П.Ариунбилэг: Шүүгч болох гэж 20 жил тээсэн мөрөөдөл минь хэвээрээ

1474359667_1

Шүүгчийн туслахаар 20 дахь жилдээ ажиллаж буй П.Ариунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр анх хуульчийн мэргэжлийг эзэмшихдээ л шүүгч болно гэж зорьсон. Хуульчийн мэргэжлийн оргил гэгдэх шүүгчийн албан тушаалд хараахан хүрээгүй ч шүүхийн ажлын гүнд цаг наргүй зүтгэж өдий хүрсэн түүнээс шүүх, шүүгч, шүүхийн шинэтгэлийн талаар хамгийн бодитоор сонсохыг хичээв.

– Таны бодлоор шүүгчийн туслах гэж хэн бэ, товчоор хэлбэл?

– Шүүгчийн туслах бол шүүхийн нүүр царай болсон ачаалал даах маш өндөр үүрэг хариуцлагатай, ёс зүй, харилцаа хандлага гээд бүхий л чадварыг цогцлоосон албан тушаалтан юм. Анх хүн шүүхээр орж ирээд лавлагаанд өргөдлөө өгөөд туслахтай уулздаг. Тухайн шүүх ямар ажил үйлчилгээтэй нь туслахын хариуцлагаас харагддаг. Хоёрдугаарт, шүүн таслах ажиллагааны 80 хувийг туслах хийдэг. Хөдөө орон нутгийн шүүхэд 2 шүүгчийн дунд нэг туслах ажилладаг. Хотын ачаалал өндөртэй шүүхүүдийн туслахын ажил толгой өндийхгүй тасралтгүй үргэлжлээстэй, хувь хүнээс өндөр чадвар, бас сэтгэл их шаарддаг.

– Шинэ ажилтнуудыг “шүүхийн хүн” болгохын тулд хугацаа хэр шаардагддаг вэ?

– Хугацаа шаардлагатай байлгүй яахав. Шүүхэд сэтгэл зүтгэлтэй хүн ажилладаг. Мэргэшсэн ажилтныг бэлтгэх нь 100 хувь үгүйлэгдэж байгаа асуудлын нэг болоод байна. Бид долоо хоногт нэг удаа шуурхай хийдэг. Шуурхай дээрээ тийм ажлаа хийгээгүй байна, энэ хэрэг нь ингээд байна, тэр улсуудаас хэл ам гараад байна шүү. Харилцаа хандлага дээрээ анхаараарай гэдэг зүйлс яригддаг. Гэхдээ надад энэ нь төдийлөн хангалттай санагддаггүй. Тусгай хөтөлбөрийн дагуу шүүхийн захиргааны ажилтнуудыг стандартын дагуу сургах ёстой. Цаг үе улам чадварлаг, боловсрол мэдлэгтэй ажилтныг шаардсаар байх болно.

– Шүүгчдийн цалинг өсгөсний сайн тал туслахуудын ажилд ямраар бууж байгаа тухайд та шударгаар хариулахгүй юу?

– Социализмын үеийн миний насны хүмүүс “Би авч байгаа цалингийнхаа хэмжээгээр ажлаа хийх ёстой” гэсэн хандлагатай. Залуучууд бол арай өөр. Анх олсон мэргэжил, ажиллаж эхэлсэн газраасаа шалтгаалаад энэ нь их өөрөөр тусдаг. Жишээ нь, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж туслах л бичих ёстой гэсэн шүүгч нар байдаг. Гэтэл бас би өөрөө цалингаа авч байгаа. Би энэ дээр өөрөө гарын үсэг зурна, энэ их маргаантай хэрэг учраас миний туслахын дадлага туршлага дутна гэдэг үүднээс өөрөө бичдэг шүүгч нар байдаг. Маргаантай олон оролцогчидтой хурал хойшилвол захирамжаа бичдэг шүүгч нар байдаг. Гэтэл тэр хуралд туслахууд суугаагүй байхад хойшилчихлоо гэдэг. Яг тэнд юу өрнөөд, юу болоод хойшлов гэдгийг мэдэж байж захирамжаа гаргах хэрэгтэй. Зохих хэмжээний мэдээлэл туслахт байх ёстой. Энэ мэтчилэн шүүгч нар туслахтайгаа амь нэг, туслахдаа хэлж зөвлөх нь илүү байх хэрэгтэй.

– Та шүүгчээсээ хэр үнэлгээ сонсдог вэ?

– Манай шүүгч чи ёстой сайн, чи муу гэдэггүй. Чи байна, чи байгаа учраас миний ажил явж байна гэдэг. Би ардаа асаалттай танктай учраас санаа зовдоггүй гэж хэлдэг.

– Туршлагатай захиргааны ажилтны хувьд шүүхийн шинэтгэлийн алдаа оноог нь та яаж хардаг вэ?

– Сүүлийн 3 жил шүүхийн шинэтгэл эрчимжсэн. Одоо бие даан байгуулагдсан Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны гол ажил руугаа ороод ирэхээр шинэтгэл илүү хурдацтай явж байна. Шүүхийн шинэтгэл зайлшгүй хийгдэх ёстой үйл явц. Шүүхийн шинэчлэлийн ололттой талууд маш их. Нээлттэй, ил тод болсон байна. Бидний бүх ажлыг иргэд үзэж хараад, хяналт тавьдаг систем их мундаг болсон. Дагнасан шүүхүүд ахиц дэвшил мөн. Гэхдээ амьдралд хэрэгжүүлэхээр иргэдийн төлөөлөгч жаахан хэцүү байдаг. Нэг шүүх хуралд суулгахын тулд бид 20-30 хүн руу утастдаг. Манай иргэдийн төлөөлөгчид ажилгүй юм уу, өндөр настнууд байдаг. Нэг иргэдийн төлөөлөгч рүү утасдахад маргааш өглөө 9 цагт ирэхээр болдог. Маргааш нь цагтаа ирэхгүй болохоор нь залгахаар “Би очиж чадахгүй болчихлоо. Хүүхэд харах хүн байхгүй, би ерөөсөө явмааргүй байна” гэдэг хариу өгдөг.Тиймээс иргэдийн төлөөлөгчдөд бид нар маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. “Та иргэний үүргээ биелүүлж шүүхэд очоорой.Хэрэв очихгүй бол шүүн таслах ажиллагаанд хүндрэл учирна, шүүхийн ажилд олон нийтийн хяналт үгүй болно” гэх мэтчилэн тайлбар таниулга хийх шаардлагатай. Гэхдээ эд нарыг яваандаа засаж болох асуудал.

– Та шинэ шүүгчдийн тухай ямар бодолтой явдаг вэ?

– Мэдээж тэд сайн байгаа учраас шүүгч хэмээх эрхэм алдарт хүрсэн байгаа. Ямар нэгэн хэмжээгээр, аль нэг талаараа надаас илүү л байж таараа. Гэхдээ тэд надаас асуудаг. Яагаад гэвэл тэд миний дадлага туршлагыг боддог байх. Дээрээс нь шүүхэд олон жил болсон. Шүүгчээс бусад сайнаас мууг хүртэл бүгдийг нь хийж үзсэн болохоор надаас асуужх үе бий. Шүүгч хүн цаг тутамд эхний шүүх хуралдаанаасаа эхлээд л сурдаг. 20 жил ажилласан шүүгч өнөөдөр ч гэсэн сурч л байгаа. Сүүлийн үед прокурор, өмгөөлөгч, цагдаа гээд шүүхээс гадуур байсан хүмүүс орж ирж байна. Тэдний хувьд хуулийн сургууль төгссөн ч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, процесс гэдэг өөр зүйл байдаг учраас дадлага туршлага хэрэгтэй. Энэ зөвлөгөөг хүлээж аваад хурдан сурч байгаа хэсэг бий. Бас энэ их нарийн юм, энийг мэдэхгүй байна гэсэн хүмүүс бий. Шинэ шүүгч тэр процесс дээр яаж ажиллахаа мэдэхгүй, шинэ туслахтай ороод ирэхээр ажил нь амаргүй болдог. Нэг ажиллагаа анхнаасаа буруу явчихвал тэр чигээрээ л буруу явна. Нөгөө процессынхоо ажиллагаанаас болоод хүчингүй болдог. Тэр хэрэг нь буцаад анхан шатан дээрээ ирдэг. Үүнээс болж бүх юм анхнаасаа эхэлдэг. Тиймээс их бодолтой, хянуур хандах хэрэгтэй. Анхнаас нь дадлагажуулж, туршлагажуулж, сургаж байж шүүгч болгох хэрэгтэй. Шүүгч болсон хүмүүс “Ер нь шүүгчийн туслахаар ажиллаж байсан хүмүүсийг шүүгч болгож байсан тэр практик их зөв байсан юм байна” гэж ярьдаг.

– Иргэдийн тавьж байгаа шаардлага, шүүхийг ойлгож мэдэж байгаа хандлага таньд хэр санагдаж байна?

– Ер нь орж ирж байгаа хандлага нь “Та нар цалин өндөртэй. Одоо л миний асуудлыг хурдан шийдээд өг. Та нар улсаас өндөр хангамж авч байгаа. Шүүх ил тод болчихсон.Та нар цалин авч байгаа юм чинь хариуцлага үүрэх ёстой. Болохгүй бол Ерөнхий зөвлөлд чинь очоод матна шүү” гэсэн шаардангуй хүмүүс орж ирдэг. Ялангуяа эмээ өвөө нар хэцүүхэн орж ирнэ. Суулгаж тайлбарлаад, эрх үүргийг нь хэлээд өгөхөөр арай өөр болдог. Иргэд шүүх шинэчлэгдэж байгаа, ил тод, нээлттэй болсон учраас иргэн би шаардах эрхтэй гэдгээ их сайн мэддэг болсон.

– Таны олон хамтран зүтгэгч туслахууд шүүгч болоод явчихсан байдаг. 20 жилийн хугацаанд олон хүнийг үдэж өгсөн байх?

– Тэгэлгүй яахав. Ер нь шавь гээд яривал зөндөө байна. Дээд шүүхэд хүртэл ажиллаж байгаа. Бүх шүүхүүдэд байгаа захиргааны давах,анхан шатны шүүх, хөдөө орон нутагт ч байна. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц бидний нүднээс далд байдаг. Яагаад би шүүгчид сонгогддоггүйгээ ойлгодоггүй. Миний хувьд ёс зүй, мэдлэг боловсрол, дадлага туршлагын хувьд Ариунбилэг гэдэг хүнд шүүгчийн алхыг атгуулаад яахав гэсэн зүйл байхгүй гэж боддог. Аль шүүхэд, хаана л орон тоо гарч байна тэр болгонд би шүүгчийн сонгон шалгаруулалтанд нэрээ дэвшүүлдэг. Хэрвээ надад ямар нэгэн алдаа дутагдал байсан бол би тэрийгээ мэднэ.

– Та нийт хэдэн удаа шүүгчийн сонгон шалгаруулалтанд орж, хэдэн удаа нэрээ дэвшүүлсэн бэ?

– Шүүгчийн сонгон шалгаруулалтанд 15 удаа орсон байна. Нөөцөнд 16 жил, сүүлийнх 2 жил байгаа. Дээр үед сонгон шалгаруулалтанд ороод 1 жил нөөцөнд байдаг байсан. Сүүлийн үед 2 жил нөөцөнд байдаг болсон. Миний нөөц ингээд дуусч байна. Би хөдөө орон нутагт зарлагдсан орон тоонд шалгалт өгч үзээгүй. Хотод боломжийнхоо хэрээр өгч байсан. Нийтдээ 50-иад удаа нэр дэвшүүлж байсан.

– ШЕЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар шүүгчид нэр дэвшдэг. Ярилцлагын шалгалт дээр таньд хамгийн их ирдэг асуулт юу вэ?

– Мэргэшлийн хороо надаас нарийн зүйлийг асууж байгаагүй. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Хэдэн жил ажиллаж байна? Яагаад одоо болтол шүүгч болоогүй юм бэ” гэж асууж байсан. Мэргэшлийн хорооны дарга Т.Уранцэцэг бас асууж байсан. Тэгэхээр нь би шалгаруулалтандаа орж байсан тэнцэж байсан. Гэхдээ яагаад гардаггүйг би мэдэхгүй, Ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авч чаддаггүй болохоор гарч чаддаггүй гэж л хариулсан. Би улайраад яваад байдаггүй. Шүүгчид нэр маань дэвшээгүй л бол тэгээд орхичихдог. Би ажлаа хийгээд л явж байхад ойлгоно л гэж боддог. Энэ бол миний шүүхээс олж авсан зан. Яагаад гэвэл шүүх өөрөө шударга ёсны баталгаа. Би энэ ажлыг сайн хийж байвал миний үйлс бүтнэ л гэж ажилдаа хүндэтгэлтэй ханддаг. Шүүхийн бүх зүйл ил тод болчихсон. Өнөөдөр би алдаа гаргавал энэ шүүгчийн туслах ингээд байна, ийм хариу өгөөд байна гээд манай удирдлага дээр очиж хэлэхээ иргэд мэддэг болсон байна. Тэр дунд Ариунбилэг гэдэг нэр гарсан уу, үгүй юу гэдгийг ялгах байх.

– Өмгөөлөл хийе гэсэн бодол төрж байгаагүй юу?

– Таны хэргийг би бүтээнэ, би өөрөө шүүхэд ажиллаж байсан, олон хүн танина, шүүх дотроо ч наадхыг чинь сайхан цагаан шийдүүлнэ гэж би хүнд амлаж чадахгүй. Тийм учраас өмгөөлөгч хийнэ гэдэг бас л хэцүү. Би 20 жил ажиллачихаад өмгөөлөгч болоод явахаар шүүгч хүн ажлаасаа гараад 3 жил өмгөөлөгч хийж болохгүй гэж заасантай яг адилхан. Намайг ашиглах гэсэн хүн гарч ирж болно. Энэ олон жил шүүхэд ажилласан. Энэ хэрэг хуваарилалтан дээрээ баараггүй гээд мөнгө төгрөг өгье гэх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол миний зан чанарын эсрэг асуудал.

– Шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хөлсний тухайд таньд хэлж ярих зүйл мэдээж байгаа байх?

– Цалин бага байгаа нь үнэн. Би шүүхэд 20 жил ажиллаж байж нэг ч удаа тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт огт авч үзээгүй. Энэ тухайгаа тайлангийн хурал дээр ч хэлж байсан л даа. Хүмүүс тусламж, дэмжлэг, тэтгэмж аваад л 1 юм уу, 2 жил ажиллаад ямар ч үр дүн өгөхгүй байж байгаад ажлаасаа гарчихдаг гэдэг тайлбар хариуд нь сонсч байсан. Магадгүй яг тэр тэтгэмж, хөнгөлөлт өгөх хүнээ таньдаггүй, олж чаддаггүй байсан байх. 20 жил ажиллахдаа юу ч авч үзээгүй маань шүүх ядуу байсных гэж хааяа боддог.

– Хэрэг шийдэхэд шүүгчийн нас, “элээсэн оймсны тоо хамаатай” гэдэгтэй та санал нэгдэх үү?

– Санал нэгдэнэ. Гэхдээ тийм хүмүүс шүүгч болоод л байгаа. Залуу хүмүүс гэдэг утгаараа цаашаа зам нь урт байна. Тэр бүх хугацаандаа туршлагаа хуримтлуулна.

– Та шүүгч болохын тулд ахиад сонгон шалгаруулалтанд орох нь. Таны шүүгч болох хүсэл мөрөөдөл өнөөдөр ч гэсэн унтраагүй гэж ойлгож байна?

– 20 жил тээсэн мөрөөдөл минь хэвээрээ байгаа. Гэхдээ нөөцөнд байх 2 жилийн хугацаа дууссан учраас шалгалт өгөх үү, үгүй юу гэдгээ тухайн цаг үед нь л шийдэх байх.

– Ярилцсанд баярлалаа

judcouncil.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …