Улс төрийн мөнгөний гол уурхай нь газрын бизнес

1435905126_timthumb

Өнөөдөр иргэн бүр 0.7 га газраа өмчлөн авах эрхтэй боловч тэр газар өндөр барилгуудаар дүүрчихсэн байна. Газраа өмчилъе гэхээр хад мөргөөд, хүнд сурталтанд амаа үдүүлээд сууж байна.

Улс төрийн мөнгө босгодог, төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг гол уурхай нь энэ газрын бизнес юм. Өнөөдөр монголчуудыг гадаадынхан олигархиудаар дамжуулан мөнгөөр худалдан авсаар байгааг биднээр хэлүүлтгүй олон нийт мэдэж буй байх. Яг үнэндээ иргэд ядуудаа биш шударга бус зүйлд бухимдан жагсч, тэмцэж эхэлсэн ч хүнд суртал, авлигын сүлжээ газар авсаар байгаа нь бодит үнэн. Хамгийн наад захын бодит жишээ нь өнгөрсөн он жилүүдэд нийслэлд олгогдсон замбараагүй газар олголтын хар гайгаар цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд олон газрууд өдгөө хохирогч болж үлдчихээд байгаа. Тухайлбал, манай сонин өнгөрсөн дугаарууддаа эрх мэдэлтнүүдийн балгаар улсдаа ганц гэгддэг Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилга байгууламж газартайгаа нэгэн иргэнд дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр зарагдсан тухай мэдээллийг хүргэж байсан билээ. Энэ мэтээр дарга нарын замбараагүй газар олголт хувьчлал нэрээр улсын өмчийг үнэгүйдүүлсэн олон үйл явдал ч өнгөрсөн хугацаанд олонтаа гарч зарим этгээдүүд нь өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгагдах болсон юм. Тэгвэл шинэхэн хотын удирдлагууд өдгөө нийслэлийн өмчид харьяалагдах ямар, ямар газрууд байгаа талаар тооллого явуулаад эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт тус газрын холбогдох албаны хүмүүс Налайх дүүргийн газрын албанд гэнэтийн шалгалт хийж нэлээд ноцтой зөрчилүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, тус дүүргийн иргэдээс НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд далд хэлбэрээр газар олголт явуулж байна гэх гомдол ирсэн аж. Уг нь дээрх гомдол санал ирэхээс өмнө тэрбээр тус дүүргийн газрын албанд хандаж газар олголттой холбоотой зарим нэг захирамж шийдвэрийг авч хянах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч түүнд хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул ийнхүү албаны хүмүүстэй гэнэтийн шалгалт хийх болсон нь энэ аж.

Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжаар энэ сарын 8-ны өдөр буюу пүрэв гарагт 1,5 дугаар хороонд 139 газар олгох шийдвэр гаргасан байжээ. Уг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн газар олголтыг түр хугацаанд зогсоочихоод байсан ч ийнхүү далд хэлбэрээр хууль зөрчин олгож байсан байна. Тухайлбал, дүүргийн Спорт цогцолборт олгосон газрын эрхийг цуцлаж өөр байгууллагад өгсөн. Мөн дүүргийн ЗДТГ-ын харьяалалд байсан оршуулгын зориулалттай 186 га газрыг олгох захирамж гаргасан гээд нэлээд хэдэн ноцтой зөрчил гаргажээ. Түүнчлэн шалгалтаар ирсэн хүмүүс ЗДТГ-ын архивын мэргэжилтнээс ажил үүргийнхээ дагуу газар олголттой холбоотой захирамж шийдвэрүүдийг шаардахад тэрбээр татгалзсан хариу өгчээ. Яг үнэндээ дээрх мэргэжилтний энэхүү үйлдэл нь НИТХ-ын бүрэн эрхэд халдаад зогсохгүй ил тод байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчснийг харуулж буй юм. Угтаа бол дарга нарынхаа өгсөн үүрэг даалгаварын дагуу бичиг баримтыг шалгуулахгүйгээр хууль бус үйлдлээ нуун далдахыг оролдсон гэсэн үг. Түүнчлэн зарим нэг газрын захирамжуудыг газрын албаны захирамжуудтай тулгахад зарим бичиг баримт нь дутуу төдийгүй тухайн хэсгийг хариуцсан газрын мэргэжилтнүүд нь өөрсдөө мэдэхгүй захирамж тушаалууд олноор байсан байна. Энэ мэт үйлдлүүд илэрсэн учраас Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчуулуун тус дүүргийн газрын албанд албан ёсны хяналт шалгалт хийнэ гэдгээ ч мэдэгдсэн байна. Ямартай ч ганцхан дүүрэгт газар олголт энэ мэт далд хэлбэрээр олгогдож байсан гэдгийг энэ удаагийн хяналт шалгалт нотлоод өглөө. Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд Налайх дүүрэгт хууль бусаар газарт олголт явагдаж байна гэх гомдлыг тус дүүргийн иргэд Хотын дарга асан Э.Бат-Үүлд олонтаа илэрхийлж байсан ч үгийг нь хүлээж авдаггүйн хар гай өдгөө ийнхүү ил болж буй юм.

Тухайлбал, дүүргийн засаг дарга Х.Болдбаатар болон бусад албан тушаалтнууд иргэддээ газар олгохгүй, байгууллага хувь хүний нэр дээр байгаа газрыг цуцлан танил тал ах дүү амраг садан өөр байгууллагад өгдөг байсан зэрэг нь илчлэгдчихлээ.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн хугацаанд Х.Болдбаатар даргын талаар тоймгүй олон мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч байсан. Түүнийг газрыг хууль бусаар олгосон, мөн аудитын газрын шалгалтаар дуудлага худалдаагаар дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой газрын төлбөрийг ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хэрэгжүүлж нийслэлийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны дотр Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгосон албан бичиг ч байдаг юм билээ.

Эцэст нь хэлэхэд улс төрийн мөнгөний гол уурхай болсон газрын бизнесээр баяжсан хэсэг бүлэг хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас өм цөм хулгайлж байсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох цаг айсуй.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …