Концессын тухай хуулийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталж, тухайн үеийн Засгийн газар концессын гэрээгээр хийгдэх 200 гаруй төслийг жагсаажээ. Гэвч 2014 он гэхэд концессын гэрээний дагуу хоёрхон төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг.
Тодруулбал, Гашуун сухайт хилийн боомтын авто зам, Завхан аймагт баригдсан Тэлмэний дулааны цахилгаан станцын ажил зэргүүд л хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар энэхүү концессын гэрээнд анхаарлаа хандуулж, хийгдсэн төсөл, хөтөлбөрийн гэрээнүүдийг эрж хайхаар боллоо.
Зам барих концессын гэрээнүүдийн зарим нь олдоогүй
Уг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд концессээр маш олон төсөл, арга хэмжээний гэрээнүүд зурагдсан ч эдгээр гэрээ одоог хүртэл Засгийн газарт нэгтгэгдэж ирээгүй тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ сарын 07-ны УИХ-ын ээлжит бус чуулган дээр хэлж байсан юм.
Тэрбээр “Концессээр маш олон төсөл арга хэмжээний гэрээнүүд зурагдсан. Үнэхээр замбараагүй, эх толгойгоо алдсан юм болсон.Одоо Зам тээврийн сайд нь сууж байна. Тус яаман дээр зурагдсан зам барих концессын гэрээнүүдийн зарим нь олдоогүй гээд л байж байна. Эрчим хүчний сайд нь сууж байна. Аж үйлдвэрийн сайд баахан концесс зурсан. Замаар баахан концесс зурчихсан. Цэцэрлэг сургууль дээр хүртэл эргэн төлөгдөх нөхцөлөөр баахан гэрээ байгуулсан. Гэтэл одоо энэ бүх гэрээ нэгтгэгдэж ирээгүй гэж байна. 2016 оны аудит, Засгийн газрын хэрэгжилтийн тайланд концесс, Хөгжлийн банкны санхүүжилт, Үнэ тогтворжуулах гэдэгт дөрвөн их наяд төгрөг зарцуулсан байгаа. Энэ бүхний зарцуулалтаар аудитын нарийн дүгнэлт гаргах ёстой гэж бодож байна” хэмээж байсан юм. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн тэр олон концессын гэрээ яагаад өнөөг хүртэл Засгийн газарт нэгтгэгдэн ирээгүй байна вэ гэдэг нь хачирхалтай.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар ээлжит бус чуулганы үеэр Монголбанк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн олон их наяд төгрөг хаана байгааг шалгах хэрэгтэйг ч хэлж байсан. Хэрвээ дээрх мөнгөнүүдийг эргэн төлүүлбэл олон зардлын эх үүсвэр эндээс гарч ирэх боломжтой аж. Ямартай ч улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гурван их наяд 632 тэрбум төгрөг олгосон байна. Үүнээс 629 төсөл арга хэмжээнд 810 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс удаашралтай хэрэгжиж буй төсөл 58.7 хувь, огт хэрэгжээгүй 10 төсөл, дутуу хэрэгжилттэй 291 төсөл байгаа тухайг албаныхан хэлж байв.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс компаниуд мөнгө завшиж байсан
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны долоодугаар сард Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө завшсан барилгын компаниудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон ч энэ асуудал нам гүм болж байсан юм.
Тодруулбал, энэхүү хөтөлбөрийн хүрээнд 58 компани цемент, арматурын үнийг тогтворжуулах гэрээ байгуулаад арилжааны банкаар дамжуулж 131.6 тэрбум төгрөгийн зээлийг долоон хувийн хүүтэй авсан байдаг. Эдгээрээс 10 компани дангаараа 43.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Иймээс зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нэр бүхий 10 компанийн зээлийг зах зээлийн хүүгээр төлүүлэх, Сангийн яамны тендерийн хар жагсаалтад нэрсийг нь бүртгүүлэх асуудлыг БХБЯ-нд даалгасан ч бас л замхарсан. Өнгөрсөн онд банкны жилийн зээлийн хүү 18-19 хувьтай байхад компаниуд долоон хувийн хүүтэй зээл авсан. Тиймээс тэд хүүгийн зөрүү болох 12 орчим хувийн хүүг улсад төлөх ёстой байсан ч тухайн үеийн БХБ-ийн сайд энэ асуудлыг хаацайлж худал ташаа мэдээлэл хэмээн бидний амыг хааж байсан юм.
Харин тухайн үед энэ асуудлыг шийдээд явсан бол өнөөдөр байдал ийм дээрээ тулахгүй байсан биз. Эдийн засаг хүндэрсэн энэ үед концессын гэрээгээр хийгдэх ажлыг гүйцэтгэх компани нь өөрийн хөрөнгөөр хийчихээд, эргээд мөнгөө Засгийн газраас тодорхой хугацаатайгаар буцааж авах нь хамгийн зөв гаргалгаа гэдгийг эдийн засагчид хэлж байв. Ямартай ч энэхүү концессын гэрээгээр хийгдсэн төсөл хөтөлбөрүүдэд дахин аудитын шалгалт оруулж алдагдсан гэрээний хойноос Засгийн газар эрэлд гарлаа.
Өнгөрсөн он болон энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн концессын гэрээнүүд
2015,2016 онд хийгдэхээр төлөвлөсөн концессын гэрээнүүд.
2015 ОНЫ 03-Р САР
Алтай-Дарви чиглэлийн 98 км авто зам төсөл
Алтай-Дарви чиглэлийн 165 км авто зам төсөл
Зүүн хараа чиглэлийн 15.8 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээ
2015 ОНЫ 04-Р САР
Багануурийн цахилгаан станц төсөл
Рашаант дахь улсын нөөцийн агуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ
2015 ОНЫ 06-Р САР
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх (ВТ) концессын гэрээ
2015 ОНЫ 07-Р САР
Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажилуулах төслийн шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ
Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор төслийн зураг төсөл боловсруулах-барих- өмчлөх-ашиглах концессын гэрээ
2015 ОНЫ 08-Р САР
Эрдэнэт-Овоо уурхайн хоорондын төмөо замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ
2015 ОНЫ 10-Р САР
Аглах бүтээлийн хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээ
Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох концессын гэрээ
Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын-барих-штлжүүлэх концессын гэрээ
2016 ОНЫ 1-Р САР
Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургууль төслийн зураг, төсөл боловсруулах-буулгах-барих- шилжүүлэх концессын гэрээ
Нийслэлийн бангол дүүргийн 73 дунд сургуулийн төсөл зураг боловсруулах-буулгах-барих- шилжүүлэх концессын гэрээ
2016 ОНЫ 3-Р САР
Увс аймгийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-санхүүжүүлэх барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ
Сэлэнгэ аймгийн түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажлын төсөл зураг боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээ
Хөвсгөл аймгийн Идэрийн голын хөвдөр гүүрний барилгын ажил төслийн концессын гэрээ
2016 ОНЫ 4-Р САР
Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төслийн концессын гэрээ
2016 ОНЫ 6-Р САР
Нийслэлийн Хан-уул дүүргийн 32 дунд сургуулийн төслийн зураг төсөл боловсруулах-буулгах-барих-шилжүүлэх концессын гэрээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн төслийн зураг төсөл-боловсруулах-буулгах-барих-шилжүүлэх концессын гэрээ
Хөвсгөл, Цагаан уул сургуулийн барилга барих төслийн концессын гэрээ
Хөвсгөл, Цагаан уул цэцэрлэгийг барих төслийн концессын гэрээ
Хөвсгөл, Шинэ Идэр сумын цэцэрлэг барих төслийн концессын гэрээ
Дундговь Сайнцагаан сумын цэцэрлэгийг барилга барих төслийн концессын гэрээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын V багийн Жигүүр цогцолбор сургуулийн хашаанд цэцэрлэг барих төслийн концессын гэрээ
Ховд Жаргалант нэгдүгээр цэцэрлэгийг барих төслийн концессын гэрээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Баян ойт зургаадугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга барих төслийн концессын гэрээ
Баянхонгор аймгийн Богд суманд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих төслийн концессын гэрээ
Баянхонгор аймгийн Баянговь суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих төслийн концессын гэрээ
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын баян ойт нэгдүгээр цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга барих төсөл концессын гэрээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд баригдах 75 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих төсөл концессын гэрээ
Баянхонгор аймгийн Өлзийт суманд баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих төсөл концессын гэрээ
Хөвсгөл, Жаргалант сумын цэцэрлэг барих төсөл концессын гэрээ
Хөвсгөл аймгийн Тариалан сум, Соёл сплот цогцолборын барилга барих концессын гэрээ.
Эх сурвалж: