ОХУ-ын Москва хотноо амралтын өдрүүдэд болсон олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны хурлаар чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ.
Дүрэмд барилдааны хугацааг өөрчилж, урьд мөрдөж байсан гурван минутаар хоёр үе барилддаг тогтолцоо руу шилжүүлжээ. Ингэснээр чөлөөт бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, сонирхогчдод ойлгомжтой болох гэнэ.
Мөн барилдааны оноо цуглуулах журмыг өөрчилж, хоёр үеийн барилдаанд илүү оноо авсан бөхийг ялагчаар тодруулахаар болсон байна. Дэвжээнээс түрж гаргахад оноо өгдгийг болиулж, барилдааны ялагчийг дэвжээн дээр шийдвэрлэдэг байх зэрэг өөрчлөлтүүдийг уг хурлаар хэлэлцжээ. Энэхүү ээлжит бус их хуралд 110 орны төлөөлөгч оролцсон бөгөөд хурлын үеэр FILA-гийн ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн үүрэг гүйцэтгэгч, Серб улсын иргэн Ненад Лалович сонгогджээ.
132 төлөөлөгчийн 125 нь түүнийг дэмжиж, долоо нь татгалзсан байна. Хуралд Монгол Улсыг төлөөлж МЧБХны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцсон юм.
Д.Эни Ugluu.mn