Монгол төрийн босго “намхан” боллоо хэмээн хэн хүнгүй ярих болсон. Харин иргэдийн бухимдал газар авч байгаа энэ үед тэдний бодол төрд хэрхэн нөлөөлдөг, хэрхэн үнэтэй болохыг төрөөс гаргаж байгаа шийдвэр, тогтоол, зарлиг, захирамж бүхэн харуулж байдаг.
Амьдрах орчин хангалтгүй хэрнээ л торгоно, хорино, цагдана, шалгана, эрх хасна гэх мэтээр ямар нэгэн дарангуйлалыг үзүүлэх болж. Нэг үгээр иргэн хүнийхээ үгийг сонсохгүй мөртлөө харин дарамтлах хэлбэрийн шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар.
Хамгийн их “хов” хүргэдэг, иргэдийн үзэл бодлыг шууд авдаг газар болох 11-11 төвийг хааж байгаа нь “амаа хамхи” гэсэнтэй агаар нэгэн шийдвэр боллоо гэж ард түмэн бухимдаж байна.
Хоосон заал, өндөр үнээр бүтээгдсэг техник тоног төхөөрөмж, монгол инженерийн ухаан, иргэдийн гомдол энэ бүхэн зүгээр л нэг намын бодлогыг нөгөө нам нь дэмжээгүйдээ, өөрсдийнх нь хийж болох зүйлийг өөрөөс нь түрүүлж хийсэн болохоор л хааж байгаа хэрэг. Уг нь иргэдийн үг үзэл бодол энэ төрд хамгийн их хэрэгтэй, иргэдэд таалагдах ёстой он жилүүдийнх нь “гол түлхүүр” нь байх учиртай. Гэтэл яагаад иргэдийн амыг нэг л өдөр хаав. Ард түмэн энэ төрөөс юуг хүсдэг вэ?
Ажилтай орлоготой, амьдрах орчин сайтай, хүүхэд нялхас сургууль цэцэрлэгтэй, өтгөс буурлууд халамж, тэтгэмжтэй, ипотекийн зээлээр амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй, бизнесийн салбарынханд санхүүгийн дэмжлэг бодлоготой, хөл гишгих байгальтай /хэвээр нь үлдээх/, эх орноо гэсэн сэтгэлтэй үйл хийхийг л хүсдэг. Энэ тийм ч гүн гүнзгий зүйл биш. Дэлхийн ихэнх улс төрөөсөө, төр барьж байгаа түр томилогдсон хүнээс ийм л зүйлийг хүсдэг гэсэн судалгаа бий. Иргэдэд хэн төр барих нь хамаагүй. Хэн төрийн өндөр цэгээс иргэдэд зөв шийдвэр гаргах вэ гэдэг нь л сонин. Энэ засгийн үед хамгийн сайн сайхан болно гэж найдаж иргэд саяхан сонголтоо хийсэн ч эхний хэдэн шийдвэр хуралдааны үр дүнгээс л ам “хазайж” эхэллээ. Иргэд бухимдаж байна.
Иргэдийн үг, үзэл бодлыг сонсохгүй байна. Яамдын сайд нарыг мэдлэггүй хүнийг томилж байна, /мэргэжлийн бус засгийн газар/ болон төвхөнөлөө гэх мэтээр “ам уралдан муулж” байна. МАН-ийн шийдвэрийнхээ хажуугаар зоригтойгоор сонгосон гишүүнээ эргүүлэн татах хуулийг батлах хэрэгтэй. Яг сумо бөхийн дүрэм шиг. Дахин цолондоо хүрээгүй бол төвшин буурч барилддаг шиг шударга тогтолцоотой байя.
Ард иргэддээ үйлчилнэ, тэдний үгийг төрд хүргэнэ хэмээн амласан эрхэм хэлсэндээ хүрэхгүй, сонгогдсон газраа харагдахгүй, хэн бүхний хийж чадах зүйлийг хийх хүсэлгүй байж гэмээ нь эргүүлэн татдаг байя. Харин үүнд иргэд хэн нэгний ятгалаг, мөнгө, үзэл бодлоор бус өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өөртөө үнэнч байж өөрөө татгалздаг байя. Иргэдийнхээ үгийг сонсохгүй болсон энэ төрийн үйл хэргийг иргэдийн санаачлагаар эргүүлэн татдаг хуулиа баталж ард түмэнд таалагдахаас өөр сонголт үлдсэнгүй дээ.
Б.Саран