Хоёр хоногийн өмнө надтай Францаас нэгэн эмэгтэй холбогдоод “Оогий чи намайг танихгүй байх л даа гэхдээ би чамайг танина. Бид мэргэжил нэгтэй бүсгүйчүүд юм аа.
Би бусад эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг болох зорилгоор, мөн хийгээгүй зүйлийнхээ буруутан нь болж шившигтэйгээр ажлаасаа халагдсаны цаадах жинхэнэ үнэнийг илчилмээр санагдаад өөртэй чинь холбогдож түүхээ хуваалцахаар шийдлээ” гэлээ.
Би ч за тэгвэл Францын цагаар өдрийн нэг цагт видео хийе гэж тохирохдоо ийм сэтгэл эмзэглүүлж, зүрх зүсэм түүх сонсоно чинээ бодсонгүй ээ. Ярилцлага эхлэхээс цаг орчмын өмнө би тухайн бүсгүйн сошиал мэдиа руу орж үзтэл, өндөр нуруутай, гуалиг биетэй, цав цагаан царай бүлтгэр алаг нүдтэй хөөрхөн бүсгүй байна. Бид бүхний мэдэх ТВ9-ын нүүр царай болж явсан Цолмон гэдэг бүсгүй энэ аж.
2006-2012 он хүртэл ТВ9 телевизийн эфирт Өглөө хөтөлбөрөөс эхлүүлэн Үдшийн шивнээ шөнийн хөтөлбөр хүртэл бүх л нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ. 2012 оны 10 сард хүний нөхөртэй явалдсан гэсэн шалтгаанаар ажлаасаа шившигтэйгээр хөөгдсөн байна. Болсон явдлыг сийрүүлбээс:
Ажил хэргийн шугамаар Ш гэх залууг таньдаг болоод 3 жил орчим болж байлаа. Манай ажлынхан бүгд л таньдаг болсон байсан юм. Учир нь манай телевизэд төлбөртэй нэвтрүүлэгт ордог, реклам байршуулдаг нэгэн жижиг бизнес эрхлэгч байсан юм. Гэтэл 2011 онд төлбөртэй нэвтрүүлэгт орчхоод мөнгөө төлөлгүй хэсэг алга болчихсон юм. Би ч тэр хүнийг ингээд худлаа яриад алга болчихлоо, санхүүгийнхан уурлана даа яанаа цалингаасаа нөгөөхийг нь суутгуулчихвий гэж айж байсан юм. Телевизийн цалин ер нь бол бага шүү дээ. Арай чүү л амьдралдаа хүргэдэг гэх үү дээ. Тэгтэл харин азаар нэг хүнээр мөнгө өгөөд явуулчхаж. Тэгснийхээ дараа долоо хоногт манай телевиз дээр ирсэн явж байснаа намайг хараад УУЧЛААРАЙ би өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаад гарж ирлээ.
Зүрх маань хэд хэдэн удаа зогсоод, ганцаараа амьдардаг болохоор үхэх шахсан. Эмнэлэгт зүрхний шигдээсээ эмчлүүлээд нэг сар хэвтсэн гэж байна. Би ч энэ хүнийг бага сага мэддэг учраас гайхаад асуулаа “Хүүе ээ чи чинь эхнэр хүүхэдтэй биз дээ тэр үед чинь байгаагүй юм уу” гээд. Үүний дараа нилээн л юм ярьж суулаа. Нөгөөх чинь эхнэр маань намайг хаяад явчихсан л гэж байна. Нарийн юмыг нь ч асуусангүй. Үүнээс хойш тэр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтлээ.
Над руу залгаж ярьдаг ч боллоо. Би эмнэлэг дээр нь эргэж очсон тэр өдрөөс хойш өдөр бүр эмнэлэг дээр нь хоол цай хийж аваачин, сахьдаг боллоо. Бие нь дээрдэж эмнэлэгээс гарсаны дараа бид хоёр болздог болов. Гэрт нь очлоо. Нээрээ л нэг ширхэг ч эмэгтэй хүний хувцас хэрэглэл алга. Хоёр хөөрхөн хүүтэй гэдгээ ч надад хэлж хамтдаа тэдэнд бэлэг сонгон явсан тохиолдол олоон. Хүүхдийг маань хуучин эхнэр надтай уулзуулахгүй байна гэж уйлж хүртэл ирхэд нь түшээд л сууж байлаа. Бид хоёрын харилцаа улам дотносож хамт амьдарч хүүхэдтэй болох талаар ч ярилцдаг боллоо. Тэр маань хөөрхөн охинтой болмоор байна хайрт минь гэдэг болсон.
Бид хоёрын харилцаа улам дотносож хамт амьдарч хүүхэдтэй болох талаар ч ярилцдаг боллоо. Тэр маань хөөрхөн охинтой болмоох байна хайрт минь гэдэг болсон. Бид үерхээд жил гаран болж байлаа. Нэг нэгнийдээ ирж очин л байдаг байсан юм. Гэтэл нэг л өдөр нэг эмэгтэй над руу ярьж би Ш ийн эхнэр нь байна. Би чамд нөхрөө тийм амар өгөхгүй шүү гэж байна. Би ч бүүр шоконд ороод уучлаарай та хоёр аль хэдийн салчихсан юм биш үү гэтэл чам шиг я тай юу ярихав гээд утсаа салгачихлаа. Тэр үед Ш өвчтэй эмнэлэгт хэвтэж би түүнийг сахиж байгаад дөнгөж ажил дээрээ орж ирээд байсан юм.
Үнэндээ би Ш ийг үхчихвий дээ гэж маш их айж, чадлаараа асарч халамжилж байсан юм. Уул нь тэр эмэгтэйг утсаа салгахаас өмнө би ганцхан зүйлийг хэлж амжсан юм. Үнэхээр өөрөө эхнэр нь юм бол Ш ыг өвчтэй байхад нь хаана байсан юм бэ? Тэр одоо … эмнэлэгт байгаа очоорой гэтэл тэрний үхэх надад хамаагүй харин би чамайг ажилгүй гудманд гарганаа гэсэн юм.
Гэтэл хэдхэн хоногын дараа би ахиад нөгөөх Ш ээ эмнэлэгт сахиж байгаад ажил дээрээ иртэл У гэх эмэгтэй ажил дээр минь ирж Цолмон гэдэг танай ажилтан манай салоноос 3 сая төгрөг реклам хийлгэнэ гэж хэлээд аваад явсан мөн манай нөхөртэй явалддаг, би хоёр хүүхэдтэй үнэхээр хэцүү байна гээд уйлж байгаад явжээ… Би үнэрээр тэр эмэгтэйтэй уулзаж үзээгүй түүнчлэн тийм салон дээр ч очиж үзээгүй юм. Энэ залуутай найзлаад жил гаран болохдоо ч тэр эмэгтэйг хуучин эхнэр нь мөн өөрөө хаяад явчихсан л гэж бодоод явж байлаа.
Энэ асуудлаас болж ажил дээрээ нэр хүнд маань унж, үнэнээ дарга нартаа хэлсэн юм. Захирал болон олон ажилчид надад итгэж байсан ч өөр хоёр дарга маань хөөцөлдсөөр байгаад намайг ажлаас халуулж дөнгөсөн юм.
Удалгүй би жирэмсэн болсноо ч мэдлээ. Миний хувьд энэ залуутай ахиж уулзахгүй эргэж харалгүй орхичихсон байсан үе юм. Гэвч маш эвтэйхнээр өөрийгөө зөвтгөж, цэцэг бэлэг сэлтээр намайг хуурсаар бид хоёр дахин уулздаг болсон юм. Гэвч энэ удаан үргэлжлээгүй ээ.
Охиноо тээгээд зургаан сар болж байлаа. Ш ийн ч ааш зан хувирч эхэллээ…Байсхийгээд л алга болчихно… Би гэдэг хүн том гэдэстэй, хайр халамжаар дутаад сүүлдээ стрэсдэж эхэлсэн. Ийнхүү удалгүй 2013 оны 7 сарын 5ны өдөр би тал цус харвасан юм. Нүүрний баруун тал маань мэдээгүй болж, амьдралд минь харанхуй нөмөрлөө. Энэ үеэс л би Ш ийг дахин хараагүй… Сүүлд бодит үнэнийг мэдтэл Ш ийн хувьд архи маш их хэмжээгээр уудаг үүнийхээ дараа зүрх нь ачааллаа даахаа болиод эмнэлэгт хэвтдэг байсан байгаа юм. Зарим тохиолдолд зүрх нь хаагдаад 3 сек болсны дараа ажиллана. Хэд хэдэн удаа ийм зүйл болж байсан. Тухайн эмнэлгээс нь ч над руу яриад нөхөр чинь үхэх гэж байна яаралтай ир зүрх нь хаагдчихлаа гэж байсан тохиолдол цөөнгүй ээ.
Цус харвасны дараа намайг эмчлэхийн тулд ургийг дутуу ч гэсэн төрүүлнэ гэж эмч нар хэлж байсан ч үзлэг хийсний дараа “Xичээвэл охиноо төрүүлж болно” гэсэн. Харин ургыг эрүүл төрүүлэхийн тулд би заавал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Эх Нялхаст хэвтэх шаардлагатай. Гэвч энд цус харвалтаас болсон нүүрний саажилтыг минь эмчлэх боломжгүй учраас өдөр бүр Гуравдугаар эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх ёстой болсон.
Ийнхүү өдөр бүр түргэний тэргээр Эх нялхсаас Гуравдугаар эмнэлэг рүү эмчилгээндээ явдаг боллоо. Зарим тохиолдолд өөр өвчтөнүүдтэй байхад нь ч дайгдаад явна. Зарим тохиолдолд бие маань их сул үед намайг хэвтүүлээд аваад явдаг байлаа… Наадмын үе байсан юм даг. Гэтэл сайхан Монгол дээлээр гангарсан залуучууд түргэний машинд зай тавьж өгөхгүй жолоочийн өмнөөс салаавч гарган та нар худлаа дохиогоо дуугаргалаа П гэж эмчийг хүртэл доромжилж байхыг сонсож байлаа…
Ямартаа ч ийнхүү хоёр эмнэлгийн дунд хоёр сар гаруй явсны эцэст охиноо эсэн мэнд төрүүлсэн юм даа. Монголын маань эмч нар үнэхээр амьд бурхад юм байна лээ. Үүний дараа нүүрний саагаа ардын эмчилгээгээр эмчилж эхэлсэн. Баруун нүүр маань зүүн талаасаа арай өөр болчихсон (одоо ч тийм). Харин энд Францад ирээд ардын эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа ч эндхийн эмч нарт үзүүлж эм ууж эхэлснээр нүүр маань бага зэрэг дээрдэж байгаа.
Охин маань төрсний дөрвөн сарын дараа өөр нэг эмэгтэй Ш ийн хүүхдийг мөн төрүүлснийг найзуудаас нь мэдэж билээ…
Францад нялх охинтойгоо ирээд амаргүй зүйл их байсаан, кантинарт хүртэл амьдраад даарч, хөрч, өлсөж, цангаж л явлаа… Харин одоо бид хоёр Францад амьдрах эрхээ аваад, ганц бие ээж гэдгээрээ Засгийн газрын дэмжлэгээр сайхан амьдарч эхэлж байна. Тансаг биш ч дулаахан байртай, том биш ч бинзен бага иддэг машинтай, охин маань үнэгүй цэцэрлэгт яваад би харин хүссэн сургуульдаа хичээллээд амьдрал үргэлжилж л байна.
Үнэхээр aмьдрал үргэлжилж болдог юм байна. Ажлын газрын маань дарга эмэгтэй надад хэрвээ итгэсэн бол, найз залуу гэгдэн явсан хуурамч эрийн эхнэр хэрвээ намайг сонссон бол, тогоо шиг гэдэстэй байхдаа хэрвээ би цус харваагүй бол ЭРИЙН ОРОНЦОГТОЙ НАСАА ЭЦЭСЛЭЖ, НУЛИМСАН ДАЛАЙ ДУНД ЯВДАЛТАЙ ЭРИЙН БООЛ НЬ БОЛЖ АМЬДРАХ БАЙСАН БАЙХ.
Амьдрал үргэлжилж болдог юм байна…
Хийгээгүй зүйлийнхээ гэмтэн болж шийтгэгдсэн Цолмонгоос.
Эх сурвалж: Shuurkhai.mn