1. Түрэмгий занг нь зөв зүйлд чиглүүл
Хөвгүүд буу шийдэм, сэлмээр тоглож байгааг харахад харгис хэрцгий байхад суралцаж байгаа мэт санагдаж айдас төрүүлдэг ч, нөгөө талаас эр зоригт бяцхан хүү тань дэлхийг аврахыг мөрөөдөж байж ч болно. Тоглоомонд нь дүр оноож, түрэмгий занг нь чиглүүл. Цагдаа-дээрэмчин, баатар-мангас, супермэн-дайсан гэх мэтээр тоглоомыг нь баяжуулж хүүдээ үргэлж манай талын дүрийг өгвөл түүнд сайн мууг ялгаж сурахад тусална.
2. Эелдэг зангаараа үлгэр дууриал үзүүл
Юм буулгаж, нурааж байгааг нь хараад хатуугаар загнаж, шийтгээд байвал тэр том болоод алсдаа бүр ч чухал зүйлсийг “буулгаж, нураадаг” хатуу хүн болох магадлалтай. Тиймээс түүнд буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулахдаа асуулт асууж, өөрөөр нь ойлгуулах замыг ашиглаарай.
3. Сайхан сэтгэлийг нь хөгжүүл
Охин хүүхэд цаанаасаа энэрэнгүй зөөлөн, тусархуу байдаг бол хөвгүүдэд энэ чанар нь арай дулимаг байдаг. Тэр нь ч аргагүй юм. Хүүдээ тоглоомоо бусадтай хуваалцах, өвтгөсөн зүйлээсээ уучлал гуйх, эвийлж аргадах, илэх зэргийг онцгойлон сургаарай.
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь сурга
Хөвгүүд дотогшоогоо хандлагатай. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно. Энэ үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сурга. Дээрээс нь хүүгээ эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Тэднийг тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, нурууг нь илж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.
5. Бохир заваанаас цаадхыг нь хар
Гараар нь дүүрэн шороо, гэрээр нь дүүрэн бохир байсан ч амар амгалан бай. Бохир зүйлсийг угаагаад л цэвэрлэчихнэ. Харин хүүгийн чинь хөгжилтэй хөөртэй дурсамжийг хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хэт цэвэр цэмцгэр байх гээд өөрийгөө ч хүүхдээ ч бүү зовоо. Тэр дотроо ямар гайхалтай агуу зүйл бодож байгааг бид тааж мэдэхгүй. Сахилгагүйтэх тусгай талбайг нь бэлдэж өгөөд, өөртөө байгаа эрч хүчийг зарцуулан эрх чөлөөтэйгөөр инээж хөөрөхөд нь туслаарай.