Эрүүл монгол хүн гээд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байдаг. Олон улсын чанартай үнэ төлбөргүй үзлэгүүд ч зарлагдан байна. Улсын үзлэгийг аль болох үнэгүй, хямд байлгахаар зорин эмнэлгүүд бор зүрхээрээ ажиллаж байгаа. Төсөв санхүү хамгийн түрүүнд яригдах эдгээр эмнэлгүүд “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй”-гээр л “амь зогоож” байна.
Эмнэлгийн ажилтны цалин хөлс, өнөөгийн манай эмнэлгийн тогтолцоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн орчин бүгд муу үнэлгээтэй ч харин эмчийн чадвар талаасаа сайн гэгдэх юм билээ. Хуучин зөвлөлтийн бидэнд үлдээсэн сайн зүйлсийн нэг нь эмч нарын чадвар сайн сургалт байсан болохоор тэр.
Нийгмийн байдал хүнс, агаарын бохир орчин биднийг өвчтэй монгол болгон хувиргаж байна. Насны эрхээр өвчин хэлэх хөгшчүүдтэй нялхас давхцан өвчилсөөр л байна. Өвчингүй хүн гэж бараг л алга. Сэтгэцийн эрүүл мэндийг бүүр ч ярилтгүй. Ийм цаг үед аль болох эрүүл хооллож, эрүүл мэндийн талаар хамгийн их мэдээлэл авч, элдэв вирус нянтай тэмцэж чадаж байгаа нь эрүүл үр удмыг үлдээхээр байна. Үнэндээ вирус, нян хоёрын ялгааг ч мэдэхгүй байсан монголын иргэдэд эрүүл мэндийн боловсрол маш хангалтгүй байгаа нь харамсалтай. Хэдэн үеэрээ антибиотик хэрэглээнд дасал болсон хүмүүс улам хүчтэй антибиотикийг ханиад хүрэх төдийхөнд хэрэглэж байгаа.
Иргэдэд эмийн хэрэглээ, өвчний тархалтын талаар үнэн зөв мэдээлэл тогтмол өгдөг болмоор байна. Заавал уух ёстой мэтээр ойлгодог антибиотикийн сөрөг талыг таниулан хэлээч мэргэжилтнүүдээ. Одоо төрийн томилгоо гэх олноор нь халж олноор нь авдаг ээлжийн мэт үйл явдлаас түрүүлэн монгол хүний мэдээллийн санд эмийн хэрэглээ, зөв амьдрах ухаан, архины хор уршиг, өвчний ойлголт гэх мэт амьдралд хэрэгтэй зүйлсийг энгийн үгээр тайлбарлан хүргэх нь юу юунаас илүү чухал болоод байна. Манай оронд нас баралтын үндсэн тавхан шалтгаан бий.
1. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний шалтгаант нас баралт /харвах/, 2.гадны шалтгаант нас баралт /ихэвчлэн аваар осол/, 3. Хавдар / төрөл бүрийн эрхтэнд үүсч болно/, 4. Хоол шингээлт эрхтэний өвчний шалтгаан /дотор, ходоод, элэг, цөс/, 5. Амьсгалын замын өвчний шалтгаан /уушигны бохирдлоос үүдэлтэй нас баралт/ ийм таван төрлийн нас баралт тэмдэглэгдээд байна. Мөн халдварт өвчин ихээхэн тархдаг ба үүнээс бэлгийн замын халдвар хамгийн их буюу 43,32%, амьсгалын замын буюу ханиад томуу 21,82%, амьсгалын замын цочмог халдвар 15,72%, Сүрьеэ 14,45% /утаанаас үүдэлтэй/, вируст хепатит 3,4%, бусад 1,29% өвчилсөн байдаг байна. Гэвч бид хатгаа, ханиад, элдэв вирус, сүрьеэ зэргийг ялгадаггүй шууд л антибиотик дур мэдэн уудаг.
Жишээ нь бэлгийн замын халдвар өвчин туссан эрэгтэй хүний удам эрүүл саруул төрөх магадлал муутай болдог ба хүүхэд нь сэтгэцийн өөрчлөлттэй, ужиг гажигтай, төрөлхийн согогтой болдог байна. Харин бэлгийн замын өвчнөөр өвдсөн эмэгтэй хүн хүүхэд тээх явцдаа хүндрэлтэй, ураг эрхтэн дутуу, гажигтай болон тээгддэг байна. Энэ мэт олон шалтгааныг элдэв өвчин үүсгэж байгааг мэдэх хэрэгтэй. Ийн учир бүхэн ужигтай амьдралд үнэн зөв мэдээлэл авч зөв амьдрах арга барилтай болохгүй бол, эрүүл байхыг хичээхгүй бол эрүүл хүнгүй нийгэмд хичнээн сайхан зүйл байгаад ч үнэгүй болох вий.
Б.Цацралт