Монгол Улсын нийслэл Улаанбаатар “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хот”-ын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн. Энэ тухай өнгөрөгч өвөл дэлхийн хэвлэлүүдээр мэдээлж, 1-т Улаанбаатар, 2-т Дели, 3-т Бээжин хотуудыг оруулж байв. Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 25 дахин их байсан аж. Үүгээрээ 24, 21 дахин их Дели, Бээжин хотуудыг ардаа орхижээ.
Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээгээр нэг шоо метр агаарт хамгийн ихдээ 50 микрограмм тоосонцор байх ёстой аж. Тэгтэл манай улс үүнээс 25 дахин их буюу 1250 микрограммд хүрч, аюултай төвшинд оржээ. Болоогүй, Улаанбаатар хотод идэр есын хүйтний үеэр нэг шоо метр агаар дахь тоосонцорын хэмжээ 2685 микрограмм хүрч байсан тохиолдол байдаг аж. Түүнчлэн эмч мэргэжилтнүүд хүртэл Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг сануулж, үүнээс болоод урагт янз бүрийн эмгэг илрэх болсныг хэлж байгаа юм. Мөн жил бүр нэмэгдэж буй Улаанбаатарын утаанаас болж нас баралтын хувь хэмжээ улам бүр ихэсч байгаа аж.
За тэгээд өвлийн улиралд Улаанбаатарт газардах гэсэн олон улсын онгоц утааны улмаас буух талбайгаа олж харахгүй, тэнгэрт утаа багастал хий дэмий хоёр цаг гаруй тойрог хийсэн тохиолдлуудад өнгөрөгч өвөл бишгүйдээ л гарлаа.
Уг нь Монгол Улс Улаанбаатарыг утаагүй хот болоход хангалттай мөнгө зарцуулсан. Нийтдээ 300 тэрбум төгрөг зарцуулсан энэ ажил нийслэл хотыг утаагүй болгох гэхээсээ илүүтэй яаж хөрөнгө, мөнгө завших вэ гэдэг ажил болж өрнөсөн юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгө хангалттай байсан ч бодлого шийдвэр нь буруу байсан юм. Тэгвэл бид хаанаа алдав. Авлигачин дарга нар, сэтгэлгүй бизнесийнхэнд ашиглуулжээ. Тэд утаанд төсөвлөгдсөн мөнгийг ажил хийсэн нэртэй, утаагүй зуух нийлүүлсэн нэртэй хувааж авчээ. Улаанбаатарын утааг бууруулахад хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулсан гэгддэг “Цэвэр агаар” төсөлд нийтдээ 100 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэгддэг. Өдгөө эндээс юу үлдэв. Агаарын бохирдол 10 хувиар ч болтугай буурав уу.
Хэдэн албан газрын хаалганы бариул дээр халтардаж муудсан “цэвэр агаарыг ТАТ, “бохир агаарыг ТҮЛХ” гэсэн цаасны хэлтэрхийнээс өөр юу байна. Мөн “Цэвэр агаар” санд ажиллаж байсан хурган даргын баруун солгойгүй идэж ууж, тэгж ч гангарч, ингэж ч хамаатан саднаа тэтгэж Арабын шахын авгай шиг аягласан гэх ам дамжсан ярианаас өөр зүйл алга. Өдгөө “утаагүй зуух” гэгч нь Улаанбаатарыг улам бүр утаажуулах ажил байсан гэдгийг хүмүүс хэлж байна. Ер нь тэгээд хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш утаагүй гал түлэх аргыг олж чадаагүй байхад манайхан “утаа гаргадаггүй зуух” бүтээвэл энэ нь дэлхийн хамгийн аугаа нээлт болох байх. Аугаа юм бүхэн энгийн, амьдралаас урган гарсан зүйл байдаг гэдэг.
Харин манайд утаагүй зуух гэгч хийсвэр ойлголтор иргэд олон нийтийн толгойг эргүүлж өндөр үнэтэй зуух шахаж, утааг бууруулахад төсөвлөсөн мөнгийг хуйгаар нь хамаж байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг “утаагүй зуух”, шахмал түлш мэтчилэнгийн зүйлсүүд утаагүй болгож чадахгүй юм байна гэдгийг нотоллоо. Мөн барууны зарим орнуудын жишиг шиг халаалтыг газ, цахилгаанаар шийдэх боломж хомс байна. Тиймээс ухаант дарга нарыг дорвитойхон ажиллаж, дулааны цахилгаан станцуудыг нийслэл хотоос холдуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, автомашинуудыг “залуужуулах”, хог хаягдлыг дахин боловсруулах, тоос шороог бууруулах гэх мэт ажил санаачилна гэдэгт найдаж байна.
Эцэст нь, тэгээд иргэд олон нийтийн зүгээс Улаанбаатарын утаа багасч байгаа хэмээн ярьдаг ч утаанаас зугтаж хотын захад амьдардаг та бүхэнд зориулсан дараах шүлгүүдийг хүргэе. Утаагүй болгоно хэмээн амалсан ч “утаа” болон замхарсан дарга нарт зориулсан бололтой.
Би Улаанбаатарын хүн
Нүүрсний утаа боргилсон
Хотын хороололд төрсөн би
Нүүрст энэ хотоо
Өлгий минь гэж боддог
Утаан манан суунагласан
Алсын бараа ширтээд
Утаат энэ хотоо
Сэтгэл гундуу харахад
Үлээж байгаа утаа нь
Үнэртэхгүй ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар шиг
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг
Есөн ес
Нэг есд яах вэ?-Нил утаа болно
Хоёр есд яах вэ?-Хор нь улам ихэснэ
Гурван есд яах вэ?-Гамшгийн хэмжээнд хүрнэ
Дөрвөн есд яах вэ?-Дөрвөн зүг харагдахаа болино
Таван есд яах вэ?-Тархсан утаа татарна
Зургаан есд яах вэ?-Зам бүртийж харагдана
Долоон есд яах вэ?-Хотын өнгө харласан байна
Найман есд яах вэ?-Нарны туяа тодорч харагдана
Есөн есд яах вэ?-Ерийн утаатай болно
Нинж