МЗЭ-ийн гишүүн сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан болон зураач Г.Цэнгүүнжав нарын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт 15-нд болно

14243729_1002730733158369_259157456_n.mp4_snapshot_00.39_[2016.09.06_14.28.30]

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Гүржавын Цэнгүүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт энэ сарын 15-ны үд дунд Чин Ван Ханддоржийн өргөөнд болох гэж буй юм.

Яруу найрагч, зураач хоёр хамтарч ажиллан шинэ бүтээл гаргаж буйгаараа онцлогтой. Найрагч залуу У.Баярсайханы 10 шүлэгт зураач Г.Цэнгүнжав уран зураг зурснаар үг хэлний яруу байдлыг урлан зурахын ухаанаар илүүтэй тодотгосон хамтын сайхан бүтээлийнхээ нээлтийг тэд хамтдаа хийж байгаа нь нэн утга нигууртай. Номын хурим, нээлт хэмээх арга хэмжээний хэв маягийг шинэчлэх хүсэл ч уран бүтээлчдийг дөрөө харшуулан ажиллахад хүргэжээ.

Сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан 2009 онд “Бөгтөр сарны гэгээ” яруу найргийн ном өлгийдөж, 2010 онд “Хүү нь тандаа” нийтийн дууны цомог гарган, “Их л холын амраг” нийтийн дууны тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийж, 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын номоо хэвлүүлсэн туршлагатай нэгэн билээ. Энэхүү “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” ном нь түүний яруу найргийн хоёр дахь бүтээл юм.

Зураач Г.Цэнгүнжавыг уран зураг, дүрслэх урлаг сонирхогчид андахгүй. Тэрбээр 1987 оноос олон улсад болон эх орондоо уран бүтээлийн 10 гаруй үзэсгэлэн гаргасан.

Уран бүтээлчдийн хамтарсан ажлын нээлт ёслол төгөлдөр болно. Сонсох уран зураг, харах яруу найраг хослон үзэгч таны сонор, мэлмий, сэтгэл оюуныг нэгэн зэрэг баясгах тэр өдөр уулзацгаая.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …