Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Тусгай хэлтсийн гурван ажилтан Цэрэнчимэд, Батзориг , Түмэнпүрэв нар хоёр найзын хамтаар “VENUS” бааранд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Н.Ууганбаярыг бүлэглэн зодсны улмаас тэрээр амиа алдаж байсан.Тэгвэл нэр бүхий хүмүүст холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж эхэлсэн юм. Тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хянаж шүүгдэгчдийг дараах зүйл ангиудаар яллахаар болсон байна.Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.2 /Танхайн сэдэлтээр/, 91.2.12 /Онц харгис хэрцгий аргаар/, 181.2.1 /Догшин авирласан/, 181.2.5 /Бүлэглэж үйлдсэн бол гурвааас дээш таван жил хүртэлх хугацаагаар хорино/, 145.1 /Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай байдаг байна. Бүр тодруулбал, Эрүүгийн хуулийн зарим зүйл ангид зааснаар танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж тус шүүх рүү хүргүүлсэн гэсэн үг. Юутай ч шүүгдэгчдэд таван зүйл ангиар ял төлөвлөлөө. Тиймээс шүүх хурлын шийдвэр хэрхэн гарах бол гэсэн хүлээлт олон нийт хийгээд цагдаагийн алба хаагчдын дунд бий болоод байна.
Өмнө нь тус хэргийн шүүх хурал таван удаа хойшилж байсан ч энэ удаад дахин хойшлохгүй гэдгийг шүүхээс анхааруулжээ. Ямартай ч эрүүл саруул явж байсан хүүг нь олуулаа зодсоор байгаад амь насыг нь хөнөөчихсөн учраас тэдэнд зохих ёстой ялыг нь ногдуулах ёстой хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж буй аж. Хэрэг гарсан даруйд нь олон нийтийн зүгээс “Тусгай хэлтсийн ажилтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн шуугиан тарьж байсан ч хэргийн талаарх мэдээлэл хаалттай төдийгүй цагдаагийнхан ихэд нууцлаж алба хаагчиддаа мэдээллийг гадагш нь гаргахгүй байх үүргийг өгч байсан. Шүүгдэгчид тухайн үед тавуулаа байсан бөгөөд энэ удаад нэр бүхий алба хаагчид шүүхээр дэнслүүлж буй юм. Юутай ч санаатай ч бай, санамсаргүй ч бай амьдралд дөнгөж хөл тавьж байсан 22-хон настай залуу танхай балмад алба хаагчдын гарт амиа алдчихлаа. Талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг цагдаагийнхан тухайн үед гаргаж байсан. Харин энэхүү хэргийн мөрдөн байцаалт бүтэн арваннэгэн сарын хугацаанд явагдаж нэлээдгүй олон нотлох баримт, гэрчүүдийг цагдаагийнхан олж тогтоосон гэдэг. Тиймдээ ч прокурорын байгууллагаас дээрх гурван албан хаагчид танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлтээ үйлдсэн. Энэ үйл явдал болсны дараа цагдаагийн алба хаагчдад итгэх итгэл ард олны дунд алдагдаж түгшүүрийн харанга дэлдэж байсан удаатай. Тухайлбал, эл хэрэг гарахаас 15 хоногийн өмнө Налайх дүүргийн зургаадугаар хороо, “Горхи-Тэрэлж” амралтад Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 19 алба хаагч амарч явсан. Ингэхдээ хошууч Х-ийн амь насыг хамт ажилладаг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Ө гэгч хөнөөсөн байдаг. Уг хүн амины хэргийг ЦЕГ-ын даргын зөвлөл ээлжит бусаар хуралдаж Эрүүгийн цагдаагийн газрын дарга Б.Буянтөрийн цалинг 20 хувиар зургаан сар хассан бол тус газрын дэд даргын цалинг 20 хувиар гурван сараар хасаж Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн даргыг ажлаас нь халах арга хэмжээ авах зэргээр л өнгөрч байсан. Түүнчлэн баасан гаригийн хэрэг бямба гаригийн өглөө салбарт нь дуулиан тарьсан ч хэвлэлийнхнээс нууж байсан. Тухайн үед хэрэгтэн шууд хэргээ хүлээж хоригдсон гэх мэдээлэл дуулдаж байсан ч УМБГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэлгүй болж байсан юм. Ямартай ч дугаар шилжих мөчид шүүх хуралдааны шийдвэр гарч тэдэнд дараахь ялыг ногдууллаа. Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, Төмөрпүрэв, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: