утгатай байсан юм билээ.” гэсэн байна. Сэтгүүлч түүнээс “-Та хоёр аваргын төлөөх барилдаанаас хойш тааралдсан уу?” гэж асуухад -Тааралдаагүй. Харин шагнал гардуулах өмнө таарсан. Барилдааны үеэр миний гар шалбарчихсан байсан. Тэгээд би Силбад “Чи миний гарыг хазаад ийм болгосон” гээд харуулсан чинь “Би хазаагүй, миний шүдний аппаратнаас болж ийм зүйл болсон байна” гээд уучлал гуйж байсан. Шүдэндээ аппарат зүүсэн байсан юм. “хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Shuurkhai.mn