Далай багшийн айлдварууд их сайхан, гэхдээ монгол хүн чингис хааныхаа билэг сургаалыг л баримтлаж явах ёстой

ak

Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимтай ярилцлаа.

-Та Монголынхоо газар нутгийг тойрон их судалгаа хийж байна. Яагаад түүх, археологи сонирхох болов. Байгаль дэлхий маань хэр өөрчлөгдөж байна вэ?

-Би сүүлийн арваад жил Монголынхоо уул ус, хад чулууг үзэж сонирхон аялж байна. Бор туулайнаас өөр юм тааралдахгүй байна шүү дээ. Дорнодоор явахад цагаан зээр таарч байна. Өөр амьтан юу ч таарахгүй байна. Дээр үед шөнө явахаар гэрэлд янз бүрийн л амьтан орж ирдэг байлаа. Одоо бол юу ч байхгүй болж. Монголын амьтныг дуусгасан шахуу байна. Яг ой мод руугаа орвол яадаг юм гэхээс биш. Дэлхий их дулаарч байна. Үүнтэй холбоотой манайд бас нөлөөлж байна. Жишээ нь Алтай таван богдын мөсөн гол маш багассан байна. Отгонтэнгэрийн цас их шуугдаж. Хориодхон хоногийн өмнө Увс аймгийн Цагаан Дэглий рүү яваад ирлээ. Бас л цас нь шуугдаад байж байна. Гэх мэтчилэн мөнх цас хайлна гэдэг тун аюултай. Бороо хур багаас болоод түймэр их гарч бэлчээр их шатаж байна. Үгүй бол нэг их үер бууж байна. Сүүлийн үед байгаль их өөрчлөгдөж байна. Үүнийг би хүний хүчин зүйлтэй л холбоотой гэж боддог. Японы нэг эрдэмтэн манай шороон шуурганы тухай баримтат кино хийгээд л байна. Манайхан өөрсдөө хийж байгаа юм алга. Төрөөс ч мөнгө санхүүгийн тал дээр дэмжихгүй байна. Жишээ нь археологийн судалгаан дээр гэхэд л төрөөс ямар ч мөнгө өгөхгүй байна. Хэдэн эрдэмтэд нь төсөл гуйгаад л явж байдаг. Манай төр засаг соёл, шинжлэх ухаанаа мартчихсан. Дандаа л гадаадаас зээл тусламж гуйж байна шүү дээ.

-Та мөн хадны зургийн дурсгалын талаар их судалж байгаа. Уул, усны домгийн тухай “Туульс хайлдаг уулс” номоо гаргасан. Ер нь Монголд хадны зургийн дурсгалыг судлах ажил хэр явагдаж байна вэ?

-Монголын түүх соёлын архив нь ууландаа байгаа юм. Манай эринээс нааш бичгийн дурсгалууд дэлхийд цаасан дээр үлджээ. Тэрнээс цааш болохоор ихэнх нь уулын хад чулуун дээр байна. Жишээ нь гол хүн чулуунууд гэхэд л уулын хөндийгөөр байх жишээтэй. Буган чулуунууд гэхэд мөн уулын хөндийд байдаг. Хиргисүүр, булш нь бас ууланд, уулын бэлээр байх жишээтэй. Тэгэхээр Монголын түүхийн бүх дурсгал ерөөсөө ууландаа л байж байна. Тэрнийгээ бид хэр зэрэг судалж байгаа юм бэ, хэр зэрэг уншиж чадаж байгаа юм бэ гэдэг асуудал л байна. Археологийн хүрээлэнд гэхэд хадны зургийг бүртгэж, хаана байгааг нь эрж олох түвшинд л судалгаа нь явагдаж байна. Бүгдийг нь эрж олно гэж байхгүй. Монголын дов толгод бүхэнд бараг хадны зураг байгаа учир бүгдийг нь судалъя гэвэл нэлээн олон жилийн хөдөлмөр орох байх. Гол гол зургуудыг олж тогтоох ажил явагдаж л байна.

-Увс аймгийн Хан Хөхий уулын “Цагаан гол”-ын хадны зургийг та үзээд ирсэн гэсэн?

-“Цагаан гол”-ын хадны зургийг би очиж авсан. “Туульс хайлдаг уулс” гэдэг номынхоо хоёрдугаар хэсэгт оруулъя гэж бодож байгаа. Миний бодож байгаагаар “Цагаан гол”-ын хадны зурагт хуучин чулуун зэвсгийн үеийн дүрслэл голдуу байна. Гэхдээ аль ч хадан дээр үе үеийн зураг байдаг. Хуучин чулуун зэвсгийн дунд үе, сүүл үе, хүрлийн үе, төмрийн үе, Түрэгийн үе, Хүннүгийн үе гэх мэт. Мөн XIII зуунаас хойших монгол бичгийн дурсгал хадан дээр маш их байна. Зосоор зурсан зургууд Монголын хойд хэсэг, хангайн бүс нутгаар ихэвчлэн байдаг. Ингээд бодохоор Монгол оронд маань дэлхийд хаана ч үгүй зургийн галерей байна гэж хэлж болох юм.

-Төр засгаас энэхүү гайхамшигтай дурсгалыг хэр хамгаалж байна вэ?

-Төр засгаас хамгаалж байгаа юм байхгүй. Ялангуяа зосон зураг бол сүүлийн үед их баларч байна. Тэрнийг сэргээх арга байдаггүй. Яагаад гэвэл бид зосных нь найрлагыг мэдэхгүй. Тиймээс хамгийн гол нь тэднийгээ авч үлдэх юм бол судлах, зургийг нь авч үлдэх. Манайхан энэ дурсгалуудыг судлах гэж оролдохоосоо илүү зүгээр л бүртгэчих юм. Энэ юуны талаар зурав, өвөг дээдэс, чулуун зэвсгийн үеийнхэн юу тэмдэглээд үлдээчихэв гэж судлахгүй байна. Монголын түүх дурсгал алга болж, эрэл сурал болоод олдохгүй тохиолдол ч байна. Хятад, Казахстан руу гаргачихаж байна шүү дээ. Мөн Өмнөговийн Ханбогд сумын Жавхлант хайрхан ууланд маш олон сонин зураг байна. Олон газар тааралддаггүй, тайлахад их хэцүү зургууд байдаг. Гэтэл түүн дээр “Дундад ард улс” гээд биччихсэн байх юм. Хүмүүс ямар зорилгоор нэрээ сийлж, түүхийн дурсгалыг сүйтгэж байгаа юм гэдгийг төр засаг анхаарч, даруй хамгаалалтад аваасай гэж хүсч байна. Тэр эвдэж сүйтгэж байгаа хүмүүст ял хэлэлцдэг болгох хэрэгтэй, тэгж байж бид түүх дурсгалаа хамгаалж үлдэнэ шүү дээ.

Гэтэл энэ талаар хэчнээн ч төр засагт хандаад тоодоггүй. Энэ бол Монголын гайхамшигтай түүх. Хадан дээр бичиж үлдээсэн манай өвөг дээдсийн захиа юм. Одоогийн хэллэгээр бол мессеж. “Бид чинь ингэж аж төрж байсан юм. Бид чинь ийм ан хийж байсан юм. Бид чинь ийм аж ахуй эрхэлж байсан юм. Энд чинь ийм амьтан байсан юм” гэсэн бүх захиас хадан дээр байна.

-Та Монголын түүхийг ахиулж болно гэж хэлсэн байсан. Үүнийхээ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Би бол зуун мянган жилээр урагшаа явна гэж хэлнэ. Оросууд Сибирьт таван метр өндөр хүн байсан. Тэр бол манай өвөг дээдэс гээд л ярьж байна. Хятадууд мөн Бээжингийн хажуунаас хоёр зуун тавин мянган жилийн өмнөх хүний яс олдсон. Тэгээд л хятадууд бид хоёр зуун тавин мянган жилийн түүхтэй гээд л ярьж байна шүү дээ. Гэтэл бид яагаад урагшаагаа тэгж ярьж болдоггүй юм бэ. Тэд юу шүтэж байна вэ гэдгээр нь хэдий үед амьдарч байж вэ гэдгийг нь мэдэж болно. Хүннүгээс өмнө ч бид амьдарч байсан. Түүний баталгаа нь хадан дээр байна. Жишээ нь монголчууд эрт үед үхэр шүтэж байжээ. Тэрийгээ хадан дээрээ зураад, хүн чулуун дээрээ сийлээд үлдээчихсэн байна. Тэд цөм ойлон зэвсэг хэрэглэдэг байжээ. Ойлон зэвсгийнх нь зураг буган чулуун хөшөөн дээр ч байна. Хадан дээр ч байна. Тэдгээр хэрэглэж байгаа зүйлсээр нь л Хүннүгээс өмнө хүрэл зэвсгийн үед бид амьдарч байжээ гэдгийг тодорхойлох боломжтой.

-Та “Хатагины ойллогын 13 овоонд өргөсөн 13 чулуу” гэдэг ном туурвисан байдаг. Энэ овоонууд нь хаана байдаг, ямар учиртай овоонууд вэ?

-Энэ овоонууд бол Хатагины бүх нутгаар байна. Жишээ нь Дорнодын Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдад байна. Ер нь бол Монголд 13 овоо зөндөө байдаг. Гэхдээ манай Хатагины 13 овоонд нэг онцлог бий. Тэр нь юу вэ гэвэл дунд талын сүмбэр овооноос хоёр тийшээгээ зургаа, зургаан овоо байдаг. Овоо болгоны дээр манай өвөг дээдсийн “Чайга” гэж нэрлэдэг сорогшин мод байдаг. 13 овоо нь бүгд ийм модтой. Үүгээрээ бусад газрын овоонуудаас ялгаатай. Манайхан атаа 13 тэнгэрийг шүтдэг. Тэгэхээр тэрхүү тэнгэрийн л овоо юм даа. Ер нь 13-ын тоо нь монголчуудын хамгийн өлзий хутгийг бэлгэдсэн тоо гэж үздэг. Харин Баруун Европт бол чөтгөрийн тоо гэж нэрлэдэг.

-Дээрхийн гэгээнтэн Далай ламын сургаалыг та монгол хэлнээ хөрвүүлж байсан. Таны харснаар амьдралын хамгийн чухал сургаал нь юу байсан бэ?

-Би тэр номыг нэлээн дээр үед орчуулж байсан. Миний хувьд амьдралдаа Их хааныхаа сургаалыг л баримталж явдаг. Мэдээж Далай багшийн айлдварууд бол их л сайхан. Гэхдээ монгол хүн бол хааныхаа билиг сургаалыг л баримталж явах ёстой шүү дээ. Тийм учраас би “Чингисийн билиг сургаал оршвой” гэсэн номыг англи, монгол хэлээр гаргасан.

-XIII зуунд монголчууд тэнгэр шүтлэгтэй байсан. Тэгээд бөө, бөх хоёрыг монгол бичгээр бичихэд ижилхэн бичигддэг учир бөх нь тэнгэртэй холбоотой юм гэж үзэх хүмүүс байдаг. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Би бөхийг тэнгэртэй холбоотой гэж үзэхгүй байна. Бөө нь бол тэнгэртэй холбогддог байсан байх. Тэрийг бол “Монголын нууц товчоо”-нд тодорхой биччихсэн байгаа. Гэхдээ одоогийн бөө нарыг бол сайн мэдэхгүй. Жинхэнэ бөө мөн үү, биш үү гэдэг нь эргэлзээтэй. XIII зуунд Их Монголын анхны зурхайч Үсүн өвгөнөөс авахуулаад гайхамшигтай бөө зөндөө байсан. Цагаан дээл өмсөж, цагаан малгай өмсөж, цагаан морь унаж явдаг эрх дархтай хүн байсан. Мөн Чингист хаан болно гэдгийг нь хэлж өгсөн Хорчи бөө байна. Мухулай ч бас бөө байсан. Тэр үед монголчууд оргилын үедээ байсан. Оргилын үеийг би Гумилевийн онолоор хэлж байна. Оргилын үед монголчууд цус нь оргилоод л, бяр нь амтагдаад л Их Монгол Улсыг байгуулсан шүү дээ. Оргилуун хүмүүс гэж бас байсан. Тэр зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн оргилуун хүмүүс нь бөө нар байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ бүх хүмүүст зөн билиг гэж байдаг. Түүнийгээ хэр олон хүн дагаж байна вэ гэдэг бол өөр хэрэг юм.

-Монголчууд оюуны бүтээлийг хэр үнэлж байна вэ. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Оюуны бүтээлийг даанч үнэлэхгүй байна. Монголд хүчирхийллийг үнэлдэг. Бөх барилдаж байна гэдэг чинь бие биенээ чулуудаад хүчирхийлээд л байгаа биз дээ, мөн морь уралдуулж байна гээд мориндоо допинг шахаад л өвөл, хавар, намаржингаа л уралдуулж үйлийг нь үзэж байна. Энэ бол зөвхөн мөнгөний, зугаа цэнгээний асуудал. Харин оюун гэдэг бол Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө юм. Оюунтай хүн л Монгол Улсыг хөгжүүлэхээс биш морь уралдуулаад хөгжүүлэхгүй. Ингэж хэлэхээр манай уяачид, бөхчүүд дургүйлхдэг. Гэхдээ би тэдний дургүйлхэхээс айхгүй үнэнийг л хэлж байна. Бөх барилдаад хэзээ ч Монгол Улсыг хөгжүүлэхгүй. Хүмүүс хараад баясаад л ямар сайхан бөх вэ гээд л өнгөрөхөөс биш Монголын эдийн засаг, Монголын соёл түүхийг судалж хөгжүүлэхэд ямар ч тус болохгүй шүү дээ.

-Та Үндэсний төв номын сангийн захирлаар таван жил ажиллажээ. Таны албыг залгуулан авсан Х.Чилаажав “Төрийн албаны хүнд суртлаас болоод юм хийж чадахгүй байна” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Үнэхээр тийм юм уу?

-Тэр үнэн үнэн, би таван жил болоход ганцхан ном л бичсэн. Тэр нь “Хөрстөд ганцхан Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” гэсэн Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн тухай ном юм. Өөр би юу ч бичиж чадаагүй, дандаа л аж ахуйн ажил эрхэлсэн. Яамнаас түшмэдүүдийг дуудахад очно. Амарч чадахгүй. Юмаа хийж амжихгүй тэгээд л байнгын дарамт ирдэг. Номын санг хөгжүүлэх санаатай яриа хөөрөө хийх гээд л сайдын үүдийг сахихад хүлээж авдаггүй. Төрийн хүнд суртал гэдэг бол төрд ажиллахад маш саадтай. Тийм учраас мань мэтийн юмуу Х.Чилаажав шиг уран бүтээлийн сэхээтнүүд төрд ажиллахад тун хүндрэлтэй.

-Төв номын санд ямар үнэ цэнэтэй номнууд байдаг вэ?

-“Сандуйн жүд”-ээс авахуулаад алтаар биччихсэн номнууд бий. Би үзэсгэлэн гэж байсныг нь музей болгоод байнгын ажиллагаатай болгосон. Тэнд XIV зуунаас хойших Монголын гайхамшигтай урлалууд байдаг. Ном гэдэг урлаг байсан, урлаг нь ном байсан тэр үеийн номнууд бол манай номын сангийн музейд хадгалагдаж байгаа.

О.ӨНӨРЦЭЦЭГ

dnn.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …