Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн тохиолдол бүртгэгджээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч, явган зорчигч тус бүр нэг бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.
Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан нэг ой дөрвөн сартай Б гэх охиныг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтсан байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн дунд буудлын замд “H.Sonata-5” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн байна.
Харин хөдөө орон нутагт, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т “T.Prius” маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай Х-н амь нас хохирч, гурван хүн хүнд бэртсэн осол гарчээ.