Эх орны байгалийн баялгийг бүтээн байгуулалтад ашиглахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 98 цэгт автозамыг байгалийн чулуугаар хучиж, шинэчлэхээр болсон. Сонгон шалгаруулалтад зөвхөн эх орны чулуугаар бэлдэц үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд оролцох юм. Энэ онд дээрх төсөл хөтөлбөрийн эхлэл болгож 9 байршилд байгалийн чулуугаар орон сууцны доторх замыг хучих ажлын сонгон шалгаруулалт хийхээр болжээ. Олон мянган жилийн настай гэж дэлхий нийтээр үнэлдэг байгалийн чулууг үйлдвэрлэн бүтээн байгуулалтад ашиглах нь түүхий эд материалын хувьд элбэг, зөөж шилжүүлэх боломжтой, ус шингээх чадвар сайтай тул ус хуримтлагдаж зам талбайд эвдрэл үүсгэхгүй, дулаан шингээх чадвар өндөр тул хүйтний улиралд халтиргаа үүсгэхгүй зэрэг олон давуу талтай юм. Тиймээс байгалийн чулууг автозамын шинэчлэлд ашиглах ажлыг Монголын Чулуун Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Үндэсний Холбоо, түүний гишүүн 7 аж ахуйн нэгж, байгууллага дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Мэргэжлийн байгууллагын хувьд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа чулуун бүтээгдэхүүний чанар, стандартыг онцлохоос гадна уг бэлдэцээр ажил гүйцэтгэх арга, технологийг нарийн авч үзэх юм. Үүнээс дурьдвал, байгалийн чулуунд боржин 20-40%, хээрийн жонш 40-70%, гялтгануур 5-20% эзэлхүүнтэй байх бөгөөд чулууны хэмжээ 12 см шоо дөрвөлжин хэлбэртэй бол шаардлага хангасан гэж үзнэ. Түүнээс гадна явган хүний замын хувьд хөлдөлтөөс хамгаалах давхарга, даацын хайрган давхаргыг, харин автозамын гүйцэтгэлд үндсэн хөрстэй харьцах давхарга, ус нэвтрүүлэх давхарга, даацын давхарга, нунтаг хайрган давхаргыг тус бүр тодорхой хэмжээстэйгээр шаардах юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.