Өчигдөр Wall Street Journal сэтгүүлийн “Хөрөнгө оруулагчдын хувьд ‘халуухан бүсгүй’ байсан Монгол хаягдаж үлдэв” гэсэн нийтлэлийг харлаа. Нэрт эдийн засагч Б.Д.Гупта “Монгол яаж тэнэгтэх нь энэ вэ?” гэж халагласан байна.
Халуун бүсгүй болж хамаг бүхнээ харьд өгөөд аугаа их өрөнд орсон тэнэгтлийг маань дэлхий даяар гайхаж байна. Тэнэгээрээ алмайруулан алдаршиж байна! “Үхэр монголчууд шүү, бид” гээд омогшоод сайрхаад байдаг маань хий хоосон цээжээ дэлдэлт биш, бодит факт болж байна даа. Хүн үү, үхэр үү гэдэгт дэлхий дахин хариу олж байх шиг.
“Монголын гадаад өр 2015 он хүртэлх сүүлийн 5 жилд 246 % буюу дэлхийн хэмжээнд хамгийн ихээр нэмэгдсэн. 2016 оны эхний улирлын байдлаар 11,8 тэрбум долларын эдийн засагтай Монголын нийт гадаад өр 22,6 тэрбум . 2017 онд 2 тэрбум 580 сая долларын өрөө заавалтөлөх ёстой. Засгийн газрын өр нь ДНБ-ийхээ 75 %-д хүрч, хуулиар тогтоосон 55 %-иа хол давна гэнэ.
Энэ оны 7-р сард түүхий эдийн үнэ эргээд сэргэсэн атал Монголын эдийн засагт өчүүхэн ч нэмэр болсонгүй. Ийм байж, 2015 оны 12 сард Монголын Засгийн газар Рио Тинтог 4,4 тэрбум доллараар санхүүжүүлэх гэрээ хийсэн…” гэхчилэн, яана даа, энэ одоо гэж халаглан эвгүйцэн бичжээ. Монгол оронд хайртайдаа биш, бид аймаар видео үзээд эвгүйцдэг шиг дотор нь арзасхийн бичсэн байна.
Энэ л байдлыг өчнөөн жил мянга түм хэлж бичиж, засч залруулахыг уриалсан ч тусыг эс олж, чихний чийр л болж байх бололтой тул, уржигдар арай өөр маягаар “ХАМАГ БАЯЛГАА ХАРЬД ӨГВӨЛ ХАТАГТАЙ КОФИТАЧЕКИ БОЛНО ОО!” гэсэн пост хийсэн. Буй бүхнээ испаний конкистадоруудад өгснийхөө хариуд ард түмнээ устгуулсан, өөрөө ор мөргүй сураг алдарсан индиан гүнжийн эмгэнэлийн тухай пост л доо. Гэтэл хоёр хүн надад хандан хариу бичжээ. Нэг нь “Иргэний хөдөлгөөний та нар л хатагтай Кофетачка, учир нь та нар гадаадын хөрөнгө оруулагчдад орд баялгаа өгч болохгүй гэж гацаадаг”, нөгөө нь “Тэгэхгүйгээр яаж мөнгө олох юм” гэсэн байв. Энэ нийгмийн овоо гайгүй юм уншдаг, бичдэг хоёр нь гэж байгаа. Хэлэх ч үг олдохгүй юм! Юу ч яриад байгаа юм, эрүүл саруул уу?
Манай нийгэм яагаад ийм эмгэнэлтэй, аюумшигтай байдалд орчихов оо? Мөнгийг шүтсэнээс л тэр шүү дээ. Бурзай барзай гэсэн пост фэйсбүкээр дүүрэн байна. Ганц бурхан, хамгаас илүү эрхэмлэн дээдлэх зүйл нь тэр. Мөнгө шүтнэ гэдэг хар тамхинд гүнзгий орсонтой агаар нэг. Мөнгө тэр хүний оюун оршихуйг бүрмөсөн хоосолж, үхэл мөхөл рүү нь л дөтлүүлдэг. Мөнгө бол эдийн засгийн хэрэгсэл болсон цаас, гэтэл түүнийг шүтнэ гэдэг адгийн мунхаг явдал тул оюуны, хүн чанарын хувьд үзэшгүй муухайгаар хоосруулдаг. Юун эх орон байтугай, ижий аав, эхнэр хүүхдээ зоосны нүхээр харж сэтгэж, тавааржуулж ашигжуулж хүлээж авдаг, эргүү галзуу адгуус, буг чөтгөр мэт болгодог юм аа.
Тэгвэл энэ мөнгө шүтдэг нүгэлт нийгмийг хэн яаж бүтээчихсэн юм? Харгис социализмын үеийн үгээгүй боолчлогдмол оршихуйг гайхамшигтай гэж итгэж үнэмших нэгээхэн ч хүнгүй болж нийгэм эзгүйрч байсны орон зайд үндэстний, хүн төрөлхтний үнэ цэнэт зүйлийг залж суурьшуулан, хөгжөөн дэвжээхийн оронд, мөнгө зоос шүтэх үзлийг удирдагч нэртэй ч урвагч давхаргын өлөн люмпенгүүд төлөвшүүлсэн.
Мөнгө, мөнгө, мөнгө гэж тэд уулгалж, чадаж байгаа бол арга байхгүй, байгаа бүхнийг зар үр гэж хийрхэж, зохион байгуулж, чөлөөт хөдөлмөрийн нөхцөл буюу зах зээлийг биш, хууль бус үйлдлийг, хулгай луйврыг хавтгайруулсан юм. Хулгайчийн эрх чөлөөг л хэрэгжүүлсэн юм.
Гажуу нийгэм өмнөх нийгмийнхээ хамаг ресурсыг ховх сорж оршоод, шавхагдаж дуусахад нь мөхдөг. Ленинизм ч, маоизм ч тэгсэн. Тэгвэл манайхан зөвлөлт маягийн буруу социализмаар явлаа, хятад маягийн зөв социализмаар явна гээд энэ. Хятадад Мао ялаад 10 гаруй жилийн дараа нурман дээр Соёлын хувьсгал гарч, хунвэйбин гэх хоосон толгойт залуус галзууралдаж байсан. Манайд Мао ялаад 20 гаруй жилийн дараа тоос утаан дунд хунвэйбинүүд галзууралдаж эхэллээ. Монголын онцлогтой хунвэйбин нийгэм тогтож байна. Хятадад Улаан номыг шүтсэн улаан хамгаалагчид бүхнийг сөнөөж байсан бол, өнөөдөр мөнгийг шүтсэн улаан хамгаалагчид Монголыг бүрэн сөнөөх нь…
Барууныг дууриагаад, Барууны замаар яваад ийм болчихлоо гэж тэс хөндлөнгийн юм ярих. Манайд Барууны юу байгаа юм, Баруунаас юу сурсан юм, Барууны нийгэм ийм байдаг юм уу? Хаана ямар ийм Барууны нийгэм байгаад байгаа юм? Хаана ч байхгүй шүү дээ. Хэрээ мэдэж, бяраа танилтай. Бид Барууны улс орон огт болчихоогүй байна.
Барууны биш, Эрээний ухаанаар бид явсан. Тэгэхдээ гадны ресурсаар хот балгад босгочихдог ухаанаар биш шүү, Эрээний хог новшоор улсаа арилжчихдаг, уг чанартаа монголчуудын өөрсдөө л үүсгэсэн тийм нэг мөнгийг шүтэх Эрээн ухаанаар явсан. Хятадын нийгмийн гагцхүү муу муухай нь манайд нэвтэрч, өсөж үржиж ирсэн байдаг. Дэлхийд тэргүүлэх болсон хөгжил дэвшлийн ухаан нь бол огтхон ч нэвтрээгүй. Эрээний хогийн сав болсон нийгмийг бид цогцлоосон. Зөвлөлтийн нийгмийн үед ч муу муухай нь маш их нэвтэрч байсан байдаг.
Эрээн ухаан нь хүн бүр хувиа борлуулж, довоо шарлуул гэж, монголчуудын жигшдэг байсан, Чингис хаан дуулбаас цаазын ял оноох тийм зарчмыг гол болгодог. Тэгээд ганц ганцаараа явж, эх орноо худалдаж хулгайлж, урваж тэрсэллээ гээд болж бүтэв үү. Бүгд Титаникийн зорчигчид л боллоо. Мөсөн уул аюултай байна гэхэд Титаникийн холбоочин унтаж байсан шиг л хөвсөөр. Яаж улс үндэстнийхээ амийг буюу, өөрсдөд нь тааруулж хэлбээс өөрсдийнхөө амийг аврах вэ гэдгийг бодохын оронд, Үүрийнтуяа үг бичлээ гээд л, хэн бүхний бичдэгийг л бичсэний төлөө, өөрөө өөрийгөө элэглэн гутааж байгаагаа үл мэдэн хөөрцөглөх.
Харьд улсаа нэгтгэх бэлтгэл хийж байсан, бэлтгэл дуусчихлаа гээд дахин дахин нэгдэх хүсэлт тавьж байсан хүнийг ахин тахих. Тахиж байгаа юм чинь заасан замаар нь явж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх юм байлгүй? Хүн амины хэрэгт холбогдсон нэг хүнийг байцаалгахгүй гэж хэсэг нөхөд ” тэгээд байвал дахиад Ардчилсан хувьсгал хийчихнэ шүү” гэж авч байна. Хүн байцаалгадаггүй хувьсгал мянга байгаад хэрэггүй ээ, хүй төрлөө геноцидээс аврах хувьсгал нэг байхад цөөдөхгүй ээ!
Энэ мэтийг Wall Street Journal-ийн үгүүллийг уншаад эргэцүүлэн бухимдаж суутал, НӨАТ-ын азтан тодруулдаг ажилтан 30 удаа азтан болсон тухай мэдээ үзэгдлээ. Хэлэх муу үг олдохгүй юм даа, муу үгнүүд улиг домог урсаж, хэлэхээс хэл хөндүүртэй.
THIS IS MONGOLIA! гэж өөрийн эрхгүй хашгирлаа, цөхрөн инээлээ. THIS IS SPARTA! гэж эх орныхоо төлөө амиа өгөх эрэлхэг баатарлаг дайчдаа бахдан Леонард хаан хашгирдаг. Харин би хэлэх үг олдсонгүйдээ чингэв. ДМНН маань: “Энэ бүхэнд үүнийг уншиж суугаа ЧИ буруутай! Нийгмийг уналтанд оруулсны учир насанд хүрсэн хүн бүхэн буруутай! Ухаан үлдсэн бол жаахан юм бодмоор” гэжээ.
ДМНН нэг фэйсбүкчийн үгийг эшилсэн нь “Гуйлгачин хужаа гэж хэлэвч, Гурван төгрөг үзвэл даган бишрэх монгол…” гэсэн байв. Хэлэх муу үг дуусаад эшилж суунам. Бүгд буруутай, бүгд гэдэгт би бас мэдээж орно.
УИХ-ын эмэгтэй гишүүд монголчууд маш их аз жаргалтай байгаа учир албан ёсны Аз жаргалын өдөртэй болъё гэж цуглан хэлэлцжээ. Юу хэлэх вэ? This is Mongolia!