Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг томилсон. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатын хувьд тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг. Ямартай ч, Н.Мөнхбатыг “Чингис”, “Самурай” бондын асуудлаар шалгаж байгаа юм байна. “Чингис”, “Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан бөгөөд өдгөө эдгээр бонд үр ашиггүй зарцуулагдсан нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс бондын зарцуулалтыг удирдсан хүмүүсийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа аж. Харин Н.Мөнхбатаас эхэлсэн энэхүү шалгах ажиллагаанд гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа эсэх, мөн Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарын хүмүүс холбогдсон эсэх нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Олон нийтийн зүгээс тэднийг бондын хөрөнгөнөөс завшсан байж болзошгүй гэдэг ч гаргах тавих баримт байдаггүй. Харин олон нийтийн энэ хардлагад албаныхан тайлбар өгөхөөр тэднийг гэм буруутай эсэхийг шалгаж байгаа аж.