Хятадын төрд сайд хийж буй цорын ганц монгол эмэгтэй

527-1473316539fc9bd45d64341623284e66374cd1069c
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар 2009 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа Фу Ин хэмээх энэ хатагтай Хятадын төрийн дээд албан тушаалд ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Хятадын монголчуудаас тус улсын төрд хамгийн өндөр алба хашиж буй хүн даруй мөн.

Фу Ин нь Өвөр Монголын Жирэм аймагт төржээ. Өвөр Монголын зүүн өмнөд хэсгийн Жирэм аймаг бол одоогийн Тунляо. Уугуул монгол нэр нь Байшинт хэмээх Тунляо бол аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд хэзээнээс Хорчины тал нутаг хэмээн алдаршсан газар билээ.

Хятадын зүүн гурван мужтай хаяа нийлдэг энэ нутагт аль Мин, Чингийн үеэс хүч түрэн тариа тарьсанаар мал ахуй нь шахагдаад нэгэнт тариалах орон болсон тэр үед нь буюу 1953 онд өнөөгийн Дундад улсын төрийн сайд Фу Ин монгол аав ээжийн охин болон төржээ.
Аав ээж нь монгол, хятад аль алинаар ярьдаг байсан бөгөөд аав нь шүлэг бичдэг,  боловсролтой хүн байсан тухай Фу Ин хатагтай хожим дурссан бий. Соёлын хувьсгал ид гаарч байсан 1967 онд буюу түүнийг 14 настай байхад аавыг нь улаан хамгаалагчид авч яваад алга болсон гэдэг. 17-той байхдаа Фу тэр үеийн Баяннуур аймгийн Урадын өвөр хошуунд очиж үйлдвэрийн барилга дээр ажиллажээ. Үйлдвэрийн ажилчдад цагаан хоолойгоор цаг агаар гэх зэргийг зарладаг ажил хийж байсан тухайгаа тэрбээр “Над шиг жаахан охинд хэтэрхий хүчир бэрх ажил байсан” гэж дурсдаг.
Соёлын хувьсгалын хар шуурга арай саарсан 1973 онд тэрбээр сургуульд шалгалт өгчээ. Хошууны төв Улаан уул хотын номын санд Орос, Английн сонгодгуудыг уншиж, Хятадын радиогийн англи хэлний нэвтрүүлгийг сонссоор англи хэлний захтай болсон тэрбээр шалгалтаа гялалзтал өгч, “Хятадын дипломатуудын өлгий” гэгддэг Бээжингийн олон улс судлалын их сургуульд элссэн байна. 1976 онд Мао Зэдун үхэж Хятад улс гадаад ертөнцөд хаалгаа нээснээр орчуулагч мэргэжилтэй хүн эрээд олдошгүй эрдэнэ болов.
Авъяаслаг монгол охин дипломат албаны орчуулагчдын элит багт багтаж Дэн Сяопинд хүртэл орчуулга хийдэг болсноор өнөөгийн дэлхийн зиндааны дипломат болох зам нь шуударчээ. Тэрбээр 25 настайдаа Румын улс дахь ЭСЯ-нд атташэгээр томилогдон ажиллаж, өнгөрсөн хугацаанд Хятадын ГХЯ-ны газар, хэлтсийн даргаас гадна Индонез, Камбож, Филиппин, Австрали, Их Британид элчин төлөөлөгчөөр ажилласан байна.
Түүний эрс шулуун зан, бусдыг өөртөө татах онцгой увидас, эрхэмсэг донж, хошин шогийн мэдрэмж, англи хэлний өндөр мэдлэгийг нь дэлхийн дипломат ертөнц үнэлдэг. Ялангуяа 2007-2010 онд Их Британид Элчин сайдаар ажиллаж байхад нь угаас хошуу урттай Английн хэвлэлүүд түүний энд тэнд хэлсэн үгийг  газар гээхгүй авч нийтэлдэг байв.
Хөгжилтэй гэмээр ч жишээ тэдгээрийн дотор бишгүй бийн нэгийг дурьдвал, 2008 онд Лондонд болсон хоёр улсын худалдааны салбарын бага хурал дээр сэтгүүлчид нэг асуултыг түүнд тавьжээ. Төвдөд Хятадын хэрэгжүүлж буй бодлогоос болж Их Британи тус улсад худалдааны хориг тавибал яах бол гэсэн утгатай уг асуултад Фу хариулахдаа, хуралд оролцож буй хүмүүсийн ихэнх нь Хятадад үйлдвэрлэсэн хувцас өмссөн байгааг сануулаад “Та нар л нүцгэн явна биз” гэж хариулсан гэдэг.

Фу Инийг Их Британид сууж байхад Хятадын Засгийн газар 2010 онд дуудаж, Гадаад хэргийн дэд сайдаар томилсон юм. Хятадын дипломат албаны дээд түвшинд тэрбээр хоёр зүйлээр ховорхон үзэгдэл болсон нь нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрт үндэсний цөөнхийн төлөөлөл буюу монгол үндэстэн гэдгээрээ билээ.

Хятадын ГХЯ-нд эмэгтэй хүн дэд сайд байсан хоёр дахь тохиолдлын эзэн нь тэр бөгөөд анхных нь болох, Мао Зэдуны үеэл дүү Ван Хайжун 1974-1979 онд энэ албыг хашиж байжээ. Фу Иний хувийн амьдралын талаар мэдээлэл хомс боловч Хятадын болон монгол үндэсний уран зургийн баялаг цуглуулгатай талаараа хоёр жилийн өмнө “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан бий. Хятадын монгол сайд нөхөртэй, нэг охинтой ажээ.
Б.Бат-Амгалан

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …