Ц.Цогзолмаа:Эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана

1ea404193b593243original

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Сонгуулийн үеэс ярилцлагаа эхэлье. Та НАМЭХ-ны Ерөнхийлөгч, улстөрд шинэ хүн биш. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн, БШУ-ны сайдтай өрсөлдсөн. Бэрх өрсөлдөгч байсан байх?

-2016 оны сонгууль телевизийн ярилцлагад орох, сонгогчдод хувиараа юм амалж болохгүй гэх мэт асар хатуу хуулийн зохицуулалттай болсон. Гэхдээ ард түмний амьдрал ахуйд тулгарсан асуудлыг аль нам нь мөрийн хөтөлбөрөөрөө шийдэх бодлого, зорилт гаргаж ирсэн байна вэ гэдэгт л иргэд дүгнэлтээ өгдөг юм байна. Яг үнэнийг хэлэхэд эрх баригчид 1072 хувьцааны мөнгө гээд 300 мянган төгрөг тараасан шүү дээ. Гэвч сонгогчид маань үнэхээр сонгуулиа өгч сурчээ. Сонгуулийн өмнө улстөрийн намууд, хөндлөнгийн байгууллагууд нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа хийж байсан. Тэр судалгаануудаас иргэд улстөрчдөд үнэлгээ, дүгнэлт өгч чаддаг болчихсон нь харагдаж байлаа. Мөнгөтэй, төгрөгтэй хүн гэхээс илүү бидний төлөө хэн ажиллах вэ, тэр хүнээ сонгоно гэсэн хатуу байр суурь анзаарагдаж байсан. Ингээд өнөөдрийн хүнд байдлаас хэн бидэнд туслах вэ гэсэн хүнд асуултынхаа хариуг л хайж МАН-д саналаа өгсөн. Тиймээс олонхоороо ялалт байгуулна гэдэг нэг асуудал. Одоо хамгийн чухал нь энэ өндөр итгэл үнэмшлийг маш сайн ажиллаж хариулах ёстой. Ийм л байр суурьтай байгаа.

Өрсөлдөгчийн тухайд сонгуульд муу учраа гэж байхгүй шүү дээ. Сайн өрсөлдөгчтэй таарсан. Тиймээс сайд гэдгээрээ салбарынхнаа ашиглалгүй шударга өрсөлдөөсөй гэж бодож байсан. Сургуулийн захирал байлаа гэхэд хувь хүнийхээ зүгээс Ц.Цогзолмааг дэмждэг ч сайд нь өрсөлдөхөөр үгүй гэж чаддаггүй зан манайханд байдаг шүү дээ. Ийм зүйлс болоод сонгуулийн луйвар битгий гараасай гэж бодож байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн хууль их чанга байлаа. Хар пиар технологи талаасаа огт юм гараагүй гэж хэлэхгүй. Гэхдээ харьцангуй шударга өрсөлдсөн шүү.

-Өнгөрсөн сонгуулиар бүх л нам эмэгтэй нэр дэвшигчдээ хатуу учраануудтай тулгачих шиг болсон. Мөн УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг улам буурууллаа?

-Өөрөө их зөв анзаарсан байна. МАН төдийгүй бүх эмэгтэйчүүд торгуулийн батальоноос гарч ирсэн. Квотыг 30 гэж байгаад аравхан хоногийн өмнө 20 болгосон. Уг нь соёлт хүн төрөлхтний нийгмийн харилцаанд өдгөө эмэгтэйчүүд эхэлж сонголтоо хийдэг үнэт зүйл үйлчилж байгаа. Эмэгтэй хүн эхлээд сонголтоо хий, үгээ хэл гэдэг. Машинд суусан ч эмэгтэйгээ түрүүлүүлдэг биз дээ. Гэтэл яг улстөрийн халуун тогоонд байдал эсрэгээрээ байсан. Аль ч нам эмэгтэйчүүд эхлээд тойргоо сонгочих гэсэн боломж олгоогүй. Би энэ соёлд бүх улстөрийн намууд суралцаасай гэдгийг бүх намын удирдлагуудад болон залуу эрэгтэй улстөрчдөд уриалж хэлэхийг хүсч байна. Сая бол эрчүүд сонголтоо түрүүлж хийчихээд бөхөөр бол тунасан бөхчүүд чинь л эмэгтэйчүүд байлаа шүү дээ.

Гэхдээ эмэгтэйчүүдийн сонголт тал дээр өндөр үр дүн гарсан. Энэ бол сонгогчдын маань боловсролд өөрчлөлт гарсны нэг илэрхийлэл. Би НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар эмэгтэйчүүдээ дэмжих цаг болсон шүү гэдэг энэ үр дүнгийн төлөө гурван жил тасралтгүй яг тээврийн жолооч шиг ажилласан. 21 аймгаараа тойрсон. Эмэгтэй сонгогчдодоо энэ удаагийн сонгуулиар намчирхалгүйгээр эмэгтэй л нэр дэвшигчдээ сонгоорой гэж уриалж байлаа. Учир нь сүүлийн 25 жил Монгол Улсын нийгмийн өөрчлөлт, гарч байгаа бодлого шийдвэрүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ээлгүй байна. Ер нь Монголын нийгэм хүнээ орхичихжээ. Уул уурхай, том макро эдийн засгийн бодлого төслүүд яриад л байдаг. Гэтэл халамж хамгааллын бодлого, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд энэ бүх зүйлийг чинь эмэгтэйчүүд анхаардаг. Эмэгтэй нэр дэвшигчид олноороо сонгогдоод гараад ирэх юм бол хүүхдийн мөнгийг чинь хасуулахгүй, ялгаваргүйгээр олгоно. Хүүхэд ямар сургалтын хөтөлбөрөөр ирээдүйд жинхэнэ монгол хүн болох юм бэ гэдгийг боловсролынх нь системд суулгаж өгнө. Нэг сайд болсон хүн Кембриж ярьдаг, нөгөө сайд нь өөрийн төгссөн Японы боловсрол ярьдаг тийм савлагаатай байж болохгүй шүү дээ.

-Өмнө нь УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй лобби бүлэг байгуулж ажиллаж байлаа. Гэр бүлийн тухай, хүчирхийллийн эсрэг хуулиуд дээр ахиц ч гарсан. Энэ удаа чамгүй олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Гэхдээ нэг нам үнэмлэхүй олонх болсон учраас эмэгтэй гишүүдийн оролцоо нь бүдгэрэх болов уу?

-Нэг нам дангаараа олонх болсон. Нам дотор бид намынхаа улстөрийн бодлого дээр ямар байр суурьтай байх бол өөр асуудал. Ард түмэн олон эмэгтэйчүүдийг сонгосон. Хариуд нь боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гээд олон асуудал дээр эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана. Үүнийг эсэргүүцэх нэг ч эмэгтэй гишүүн байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй гэдгээр нь сонгогчид маань тэр хүнд санал өгчихөөд байна шүү дээ. Тийм учраас бид сонгогчдынхоо сонголтод бодитой үйл ажиллагаа, хуулийн төсөл өргөн барьж, эрх зүйн хүлээгдэж байгаа олон шийдвэрүүдийг гаргаж хариу барих ёстой. Би бүдгэрэхгүй л гэж бодож байна. Харин ч энэ сонгогдсон эмэгтэй гишүүд дотор баялаг бүтээгч, улстөрч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, эрүүл мэндийн салбарын гээд төрөл бүрийн хүн байна. Тийм учраас салбар салбарынхаа бодлогын шинжтэй хууль эрхзүйн өөрчлөлтийг их нарийн мэдрэмжтэй хийнэ.

-Та УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилагдаж ажиллахаар болсон байсан. Яагаад эдгээрийг сонгох болов?

-Миний хувьд МАН-ын боловсон хүчний шалгуурыг давж намынхаа хамт олны дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Жишээлэхэд нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа хүүхэд, залуучууд, гэр бүл гээд нийгмийн салбарын асуудалд илүү анхаарч ажиллаж байсан туршлага бий. Тийм учраас НББСШУ-ы байнгын хороонд орж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд надад бага ч гэсэн туршлага байгаа. Нөгөөтэйгүүр хууль иргэндээ очиж, иргэнээ хамгаалах л ёстой байдаг. Аль ч Засгийн газар, УИХ-ын үед маш олон хууль батлаад гаргадаг. Гэхдээ батлаад л орхичихдог. Магадгүй төрийн албанд ажилладаг, мэдээлэлтэй холбогддог хүн л тэр хуулийн энэ заалт миний амьдралд хэрэгтэй юм байна гэж мэднэ. Түүнээс гэртээ хоногийн хоолгүй, хороон дээрээ очиж асуудлаа тавьж чаддаггүй иргэд мэдэхгүй. Тийм учраас баталж байгаа хууль болгоны мэдээллийг тойргийнхоо иргэдэд цаг алдалгүй очиж хүргэнэ. Ингэвэл манай тойргийн нэг иргэнээр дамжуулаад ах дүү, найз нөхдөд нь хүрнэ. Ингэж бага ч гэсэн энэ дээр хувь нэмрээ оруулья гэж бодож байгаа. Харин АБГБ-ын байнгын хорооны хувьд үнэхээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, ер нь монгол үндэстэн цаашаа яаж улс эх орныхоо тусгаар тогтнолыг авч явах вэ гэдэг асуудалд хүрсэн. Тиймээс энэ чиглэлд эх хүн, эмэгтэй хүн, сонгогчдын төлөөлөл болж буй хүний хувиар нэлээд дуу хоолойгоо гаргаж ажиллая гэж бодож байгаа.

-МАН-ын бүрдүүлсэн Засгийн газар мэргэжлийн биш, “давхар дээл”-тэй гэх хэл ам дагуулж байгаа. Мөн дэд сайдуудын орон тоог эргүүлээд гаргаад ирлээ гэдэг. Хувь гишүүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Ер нь Монгол оронд улстөрийн намууд хэрхэн төлөвшиж байгаагаас улстөрийн тогтолцооны төлөвшил хамаараад байгаа юм. Улстөрийн намууд маань эхлээд орчин цагт яаж ард түмэнд ил тод нээлттэй байх, намынхаа боловсон хүчний нөөцийн бодлогыг хэрхэн зөв авч явах юм бэ гэдэг тал дээр эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Иргэд мэргэжлийн бус хүн тавьчихлаа гээд бухимдаад байна гэдэг чинь өөрөө боловсон хүчнийхээ нөөцийн бодлого нь ил тод байгаагүйтэй л холбоотой. Аль ч улстөрийн намууд өнөөдөр тэр салбар дээр ийм чадвартай хүнийг ажиллуулна гэдэг зарчмаа нийгэмдээ гаргаад тавьчих ёстой. Тэгэхээр Дорж юмуу Батын асуудал яригдахгүй, харин шалгуурт тэнцэж байгаа хүмүүс л тухайн албан тушаал дээр өрсөлдөнө гэсэн үг. Тийм зүйлийг удирдлага зарчмаа болгохгүй байгаа учраас иргэд маань өөр том хүлээлттэй байгаад байдаг. Тэгтэл улстөрийн намууд иргэдийн хүлээлтэд нийцэхгүй хүмүүсийг гаргаж ирснээр иргэдийн хүлээлт, улстөрийн намын шийдвэр хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Энэ чиглэлд улстөрийн намууд өөрчлөлт хийх болсон. Эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд ийм мэргэжилтэй, төдөн жил төрд ажилласан хүн байна гэдэг босгыг нь тавьчихвал санамсаргүй хүн сонгосных нь төлөө иргэд бухимдахгүй.

-Намуудад хуульчлаад өгчих ёстой юм биш үү?

-Ер нь одоо хуульчлах л хэрэгтэй. Бид хуулийн дор л тэгш эрхтэй амьдрах ёстой шүү дээ.

-Сангийн сайдын мэдээллээс үүдээд бондын үнэ уналаа, долларын ханш өслөө гэж байна. Мөн Ерөнхий сайд, Сангийн сайдын мэдэгдлүүдээс ерөөсөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм байна гэсэн мессеж гарч байгаа. Үнэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн боловч одоо хасах тухай ярьж байна шүү дээ. Ер нь эдийн засгийн ийм орчинд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой юу?

-МАН сөрөг хүчин байсан. Засагт зургаан сар ороод буцаад гарчихсан байлаа. Эдийн засгийн нөхцөл байдлын яг бодитой үнэлгээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж байх явцад байгаагүй. Гэхдээ ямар ч байсан эдийн засаг хүнд байгааг мэдэж байсан. Улс эх орноо хөгжүүлэх гэж засгийн эрх авах гэж байгаа учраас бодлогын түвшинд зохицуулаад, тодорхой түвшиний зорилтуудыг тавиад хэрэгжүүлэхийн төлөө явна. Олонх болоод Засгийн газар байгуулаад тамга тэмдэг авсан хүмүүс тайлан судалгаа, дансаа үзээд ирэхээр урдын бидний мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийн төсөөллөөс хамаагүй муу үр дүн гарч ирж байгаа юм. Тэгэхээр хамгийн шударга арга нь ард түмэндээ үнэн бодит байдлыг зөв мэдээлэх байсан. Тийм учраас МАН-ын дарга ч, Ерөнхий сайдын түвшинд ч гэсэн бүх сайдууддаа салбар салбарынхаа үнэн бодит статистикийг эхний ээлжинд гаргаж тавь гэж байгаа.

-Энэ чинь сөрөг талтай юм биш үү?

-Сөрөг тал байгааг үгүйсгэхгүй. Бирж дээр бондын үнэ унаж байна гэж байгаа. Энэ сөрөг тал мөн. Гэхдээ хамгийн зөв хувилбар бол үнэнч шударгаар нөхцөл байдлыг мэдээлэх юм. Сөрөг талтай, дараагийн сонгууль ойрхон байна гээд худлаа мэдээлэл өгье гэх байдлаар хандвал улам хэцүү байдалд хүрнэ. Мэдээж хэрэг сөрөг хүчин байгаа учраас олон талын юмыг тооцсонгүй мэдээлэл хийлээ гэхийг үгүйсгэхгүй. Үнэнээ хэлснээрээ бид мөрийн хөтөлбөрөөсөө татгалзаж, буцаж байгаа асуудал ерөөсөө биш. Бодит үнэлгээгээ гаргачихаад аль асуудлаасаа эхлэхээ хийх төлөвлөлтийн асуудал байгаа. Сайн төлөвлөлт сайн үр дүнгийн эхлэл. Худлаа тоон дээр ямар төлөвлөлт хийх юм. Тэрнээс биш МАН эдийн засаг ийм байна гээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж хэлэх гэж байгаа шалтаг шалтгаан ерөөсөө биш.

-Ерөнхий сайд халамжийг хумих, зөвхөн зорилтот бүлэгт олгох талаар ярьсан. Тэгвэл жишээ нь, хүүхдийн мөнгө, оюутны сургалтын зээл зэрэг яах бол?

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг намын мөрийн хөтөлбөрт ялгаваргүй өгнө гэсэн заалт байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 20 мянган төгрөгийг сар бүр авах шаардлагагүй гэр бүлүүд байна шүү дээ. Тиймээс дахиад бодит судалгаа хийгээд зорилтот бүлэг буюу орлого багатай, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй зэрэг гэр бүлүүддээ эхний ээлжинд хүүхдийн мөнгийг өгөх арга хэмжээг Засгийн газар авах байх. Ийм саналыг эмэгтэй гишүүд болон бусад Их хурлын гишүүд гаргаж байгаа. Оюутны сургалтын төлбөрийн тухай асуудал дээр энэ том асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүлж хууль эрхзүйн асуудлыг шийдэх ёстой. Ямар хуулийг үндэслээд оюутны төлбөрийг төрийн сан болон банкны зээлээр санхүүжүүлэх юм бэ гэдэг асуудал дээр мөн ялгаагүй БСШУСЯ ажиллаж байгаа.

-Таныг нөхрөө Төрийн нарийн бичгийн дарга болгох гээд байна гэдэг мэдээлэл сошиалаар явсан. Түүнд ямар тайлбар өгөх вэ?

-Миний нөхөр эрчим хүчний мэргэжилтэй, энэ салбартаа 20 гаруй жил ажилласан хүн. УИХ-ын гишүүний нөхөр учраас улсад ажиллаж болохгүй гэдэг хууль байхгүй шүү дээ. Мөн би гишүүн болчихоод нөхрөө том дарга болгоё гэж огт яваагүй. Аяндаа шийдвэр гараад ирэхээр манай нөхөр шийдэгдэх нь үү, хэн шийдэгдэх нь үү гэдэг ард түмэнд уншигдана. Миний хувьд тийм юм яриад намдаа шахалт үзүүлээд явсан юм ерөөсөө байхгүй. ОХУ-д энэ чиглэлээр сураад ирсэн энэ салбартаа ажиллаж байсан хүн мөн үү гэвэл мөн. 2012 оны сонгуулиар нам ялагдахад намын бүх хүн ажилгүй болдог нийтийн жишгээр ажлаасаа халагдсан. Ингээд гэртээ ач, зээ нараа хараад байж байгаа. Намайг 2012 оны сонгуульд ялагдангуут нөхөр маань хоёр сарын дараа ажилгүй болсон. Ц.Цогзолмаагийн охин, хүргэн, бэр гэдэг шалтгаанаар манай гэр бүлийнхэн ажлаасаа халагдаж байлаа. Надаас болж мэргэжлээрээ зүгээр ажлаа хийж байсан таван хүн ажилгүй болж байсан. Мэдээж орлогогүй болно гэдэг залуу гэр бүлийн хувьд хэцүү л байсан байх. Гэхдээ эцэг, эхээ ойлгоно. Харин хараад байхад хүүхдүүд маань ажилгүй болсон ч нэг талдаа хувиараа юм хийж, ажилгүй амьдрахад их сайн суралцсан байх гэж бодож байгаа шүү.

Ж.БАЯРСАЙХАН

dnn.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …