УИХ-ын гишүүн, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн “Дүнжингарав” олон улсын худалдааны төвийн нээлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, УИХ-ын эрхэм гишүүд нээлтэнд нь оролцож байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, “ангийнхаа” гишүүдээс Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл гээд бүсгүйчүүдээ дагуулан очиж тууз хайчилж байлаа. Гэвч эл худалдааны төвийг Улаанбаатар хотын ундны усны ундарга дээр байгуулсан гэж байгаль орчны чиглэлийн мэргэжилтэн судлаачид шүүмжилдэг. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч тогтоол гарган барилгын ажлыг нь зогсоох шийдвэр гаргаж байсан ч дийлээгүй юм. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нэг жилийн тэртээ хууль бусаар барилга барьсан, газар эзэмшиж байгаа байгууллагуудын зөвшөөрлийг цуцлаж захирамж гаргаж байв.
Захирамжид дурьдаснаар илт хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болон эзэмшиж, ашиглаж байгаа, сургууль цэцэрлэгийн хашаанд газар олгосон зэрэг 40 гаруй захирамжийг хүчингүй болгосон юм. Дээрх зөрчлүүдээс арилаагүй, хотын даргын захирамжийг давж, хууль бус үйлдлээ зогсоохгүй ажиллаж байгаа нь эл “Дүнжингарав” худалдааны төвийн эздүүд.
Улмаар хууль зөрчин барилга барьсан “Дүнжингарав” худалдааны төв хүрээгээ тэлж, барилгаа улам томсгосоор байгаа юм байна. Одоогоор тус худалдааны төвийн Хүнсний болон Барааны худалдааны хоёр төв нь нээлтээ хийгээд буй. Нэмж шинээр цогцолбор баригдаж байгаа ба мөн л хүнс, барааны томоохон хоёр худалдааны төв ирэх онд ашиглалтанд орох ажээ. Хууль зөрчин, нийтийн эзэмшлийн, тодруулбал Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр дээр барилга барьсан худалдааны төвийн эздүүд зөрчлөө арилгах байтал харин ч хууль, журам зөрчих ажлаа улам л гааруулсаар байгаа юм. “Чоно борооноор” гэгчээр “Дүнжингарав” худалдааны төвийнхөн Улсын баяр наадамтай зэрэгцэн хоёр дахь худалдааныхаа төвийн нээлтийг хийгээд амжсан. Наадмын налгар өдрүүдэд хууль зөрчсөн ажилтай тэмцээд явах төрийн албан хаагч ч олдсонгүй.
2014 онд шинээр хоёр төв ашиглалтанд орохоор барилгын ажил нь ид өрнөж байна. Гэвч үүн дээр хяналт тавьж ажиллаж буй төрийн байгууллага ч алга байгаа ажээ. Хууль зөрчин барилга барьж буй “Дүнжингарав”-ынхантай Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, НЗДТГ-ынхан яагаад хариуцлага тавьж ажиллахгүй байна бэ.
Хотын захиргаанаас зөвшөөрөлгүй, буулгах барилгуудын тоонд орсон ч “УИХ-ын гишүүний” гэх том хүндэтгэх шалтгаанаар үйл ажиллагаагаа эхлүүлсээр жил шахамын хугацаа өнгөрч байна. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувьд гаргасан шийдвэртээ үнэнч байж, Дүнжингарав худалдааны төвийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хэрэгжүүлэлгүй мөн л тийм хугацаа өнгөрлөө.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь 2012 оны сонгуулиар Дундговь аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан нэгэн. АН-ын хөрөнгөтэй гишүүний дураараа дургисан занг хотын мээр дийлэлгүй өдийг хүрлээ. Цаашид ч хууль бус барилгын ажил хийгдсээр байх нь.
Т.Түвшин
Ugluu.mn