Хуулийнхан олон хууль зөрчсөн асуудлыг нуун дарагдуулсан гэв

УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын менежер Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм. Улмаар хэргийг хуулийн байгууллагуудаар шалгуулах болсноо мэдэгдэж байсан юм. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Увс аймгийн Ардчилсан намаас гаргасан “УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа түүний нөхөр н.Чулуунбаатар нарт тус бүр 50,000 төгрөг өгч “Заавал явж Ч.Хүрэлбаатарын төлөө  саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жийп машинаар авч явуулна” гэж хэлсэн ч бүсгүйг машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу авч явсан. Тус микробусад олон хүн чихэлдэж явсан тул 26 хоногтой хүү амьсгалын дутагдалд орж, амьсгал хураасан”. Дөнгөж 26 хоногтой нярай хүүхдийн үхлийн гэм буруутай этгээдийг тодруулж өгөхийг хүссэн гомдлыг хянан шалгаад, хуулийн байгууллагынхан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Ийм шийдвэр гаргасан хуулийнхныг олон хууль ноцтой зөрчсөн асуудлыг нуун дарагдууллаа гэж Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар хэллээ.

Ч.Хүрэлбаатар гишүүний ухуулагч нар иргэдэд мөнгө тараасан гэх хэргийг шүүхийн байгууллага хэлэлцээд холбогдох баримтуудаас ухуулагч нар мөнгө тараасан нь тогтоогтохгүй байна гэж шийдэж, хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг шүүж шийдвэрлэсэн Ховд аймгийн шүүгч Б.Дамба ёс зүйгүй авирласан гэж Г.Батбаяр өмгөөлөгч үзэн ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд гомдол гаргажээ. Энэ мэтчилэн гарсан гэмт хэргийг шүүн хянан хэлэлцэж, буруутай этгээдийг тогтоох хуулийнхан хууль зөрчиж буйг Г.Батбаяр өмгөөлөгч хөндөн ярилаа. Мөн тэрбээр Хотгор Шанагын уурхайн хувьцааны хэсэг болон зарагдсан гурван сая ам долларын тодорхой хэсгийг Ч.Хүрэлбаатар гишүүн өөрийн төрсөн ах нараараа дамжуулан авсан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар холбогдох цагдаагийн газарт нь гомдол гаргажээ.

 

Д.УУДАМ

Эх сурвалж:News.mn

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …