Эдийн засаг хямарч байна энэ байдлаасаа 2018 он хүртэл гарахгүй нь хэмээн сангийн сайд халаглан суугаа цаг. Чанаргүй буюу зээлийн эргэн төлөлт муутай нь 49.7% хувьд хүрч байна. Нэг үгээр таван хүн тутмын гурав нь ямар нэгэн банкны зээлтэй байхад тэпний тал хувь нь эргэн төлж чадахгүйд хүрсэн үе. Ямар ч дарга цэрэг байсан мөнгө олно гэдэг нүдний гэм мэт болж. Мөн л дөрвөн жилийн давтамжтай болдог сонгуулийн арын ажлын солилцоо буюу үй олноор нь халж, үй олноор нь авдаг онцгой цаг үе таарч байна. Энэ үед хичээл сургууль орж жигдэрч байхад их дээд сургуулиуд заавал төлбөрөө бүтнээр нь авах юм гэнэ. Үүний учрыг эцэг эхэд нь тайдлбарлахдаа нэг болон төгсөх курсын оюутны төлбөрийг бүтнээр нь авдаг журамтай.
Үүнийхээ дагуу л авахаар ажиллаж байна гэх. Яагаад шинэ оюутан болон хамгийн хөгшин сурагч нар бүтэн төлөх ёстой вэ? Учир нь төгсөхдөө төлбөрийн өртэй байлгахгүйн тулд, эхлэхдээ төлбөрийн дарамтнаас сургуулиа хаяхгүйн тулд уу. Манай их дээд сургуулиуд гадаадын тэтгэлэгтэй суругуультай ижил хэмжээний төлбөртэй ч сургалтын чанар муутай. Зөв бичиж чадахгүй их дээд сургууль төгссөн олон мянган шавь бий. Төрийн үйлийг ч зөв бичиж чадахгүй хэмжээнд хүртлээ даамжирсан. Энэ бол зүгээр л эхлэл. Нэг кретидын үнэлгээ, нэг цагийн үнэлгээ зэрэг нь хүн ам, нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэйгээ харицуулахад харьцангуй өндөр дүнтэй.
Өндөр төлбөрөөр чанартай боловсрол олгодоггүй хэрнээ мөнгөө нэхэхдээ гаргууд аж. Тэртэй тэргүй сургалтын төлбөрийг цаг тухай бүрт нь зарцуулагдаад явах байтал юунд нэг дор нэхэгддэг юм бол. Магадгүй сургуулийн ерөнхий нягтлангууд өндөр хүүтэй дансанд байршуулан сар бүрийн хүүг “зохицуулдаг” гэсэн яриа үнэний ортой ч юм билүү. Албан тушаалаа ашиглан цалингаас гадуур зөв зүйтэй аргаар мөнгө олоод ч байдаг юм билүү хэн мэдлээ. Ийнхүү хардахад хүргэж байгаа хэрэг. Цалингаас цалингийн хооронд төлбөрөө хийж дуусгах боломжийг яагаад сургуулиуд олгодоггүй юм бэ.
Эдийн засаг хямарч иргэд ядарч байна. Хоолны материалаа граммар авч байхад юун хоёр сая гаран төгрөг нэг дор төлөх. Мэдээж хүүхдээ хэнээс ч дутахааргүй боловсролтой болоосой гэж хүсэлгүй яахав. Гэхдээ хүсээд хясагдаад өнгөрөх олон мянган эцэг эхчүүд байгаа. Тэдэнд яагаад боломж олгож болдоггүй юм бэ. Мэдээж нийгэм эдийн засаг сайн байвал өртэй байгаад байхыг хэн хүсэх билээ. Аль болох л төлөөд дуусгахыг зорино. Харин яг ийм цаг үед эрдмийн мөр хөөж байгаа нэгнийгээ дэмжин шинээр элсэн орсон сурагчдаа аль болох тайван байлгаж сургалтын төлбөрийн дарамтыг үзүүлэхгүй байгаач их дээд сургуулиудаа. Жил болгон шалтгаангүй нэмэгддэг төлбөрийг нэрлэсэнгүй харин шалтгаангүй бүтнээр нь авах болсонд эцэг эхчүүд, иргэд бухимдалтай байна. Сургалтын төлбөр бүтнээр нь авах сонирхол их дээд сургуулиудын удирдлагуудад байдаг шиг хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг таллаж өгөх сонирхол эцэг эхчүүдэд байдаг гэдгийг анзаараач.
Энэ жил л ЕБС-ийг 119 000 хүүхэд төгсөж байна. Үүнээс 80-90% ирцтэйгээр их дээд сургуульд элсэн ордог гэвэл жил бүр төлбөр нэрийдлээр ямар их мөнгө болдог нь харагдаж байна.
Б.Саран