Д.Цогтбаатар: 30 сая төгрөгөөс дээш цалинтай удирдлагуудтай улсын үйлдвэрийн газрууд байгаа биз

159119-02042015-1427965576-1959391717-tsogtbaatar1

Засгийн газар, Сангийн яамны зүгээс Төрийн өндөр албан тушаалтнууд болон Төрийн захиргааны удирдах ажилтнууд, Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулж төсөвт хэмнэлт хийхээр болсон тухайгаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулах тухай шийдвэр гарсан нь олон нийтийг алмайрууллаа.

Шалтгаан нь Монгол Улсад 30 саяас дээш төгрөгийн цалин авдаг компанийн захирал байдаг, тэр нь хувийн хэвшлийн биш Төрийн өмчит компанийн захирлууд байсанд оршиж байв. Эгэл жирийн Төрийн албан хаагчийн насаараа хөдөлмөрлөөд ч олохгүй мөнгийг, залуу гэр бүлүүдийн мөрөөдөл болсон байрны урьдчилгаа төлбөрийг Төрийн гэх тодотголтой компаниудын удирдах албан тушаалтнууд нэг жил, нэг сарын дотор авдаг гэдгийг мэдээд олон түмний нүд орой дээрээ гарсан нь тэр. Сураг сонсох нь ээ, олны нүдийг орой дээр нь гаргасан цалинг “Эрдэнэт” үйлдвэр болон Иргэний нисэхийн ерөнхий газар, Эрдэнэс Монгол, Улаанбаатар төмөр зам гэх мэт компаниудын удирдах албан тушаалтнууд хүртэж суудаг бололтой.

Шат, шатны дарга нар нь шахааны бизнесийг утгаар нь цэцэглүүлдэг гэх шүүмжлэлд өртдөг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс бусад Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах нь бүү хэл алдагдал хүлээдэг гэх хэл ам таталсаар ирсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Тэрбээр, “Төр компани байгуулж, бизнес хийх нь ихэнх тохиолдолд оновчгүй байдаг тул би үүнийг онцгой тохиолдлоос бусад нөхцөлд дэмждэггүй, эсэргүүцсээр ирсэн.

30 сая төгрөгөөс дээш цалинтай удирдлагуудтай улсын үйлдвэрийн газрууд байгаа биз?! Тэдний цалин хамгийн багадаа 5 саяас эхэлж байгаа юм. Эдийн засаг хямраад, хүмүүс граммын хэрэглээ рүү шилжээд хэдэн жил болж байхад ийм л цалингаа авсаар өдийг хүрч. Гэтэл ашигтай ажилладаг Төрийн өмчит аж ахуйн нэгж гэж би дуулаагүй л юм байна. Аж ахуйн нэгж нь ашиггүй, татвар төлөгчдийн мөнгөөр “татуулж” амьдраад байхад цалин нь улс орны цалингийн дунджаас тасарчихсан. Ийм цалин олгодог хувийн компаниуд байхгүй байх (гадаадын хөрөнгө оруулалттай 1-2 томыг оруулахгүйгээр тооцвол). Мэдээж зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд үр ашигтай ажиллавал цалин хэд ч байж болно. Даанч миний л мэдэхийн Төрийн компаниуд бүгд алдагдалтай байдаг.

Төрийн өмчит компаниуд байхад авилга, шахааны бизнес, танил тал, төрөл садангийн томилгоо хэзээ ч зогсохгүй. Хувийн компанийнхаа удирдлагаар хэзээ ч томилохооргүй хүнийг л юман чинээ бодолгүй томилчихсон байх тохиолдол их шүү дээ.

Иймээс юм л бол ард түмний өмч хэмээн далайлгаж, Төрийн өмчид бүхнийг авч захируулах гэсэн, өнгөц харахад шударга маягтай, үнэн хэрэгтээ зальхай сэдэлтэй хандлагаас бид салах л хэрэгтэй байгаа юм даа. Энэ дашрамд манай ДНБ-ний 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг гэдэг ойлголт эхнээсээ л эргэлзээтэй байсан, Одоо бүр ч ташаа болсныг дахин дурдмаар байна” гэжээ.

Х.Онон

Эх сурвалж: Zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …