Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэлээр 10 хүртэлх насны хүүхдийг заавал эцэг эх, асран хамгаалагчтай авто зам гарах тухай зааж, хэрэв хүүхэд асран хамгаалагчгүйгээр зам хөндлөн гарч осолд өртвөл эцэг, эхэд нь хариуцлага тооцох шийтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр буюу 192 мянган төгрөгөөр торгох заалтаар шинэ жил эхэлснээс хойш хүүхдээ асран хамгаалагчгүй явуулснаас замын осолд орсон хоёр эцэг, эхэд торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн хүүхдийг эцэг эхийн гарт хүлээлгэж өгөөгүй гурван багшид хариуцлага тооцсон байна. Энэхүү хуулийн заалтыг мэдэхгүйгээс зарим эцэг торгууль төлөхгүй гэх тохиолдол ч гарчээ.
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал “Хуульд зааснаар Монгол Улсын иргэн эцэг эх, хэн ч байсан торгуулах ёстой. Торгуулийн 192 мянган төгрөгийн цаана хайртай үрийн чинь амь амьдралын аюулгүй байдал хамаатай гэдгийг л эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй байна” гэж тайлбарлав. Сүүлийн үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахүй, өсөх ч шинжтэй. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 675 хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Гэмтэж бэртсэн хүүхдийн 70 хувь нь зам хөндлөн гарах үедээ осоолд өртсөний дийлэнх нь буюу 302 нь 8-14 насных, үлдсэн 277 нь 0-7 насных байна. Зөвхөн шинэ хичээлийн жил эхэлснээс хойшхи 15 хоногт 47 хүүхэд замын осолд өртсөн н харамсалтай. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчдыг торгох ажлыг эрчимжүүлнэ гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд ярьж байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг