Нойр булчирхайн үрэвсэл олон төрлийн шалтгааны улмаас сэдэрч даамжирдаг. Хурц болон архаг үрэвсэл сэдэрсэн үед эхний гурван хоног хоол сойно. Дараа өдрөөс ууранд буюу жигнэж болгосон байцаа, лууван, төмсний зутан, нухаш зэргээр нэг удаад 100 гр-аас ихгүй хэмжээгээр 3-4 цагийн зайтай хооллоно.
Хурц үрэвсэл намдсан, архаг үрэвсэлтэй үед өөх тосгүй, махтай гурилтай хоол, бантан, ногоотой шөл, төрөл бүрийн ногооны зутан, нухаш, хярам, ногоон цай, талх, тос багатай боов, алим бусад исгэлэн бус шинэ жимс идэхийг зөвлөж байна. Харин шарж хайрч болгосон малын гаралтай өөх тостой хоол, даршилсан төрөл бүрийн хүнс, хоол амтлагчууд, хорхог, боодог, гэдэс, борц, хүйтэн хоол, архи, дарс, айраг, хийцтэй болон өтгөн цай, хийжүүлсэн ундаа, хүйтэн унд, цай, хөөлгөгчөөр исгэсэн гурилан бүтээгдэхүүн, тосорхог жигнэмэг, боов, шоколад идэхийг хориглодог. Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн эмээр бус хоолоор эмчлэгддэг, өвчтөн зөв дэглэм барих эсэхээс их шалтгаална.