Юнивишний увайгүй үйлдлүүдээс болж хэрэглэгчид нь урваж эхэллээ

52529
Монголд анх удаа гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн “Unitel” группын охин компани болох “Univision”-ыг тойрсон асуудлууд сүүлийн хэд хоног хэл ам таталж, иргэд ч энэ талаар цухалдангуй байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж эхэлжээ. Тус компани шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан “Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурван үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно” хэмээн анх зээлд хөл тавьж байсан түүхтэй. Ийнхүү Монголдоо анхдагч нь байж, олон мянган хэрэглэгчийг гурвалсан

үйлчилгээгээрээ татаж эхэлсэн тус компанид анхандаа иргэд таатай ханддаг байв. Гэтэл өдгөө анхдагч гэдэг утгаар нь өдийг хүртэл үнэнч байсан хэрэглэгч үйлчлүүлэгчдээ бухимдуулж, татгалзахад хүргээд байна.Та бүхэн тус компанийн “Facebook” хуудсаар ороод үзвэл иргэдийн гомдлоор дүүрсэн байгааг олж харж болно. Тухайлбал, “Интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ, буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлгийг тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх болдог” гэх мэт гомдлууд тоймгүй олон. Бид анх тус компанийн санал болгосон гурвалсан үйлчилгээг авахдаа ухрааж, нөхөж үзэх боломжид нь олзуурхаж байсан. Харамсалтай нь энэ үйлчилгээ жил ирэх тусам муудаж, монгол сувгуудаас нөхөж үзэх боломжтой сувгууд нь гарын арван хуруунд багтах төдий цөөн болжээ.

Юнивишнийхээ гэрээгээ дахин нэг хар

Энэ асуудал дээр нэмэгдээд сүүлийн үед кино сайтуудыг хааж, өөрсдийн төлбөртэй сувгаа үзүүлэхийн тулд эрээ цээргүй аашлаад зогсохгүй монгол сувгуудаар гарч буй Холливудын кинонуудын дүрс бичлэгийг зориуд саарамагжуулж эхэлжээ. Энэ талаар тус компанийн оператор руу залгаж асуухад “Бид оюуны өмчийн хууль зөрчиж, зөвшөөрөл аваагүй хулгайн кино гаргаж байгаа телевизүүдийн киног ингэж байгаа юм” гэх хариултыг өгч байх жишээтэй.
Уг нь ч оюуны өмчийг хамгаалж, дээдэлж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ та бүхэн Юнивишнтэй хийсэн гэрээгээ дахин нэг харвал “Дуу дүрсний өндөр түвшинд телевизүүдийн гаргаж буй зүйлийг дамжуулж өгнө. Өндөр хурдны интернэтийг хэрэглүүлэх болно” хэмээн дурайтал нь заасан байгаа. Түүнээс оюуны өмчийн хууль зөрчиж зөвшөөрөл аваагүй хулгайн кино гаргаж буй телевизүүдийн киног танд үзүүлэхгүй гэсэн нэг ч үг, үсэг, өгүүлбэр гэрээнд байхгүй болохыг харж болно. Тэдний башир аргаар мөнгө олох гэсэн муу аргыг ШӨХТГ илрүүлж, торгууль ногдуулдаг ч хаширна гэж байхгvй.
Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд ШӨХТГ-т тус компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ хийхэд танилцуулж байсан үйлчилгээг үзүүлж чадахгүй, хэрэглэгчийг хохироож байна гэх гомдол ирсний дагуу тус компанид өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт явуулж, дараах зөрчлийг илрүүлж байсан юм.

Ямар, ямар хуулийг зөрчиж байсан бэ?

Тус компанийн сүүлийн гурван жил хэрэглэгчидтэй хийсэн гэрээг хянаж үзэхэд IPTV буюу гурвалсан үйлчилгээний сувгийн мэдээллийг гэрээнд тусгаж өгөөгүй зөрчил илэрсэн байна. Мөн багцын сонголтоос шалтгаалан интернэтийн хурдыг 3-15 Mbps байна гэж зааж өгсөн байна. Гэтэл интернэтийн багцын сонголтоос шалтгаалан хоёрдугаар сарын 1-нээс тодорхой дата хэрэглэсний дараа интернэт хурдыг хязгаарлагдмал болгож өөрчлөх талаар мэдэгдсэн нь анх гэрээ байгуулагдахад хийсэн нөхцөлийг тухайн компани дангаараа өөрчилж байгаа хэрэг юм. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна гэж албаныхан хэлж байсан юм.
Мөн гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно” гэж заасан байдаг ч тэд үүргээ умартсан. Тэгвэл тэд ямар, ямар хуулийг яаж зөрчиж байсныг нь товчхон өгүүлье. Иргэний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.”
• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан … хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, … шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.”
• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх 11.2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.”
• Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн долоодугаар зүйлийн Барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.”
• Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зэрэг хуулиудыг тус тус зөрчсөн нь тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж болохоор байгаа юм.
Ямартай ч тус компанийн иймэрхүү увайгүй үйлдлийг овжноор ашиглаж, өрсөлдөгч байгууллага болох “Skytel” компани 2Mb-ын хязгааргүй хэрэглээг үйлчлүүлэгчдэдээ санал болгосон нь олон ч хүн тус компани руу урвахад хүргэсэн. Тухайлбал, иргэд Юнивишний гурвалсан үйлчилгээг авахын тулд төхөөрөмжийг нь 79 мянган төгрөгөөр суурилуулж, сарын суурь хураамж нь хэрэглээнийхээ хязгаарлалтын хурдаас хамаарч 29 мянгыг төлдөг. Тэгвэл “Skytel”-ийн дөрвөлсөн үйлчилгээ болох “Skу Media”-гийн хувьд 45.500 төгрөгөөс эхэлдэг бөгөөд хэрэглээнээсээ хамаарч өөр өөр байдаг байна.

Юнивишн Оюуны өмчийн газрын ажлыг өмнөөс нь хийдэг болсон уу

Аргаа барсан хэрэглэгчид олон нийтийн сүлжээгээр “Юнивишний гэрээгээ цуцлах уу” гэх хаяг нээж, өөрсдийн үзэл бодлоо ч илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Чинхүү Сонин-Эрдэнэ “Юнивишн нь Оюуны өмчийн газрын ажлыг давхар хашдаг болчихсон юм байх даа?! Ганцхан монголчууд киног зохиогчийн зөвшөөрөлгүй интернэт орчинд байршуулдагүй. Өөр гадны олон орон интернэт орчинд зохиогчийн зөвшөөрөлгүйгээр кино байршуулж, сурталчилгаагаар мөнгө олдог биз дээ. Монголчууд бид бас гадаад хэл мэддэг, өөрсдийн мэддэг гадаад хэлээрээ тухайн орны ямар нэгэн вэб сайтаас кино олоод ойлгоод үзчихдэг биздээ. Хэрэв Юнивишн гэрээндээ заасны дагуу гаргах ёстой монгол сувгуудын эфирийг зүгээр гаргахгүй, дүрсийг нь сарниулаад байвал Юнивишнийг сонгож хэрэглэх шаардлага байна уу? Скаймедиа гэж бас байдаг биз дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байх жишээтэй.
Юутай ч салбартаа тэргүүлэгч гэгдэж байсан Юнивишнийхний бодит байдал нэг иймэрхүү. Хэрвээ тус газар энэ мэтээр иргэдийнхээ халаас руу өнгийвөл 20 мянга гаруй хэрэглэгчийн тал хувь нь боломжийн сонголттой багц руу шилжих нь гарцаагүй. Зах зээлийн нийгэмд аль илүүг санал болгосон үйлчилгээг авдаг нь тогтсон зарчим, үйлчлүүлэгчдийн эрх. Тиймээс Юнивишнийхэн анх зах зээлд хөл тавьж байсан түүхээ эргэн санаж, үйлчлүүлэгчдээ алдахгүй гэвэл энэ мэт увайгүй үйлдлээ засах цаг нь болжээ.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …